Байгалийн хязгаарт Хэнтийн оюутнууд суралцаж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Байгалийн хязгаарт Хэнтийн оюутнууд суралцаж байна

Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар болон Өвөр байгалийн хязгаар мужийн Амбан захирагч Р.Ф.Гениатулин нарын 2010 онд байгуулсан эдийн засаг, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах тухай гэрээний дагуу 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн Оросын холбооны улсын Өвөр байгалийн хязгаар мужийн Чита болон Нерченск хотод Хэнтий аймгаас зургаан оюутан мужийн Амбан захирагчийн тэтгэлгээр суралцахаар болсон тухай өмнө мэдээлж байсан билээ. Өнгөрсөн долоо хоногт эдгээр оюутнууд тус тусын сургуульдаа очиж хичээлдээ орсон байна. Тэд 11 дүгээр анги төгссөн учир шууд хоёрдугаар дамжаанаас эхлэн мэргэжлийн хичээлээ үзэж эхлэх юм байна. Эдгээр оюутнуудаас  Чита хотын Уул уурхайн коллежийн  маркшейдрийн ангид Б.Энхгольд, Ц.Уугансарнай,  Соёл урлагийн дунд сургуулийн нар бүжиг, найруулагчийн ангид Б.Боржин, Б.Мөнхжавхлан, тус мужийн Нерченск хотын Хөдөө аж ахуйн техникумын малын эмчийн ангид  Г.Шижирбаатар, Г.Ундраа нар  суралцах юм. Тэдний сургалтын болон  дотуур байрны төлбөрийг Мужийн Амбан захирагч бүрэн хариуцаж байгаа юм.

 Эдгээр оюутнуудыг Өвөр байгалийн хязгаар муж руу аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж сургуульд нь хүргэж өгсөн Д.Ганболд ярихдаа, тухайн сургуулиуддаа анхны монгол оюутнууд учраас сургуулийн удирдлагууд маш халуун дотноор хүлээн авч, сургуулийнхаа аж байдал, анги танхим, дадлагын газар, лабораториудаа танилцуулж байлаа. Эдгээр оюутнуудад зориулж оюутны байрандаа тусгай өрөө засварлан, бүх тавилга, эд хогшлыг шинээр авч тохижуулсан нь тэдний суралцах нөхцөл, боломжийг бүрэн хангахад ихээхэн анхаарсан нь ажиглагдсан. Манай оюутнуудын суралцах сургуулиудын сургалтын материаллаг бааз , суралцах орчин үнэхээр сайн байлаа гэж ярилаа.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж