Сонгуулиар Увсад мөнгө тараасан хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Сонгуулиар Увсад мөнгө тараасан хэргээ хүлээжээ

УИХ-ын сонгуулиар Увс аймагт мөнгө тараасан МАН-аас нэр дэвшигчдэд холбогдох хэргийг ТЕГ шалгаж дуусч, прокурорт шилжүүлэхээр болжээ.

Эх сурвалжуудаас авсан мэдээллээр УИХ-ын референтээр ажиллаж байсан Ш.Чинбат, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох болон бусад мөнгө тараасан этгээд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тарааснаа хүлээжээ. Тиймээс Эрүүгийн хуулийн дагуу тэдэнд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргээр яллах ялын дүгнэлт үйлдээд буй гэнэ. Өмнө нь Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан гэх мэдээллийг Увс аймгийн тагнуулын байгууллага шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлсэн. Тэдний талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг  “Урьд өмнө нь огт ашиглаж байгаагүй луйврын шинэ технологи нэвтрүүлсэн” гэж байсан юм. Учир нь тэд сонгуулиар иргэдийн гэрийг түрээслэж, сонгуулийн штаб болгон ашиглана гэх нэрийдлээр мөнгө тарааж байсныг иргэд үйлдэл дээр нь баримтжуулан холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн билээ. Энэ хэрэгт Б.Чойжилсүрэнгийн дунд сургуульд хамт суралцаж байсан Н.Ариунтуяа гэгч холбогдсон юм. Түүнийг саналыг нь худалдаж авах зорилгоор мөнгө өгөх гэж байхад нь Б.Цэгээ хэвлэл мэдээлэл болон цагдаагийн байгууллагыг дуудан барьж өгсөн. Гэсэн ч тэрээр хэргээс мултарч, өнгөрсөн долдугаар сарын 2-нд Өмнөд Солонгос руу явсан. Тиймээс энэ хэргийг шалгах ажил удааширсан бөгөөд түүнийг эрэн сурвалжилж буй аж.

Дашрамд сануулахад, УИХ-ын 15 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн нарын хүмүүс Тариалан сумын Бургастай багийн Сүүжийн зост гэдэг газарт зусч байгаа нэр бүхий 12 айлын арваар нь орж гэрийг нь түрээслэх нэрээр 100 мянган төгрөг өгөх гэж байсныг иргэд баримтжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Энэ хэргийг 20 орчим иргэд нотлож байгаа учраас мөнгө тараасан этгээдүүд арга буюу хэргээ хүлээжээ.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж