“Есенин Монголд” худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

“Есенин Монголд” худалдаанд гарлаа

Дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Д.Ган-Очир “Есенин Монголд” шинэ номоо өлгийдөн авав. Өмнө нь “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны дор” зэрэг яруу найргийн зургаан ном гаргасан яруу найрагч бээр энэ удаад Оросын уран зохиолын мөнгөн үеийн яруу найрагч Сергей Есениний тухай хоббигоор 20 орчим жил цуглуулсан цуглуулгаараа эмхэтгэн ном гаргажээ. Орос-Монголын харилцааны 100 жилийн ойтой давхцан гаргасан энэхүү номонд С.Есениний тухай Монголын хэвлэлд гарсан шүлэг, орчуулга, намтар өгүүлэл, дурсамж, сонины мэдээ, түүхэн зураг уран зохиолын бүх төрөл жанрын бүтээлүүд багтсан байна.

“Хуурын эгшгээр тэмээ буйлуулж чаддаг нь монголчууд” хэмээн нүүдэлчин бидний тухай өгүүлж байсан энэхүү нэрт яруу найрагчийн “Шагане” шүлгийн зургаа, “Хус” шүлгийн таван монгол орчуулгыг бүлэглэн оруулсан нь зохиолч, яруу найрагч, орчуулагчдад төдийгүй, орчуулга, яруу найраг сонирхон оролддог оюутан залууст хүртэл сонирхолтой байх нь гарцаагүй ээ.

"Есенин Монголд" номонд "Шагане" шүлгийг зургаан янзаар орчуулжээ. Түүнийг номоо гаргасны дараа "Надад өөр хувилбараар орчуулсан нь байгаа шүү дээ" хэмээх хүн ч таарч байгаа гэнэ.

Есенин “Шагане”


Я готов рассказать тебе поле,
Эти волосы взял я у ржи,
Если хочешь, на палец вяжи
Я нисколько не чувствую боли.
Я готов рассказать тебе поле   гэдгийг

Хонгор тал нутгаа ярьж өгье дөө, чамдаа
Хонгортох үс минь тариан түрүү юм шүү!
Хуруундаа бэлзэг болгон ороовол ч ороо доо
Хуйх болоод үсэнд минь гар чинь ер ширүүдэхгүй ээ
Хонгор тал нутгаа ярьж өгье дөө, чамдаа
/Ж.Нэргүй/

Уудам талаа магтмаар байна
Хонгор үс минь тарианаас гаралтай
Хүсвэл чи хуруугаар ороож үзээрэй!
Хэрхэвч би өвдлөө гэж хэлэхгүй
Уудам талаа магтмаар байна
/Х.Хангайсайхан/

Аглагхан талынхаа тухай л хуучилмаар санагдана
Алтан тарианаас үс минь ширхэглэн ургасан
Арван хуруундаа ороож үз л дээ, Шагане минь
Аяс төрхийг чинь дагаж, хуйх минь хөндүүрлэхгүй
Аглагхан талынхаа тухай л хуучилмаар санагдана
/Ж.Дашзэвэг/

Саруул тал чамайгаан ярихад би бэлэн
Шаргал үс минь хөх тарианы долгиотой байгаа
Хүүхэн чи хүсвэл хуруундаа ороо л доо
Хөндүүрлэн өвдөхийг нь ч би хүлцэнэ л дээ
Саруул тал чамайгаан ярихад би бэлэн
/Д.Алтаргэрэл/

Үсний минь өнгө шиг шаргалтан халиурсан
Өргөн талаа үгүйлэн дурсмаар байна
Өөрөө хүсвэл тарианы оронд сүлжээд
Үсээр минь эрхлэн тогловол тогло!
Өргөн талаа үгүйлэн дурсмаар байна
/С.Баясгалан/

Үсний өнгө шиг алтран халиурсан
Өргөн талаа үгүйлэн дурсмаар ба.
Өөрөө хүсвэл тарианы оронд сүлжээд
Үсээр минь эрхлэн наадвал наад даа
/Б.Хишиг-Ундрал/

гэх зэргээр тухайн үедээ нэрд гарч байсан шүлгийг ингэж олон янзаар орчуулж байжээ.

Яруу найрагч Д.Ган-Очир “Есенин Монголд” номоос гадна тун удахгүй өөрийн дөрөв дэх “Хайрын улирал” шилдэг дууны цомгоо үзэгч, сонсогчдодоо толилуулах гэж байна.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж