E ХЭСЭГ:
Багууд: "Челси" (Англи), "Шахтер" (Украйн), "Ювентус" (Итали), "Нордшелланд" (Дани)
Хэсгийн өрсөлдөөн:
-Энэ хэсэгт өөрийн улсын гурван аварга, Аваргуудын лигийн аварга боловч өөрийхөө улсын аварга шалгаруулах тэмцээнд дөнгөж зургадугаар байр эзэлсэн дөрвөн баг өрсөлдөнө.
-“Челси”, ”Ювентус”-ыг Аваргуудын лигийн 2008/2009 оны 1/8 шигшээд хожсон.
ТУРИНЧУУД ХАРИУГАА АВАХ БОЛОВ УУ?
-Шахтер дээр үед, УЕФА-ын цомын тэмцээний 1/8 шигшээд “Ювентус”-тай таарсан нь тэдний албан ёсны хамгийн сүүлчийн уулзалт юм. Энэ бол 1976/1977 он байлаа. Шахтер гэртээ 1:0 –р хожсон боловч,зочлон очоод 0:3 –р ялагдсан юм.
-Хэсгийн бусад баг Нордшлендтэй Евроцомд нэг ч таарч байсангүй. Тэгээд ч энэ баг ердөө 20 гаруйхан жилийн өмнө л байгуулагдсан юм байна лээ.
“ЧЕЛСИ”
Дуудлага: Цэнхэрүүдийнхэн, Тэтгэвэрийнхэн, Язгууртнууд
Дасгалжуулагч: Роберто Ди Маттео(Итали)
Зуны хохирол: Дидье Дрогба (Шанхай Шеньхуа)
Зуны олз: Эден Азар (Лилль)
Аваргуудын лигт үзүүлсэн дээд амжилт: Аваргуудын лигийн аварга. Хэзээ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.
Багийн хүчин чадал:
Аваргуудын лигийн аварга гэдэг нь л ямар баг гэдгийг хэлээд өгнө. Ердийн баг Барселоныг ялалтын замаас нь хазайлган онхолдуулж, Баварийг төрөлх цэнгэлдэх хүрээлэнд нь шигшээ тоглолтонд буулган авч чадахгүй нь тодорхой. Тэгээд ч Лондончууд улирал хооронд бүр хүчирхэгжсэн. Лондончуудын жанжин, олон жилийн лидер Дрогба төдийгүй Эссьен, Мейрелеш, Босингва нар багаа орхин одсон ч, Ди Маттеогийн олсон нь алдсанаасаа давж гарах нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд тодрон гарсан залуу шилдгүүдийн манлай Эден Азар, олны найдварыг хүлээж буй Бразил хагас хамгаалагч Оскар, бөмбөгдөгч Виктор Мосес, дээр нь Аспиликуэт, Марин нар. Эд хэдий залуу ч, дайны утаа үнэрлэчихсэн, хэрийн зүйлд өвдөг нь чичрэхээ больсон эрс. Ийнхүү улирал хооронд “Челси” мэдэгдэхүйц залуужсан болохоор “Тэтгэврийнхэн” гэдэг хоч тохирохгүй нь лавтай.
Бид шинэ улиралд Ди Маттеог 2 давхар автобусны жолооны ард бус, харин спорт, эсвэл уралдааны машины сандал дээрээс харах боллоо.
Багийн сул тал:
УЕФА-ийн Суперцомын тоглолт хүртэл “Челси” Английн премьер лигт ялалтын цувралаа үргэлжлүүлэн, хөгжөөн дэмжигчдээ гонсойлголгүй ирсэн. Гэвч сул талыг нь харуулж өгсөн Мадридын Атлетикод талархал илэрхийлье. Тэд л “Челси”-ийн Итали дасгалжуулагчид шинэ багтайгаа ажиллах зүйл их байгааг ойлгуулсан. Ялангуяа, хамгаалалт, түүнтэй зэрэгцүүлэн ажиллах, довтолгоонд шилжих тал дээр сайн ажиллах ёстой.
Ювентус, Шахтер гэсэн өрсөлдөгчтэй үед “Челси”-ийн тактик хэт тодорхой байж болохгүй. Ялангуяа хурдан хөлт хагас хамгаалагчидтай Шахтерынханд олзлогдож болзошгүй. Луческугийн багийн тоглолтын тэсрэлттэй хэв маяг хүндрэл учруулах вий.
Багийн лидер:
Өнгөрсөн улиралд Челсигийн лидерийн тэнхлэг “Чех – Терри – Лэмпард – Дрогба” гэсэн бүрэлдэхүүнтэй байсан бол, одоо 1 нэрээр цомхон болсон. Хаалгач – хамгаалагч – хагас хамгаалагч гэсэн гурвалаас хэн нэгнийг нь онцгойлох боломжгүй.
“Челси”-ийн хувьд гурвуулаа орлуулшгүй, чухал тоглогчид. “Камп-Ноу”-д болсон хагас шигшээгийн тоглолтонд тэнэг үйлдлээсээ болон талбайгаас хөөгдсөн Терригийн үүргийг багасгаж бодох хүмүүс байж болох.
Гэвч хувцас солих өрөөнд Жон Терри босс гэдгийг мартаж болохгүй. Тэр бүү хэл Ди Маттео ч тэдний нэг байж болох талтай.
Таамаглал: Мэдээж хэсгээсээ 1-р гарна биз дээ.
“ШАХТЕР”
Дуудлага: Уурхайчид, Сохор номин
Дасгалжуулагч: Мирча Луческу (Румын)
Зуны хохирол: Евгений Селезнев (Донецк-Днепропетровск)
Зуны олз: Марко Девич (Металлист)
Аваргуудын лигт үзүүлсэн дээд амжилт: 2010/2011 оны ¼ шигшээ.
Багийн хүчин чадал:
Туршлагатай, зальтай дасгалжуулагч, гүйцэтгэл сайтай тоглогчид бүхий бүрэлдэхүүн, хөлбөмбөгийн ертөнц дэх имиж, хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй, нөлөөтэй эзэн, сайхан стадион, үнэнч хөгжөөн дэмжигчид. Энэ бүхэн “Шахтер”. Сүүлийн 10 жилд Европын дундаж багаас хуучин Ертөнцийн жинхэнэ шилдэг нь болж тодорч чадсан. Уурхайчдын хүчин чадлын бат нотолгоо нь Луческу улирал хооронд солилцооны үйл ажиллагаанаас бүр мөсөн татгалзсан явдал. Румын мэргэжилтэнд хамгийн жинтэй шагналын төлөө тэмцэх баг нэгэнт бүрдчихсэн шүү дээ. Дээр нь олон тоглогчид үнэхээр сайжирч байгаа нь дэм болох нь дамжиггүй.
Бас нэг давуу тал бол тус багийн өрсөлдөгчид. Өрсөлдөгчид хэдийчинээ хүчтэй байна, Луческугийн залуус төдийчинээ илүү тоглодог нь баримт.
Багийн сул тал:
Хамгаалалт тааруу. Румын дасгалжуулагч клубын эрхэм ерөнхийлөгчтэй тохиролцон энэ шугаманд чанартай легионеруудыг баяртайгаар худалдан авч болох хэдий ч, Украйны премьер лигт хүчин төгөлдөр үйлчилж буй хязгаарлалтын хүрээнд даанч боломжгүй. Уурхайчдын хамгаалагчдын төвшин нутгийнхаа дотоод амжилтанд хангалттай боловч, олон улсын дэвжээнд тулалдах хэмжээнд арай л хүрээгүй болов уу.
Тоглогчдын ааш, аяг гэж нэг хүчин зүйл бий. Шахтер – дээд төвшний баг боловч, багийн цусыг байнга сэлбэх хэрэгтэй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Хамт олондоо олигтой ач тус авчраагүй тоглогчдыг өөр баг руу явуулах хэрэгтэй. Гэхдээ тухайн тоглогчид өөрсдөө үүнийг хүсэх нь хамгийн чухал. Даанч ийм зүйл сүүлийн жилүүдэд тун ховор тохиолдож байгаа нь өөрөө өөрийгөө хорлоод байгаа юм. Шинэхэн жишээ бол Виллиан. Бүхэл зуны турш Английн премьер лиг наймаалцсан боловч Бразил эрийг Англи руу явуулахгүй талаар бүх хорыг Донецкт хийсэн гэж болно. Өөрт нь саад болсон багтаа Виллиан хэрхэн тоглох бол?
Багийн лидер:
Хорват эр Дарио Срна бол Жон Терригийн зиндаанд очно. Тэрбээр өөрийн үүргээ дэндүү хангалттай гүйцэтгэдэг. Шигшээ багтаа хамгаалагч гэхээс хагас хамгаалагчийн ажлыг гайхалтай хийдгийг бүгд мэднэ. Багийн уур амьсгалыг тогтоон барих, хамтрагчдаа удирдах, хүнд үед ч үл шантрах түүнтэй эн зэрэгцэх тоглогч “Шахтер”-т байхгүй.
Хорват эрд багаа сольж, өөр хүчтэй лигт тоглох санал цөөнгүй ирж байсан ч, (Реал, Челси) Срна лидер гэдгээ харуулан багтаа үнэнч үлдсэн билээ. Тухайн үед удирдлага болон дасгалжуулагчийн саналыг мэдсэний дараа шийдвэр гаргана гэж мэдэгдэж байсан юм. Жинхэнэ ахлагч гэдэг л энэ дээ.
Таамаглал: Сүүлчийн тойрог дуустал 2-р байрын төлөө улайртал зүтгэх болно.
“ЮВЕНТУС”
Дуудлага: Хөгшин ноён, Бянконери
Дасгалжуулагч: Антонио Конте, эрхийг хассан шалтгаанаар Массимо Каррера орлоно.
Зуны хохирол: Алессандро Дель Пьеро (Сиднэй)
Зуны олз: Исло (Удинезе), Жовинко (Парма)
Аваргуудын лигт үзүүлсэн дээд амжилт: 1984/1985, 1995/1996 -улирлын 2 удаагийн аварга
Багийн хүчин чадал:
Багийн амжилт оргил хэмжээнд байсан гэж хэлэхгүй ч “Сери А”-д түрүүлж чадсан. Контегийн багийн хамгийн чухал зүйл бол, өнгөрсөн улиралд Италийн аварга шалгаруулах тэмцээнд 38 тойрог тоглохдоо хаалгандаа ердөө 20-хон бөмбөг алдаж, нэг ч хожигдолгүй түрүүлсэн явдал билээ. Амжилтын үндэс нь хамгаалалт гэж хэлэхэд болно. Довтолгооны үед бөмбөгөө алдах агшинд л Ювентусын хамгаалалт эхэлдэг. Өрсөлдөгчийн хүчин чадал, хэв маягаас үл хамааран, Ювечүүд тэдэнтэй зохицон өөрийн тоглолтоо хийж чаддаг. Уг нь Туринчууд “Барселона”-тай нэг хэсэгт орсон бол үнэхээр үзүүштэй тоглолт гарах байсан даа.
Багийн сул тал:
Сүүлийн улирлуудад Аваргуудын лигт ховорхон үзэгдэх болсон нь “Хөгшин ноёд”-ын сул тал юм. Аваргуудын лиг бол шилдэг багууд байнга оролцож, өрсөлдөгчдөө нүүр тулж мэдрэх ёстой, Европын хамгийн чухал тэмцээн болохоор, ноёдын хувьд энэ талаар Уурхайчдаас ч дутуу гэхэд болно. Мөн Антонио нэгэн ярилцлагандаа: Би тоглолтын үед хөлбөмбөгчидтэйгөө байнга холбоотой байхыг хүсч байна. Би тэдэнтэй үргэлж хамт гэдгийг сонсч, мэдэх ёстой гэж мэдэгджээ. Гэвч тоглогчидтой холбоотой байж чадах нь юу л бол. Учир нь ФИФА, УЕФА-аас Контегийн эрхийг хассан нь үндэслэлтэй гэж үзсэн шүү дээ.
Ювентусын сүүлийн жилүүдийн гол асуудал нь довтлогч болоод байгаа билээ. Туринд зуны турш Ван Перси, Льоренте нарын талаар яриа өрнөсөн боловч, үр дүн гарсангүй.
Бендтнерт найдах нь аз туршсан хэрэг болох байх. Яквинта, Матри нарын тоглолт ч тогтвортой биш шүү дээ.
Багийн лидер:
Буффон. Зарим хүмүүс Пирло гэж магадгүй. Гэхдээ Жанлуйжи бол “Ювентус”-ын лидер төдийгүй, энэ клубын түүхийн салшгүй хэсэг, түүхэн бодгаль юм. Тоглолтыг уншиж, зөв байрлал сонгож чаддаг гэхчлэн энэхүү хаалгачийн талаар ихийг өгүүлж болно. Гэхдээ Буффоны хувь хүнийх нь чанарт анхаарал хандуулах нь хамгийн зөв болов уу. Жи Жи-д Европын голлох клубуудээс санал хөвөрч байхад, зөвхөн хар-цагаан өмсгөлдөө үнэнч үлдсэн билээ. Түүний хэлсэн ганц өгүүлбэрийг иш татахад л, Буффон хэн болох нь бүхэнд илэрхий болно. “Манай баг Сери Б-д унахад би Туриныг орхиогүй. Та нар намайг мөнгөнөөс болж Ювентусыг орхино гэж бодоогүй биз дээ”. Ийм л хүн дээ.
Таамаглал: Шахтертай яг адил.
“НОРДШЕЛЛАНД”
Дуудлага: Зэрлэг барс
Дасгалжуулагч: Каспер Хьюлманд
Зуны хохирол: Андреас Белланд (Твенте)
Зуны олз: Жошуа Жон (Твенте)
Аваргуудын лигт үзүүлсэн дээд амжилт: Анх оролцож байна.
Багийн хүчин чадал:
Багийн давуу талаар бичихэд хүндхэн л байна. Европын цомын тэмцээнд ороод байдаггүй баг. Данийн аварга шалгаруулах тэмцээн ч сонирхол татах зүйлээр бага. Ер нь Данийн лигийн хөлбөмбөг гэж юу сан билээ? Тэнд Копенгаген гэж байдаг. Аваргуудын лигийн плей-оффт шалгарч, Казанийн “Рубин”-ыг мулталж дөнгөсөн. Тэгэхээр лоик дүгнэлт хийж үзье. Өөрийнхөө лигт Нордшелланд Копенгагений өмнө гишгэсэн болохоор, дор хаяхад Копенгагенаас муугүй гэсэн үг. Тэгэхээр Челси, Ювентус, Шахтер багууд “Зэрлэг барс”-тай болгоомжтой л үзэх хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ?
Багийн сул тал:
Энэ бол ердөө Данийн аварга шалгаруулах тэмцээнийг л төлөөлж буй баг. Өндөр төвшний тоглогч даанч алга. Гэхдээ яах вэ? Жаахан ч гэсэн туршлага хуримтлуулсан ганц нэг тоглогч байна. Багийн ахлагч Николай Стокгольм шигшээ багтаа 3 тоглолт хийсэн бол, хагас хамгаалагч Миккель Бекманн 7 тоглолт хийжээ. Бид одоогоор сонсоогүй ч, чухам энэ л улирлын Аваргуудын лигээс тодрох ирээдүйн одод байж болох л юм.
Жишээ нь: ах дүү Лаудрупуудын хамгийн авъяаслан нь болох – Андреас.
Тэгэхээр ямар нэг боломж гарвал Нордшелланд Аваргуудын лигийн 2012/2013 оны улирлын E хэсгийн ”цагаан хэрээ” болж ч болох юм. Гагцхүү өөрсдөөс нь шалтгаална.
Багийн лидер:
Багийн ахлагч Стокгольм, хамгаалагчид болох Окоре, Мтилига нар(арьсны өнгө, овог нь өөр ч 2-лаа Дани эр), мөн Бекманн, Лорентцен нарын хагас хамгаалагч нар багтаа их нөлөөтэй. “Твенте” –ээс зээлээр ирсэн Голланд эр Жошуа Жон “Твенте” –руу явсан Андреас Белландын хэлцлийн нэг хэсэг нь болсон билээ. Жон энд ирээд 4 тулаанд 6 гоол хийсэн нь, шинэ багт ирсэн тоглогчийн хувьд үнэлүүштэй үзүүлэлт. Тэгэхээр Лондон, Турин, Донецкийн хамгаалагч нар залууг анхаарлаасаа гадуур орхиж болохгүй л болов уу?
Таамаглал: Ядаж ганц оноо, хэн нэгнээс нь авч чадвал их л сайн зүйл болох юм даа. Амжилт хүсье.
Эх сурвалж: www.sportbox.mn