Тэрбээр айлчлалын хүрээнд 10 дугаар сарын 22-нд Вена хотноо ажиллаж, НҮБ-ын төвийн Ерөнхий захирал бөгөөд Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Гүйцэтгэх захирал Ю.Федотовтой уулзан тус байгууллага болон Монгол Улсын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэн өргөжүүлэх, түүний дотор хуурамч эмийн наймаатай тэмцэх талаар хамтарсан судалгаа гаргах тухай ярилцлаа.
Өмнө нь тус улсад Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн сайд айлчилж хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу энэ чиглэлээр илүү ахиц дэвшил гаргах нь зүйтэй болохыг талууд тохиролцов. Мөн Авлигын эсрэг олон улсын академийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх боломжийг хөндөж ярилцлаа.
Сайд Л.Болд мөн Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий захирал Ю.Амано, ЕАБХАБ-ыг энэ жил даргалж буй Ирланд Улсын Элчин сайд И.О’Лиари нартай тус тус уулзлаа. Ю.Аманотой ярилцахдаа Монгол Улсаас цөмийн салбарт явуулж байгаа бодлогыг тайлбарлаж, тус Агентлагаас хорт хавдартай тэмцэх, малын гоц халдварт өвчний эсрэг вакцины лаборатори байгуулах, зарим төрлийн вакцин үйлдвэрлэх чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцсон байна. Мөн уран болон цөмийн технологийн талаар олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх тухай ярилцав.
Гадаад хэргийн сайд ЕАБХАБ-ын төв байранд айлчлах үеэр Элчин сайд И.О’Лиари тус байгууллагад Монгол Улсыг элсүүлэх асуудлаар хийгдэж буй яриа хэлэлцээний явцын талаар мэдээлсэн байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.