Талцлын бай 26 дугаар тойрог

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Талцлын бай 26 дугаар тойрог

УИХ-ын
10 дугаар тойргийн сонгуулийн дүнгээс үүдэн улс төрийн хоёр том хүчин
“цусгүй дайтаж” эхэл­лээ. СЕХ хэт улстөржсөн, огцом шийдвэр гаргаж, тэр
нь шүүхийн шийдвэртэй урд, хойноо оролцон эцэстээ сон­гуу­лийн дүнг шүүх
гаргах уу, эсвэл СЕХ шийдэх үү гэдгийг нь төр ч хэлж мэдэхээ болив. Энэ
бүхэн хууль тогтоох бай­гууллагынхан баталсан хуу­лиа уншиж үзэхгүйгээр
кноп дараад байдаг юм болов уу гэсэн эргэлзээнд хөтөлж олон нийтийн
дургүйцлийг төрүүлж буй. Тэгвэл сонгуультай холбоотой эл маргаан зөв­хөн
аравдугаар тойргоор төгсөхгүй бололтой. Учир нь УИХ-ын сонгуулийн 26
дугаар тойргийн дүнтэй холбоотой бас нэг маргааныг өнөөдөр  Захиргааны
хэргийн шүүхээр хэлэлцэхээр товлосон.

Сануулахад, өнгөрсөн долоо
хоногийн мягмар гарагт болсон шүүх хуралдааны өмнөхөн нэхэмжлэгч тал
болох Л.Эрхэмбаярын зүгээс шүүхэд хандан УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Зам
тээврийн сайд А.Гансүх нарыг гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан юм билээ.
Харин хариуцагч тал болох тус тойргийн хорооны дарга М.Баасандоржийн
зүгээс тойргийн хороог дахин хуралдуулж санал хураалтыг баталгаажуулах
хүсэлт гаргажээ. Гэвч хоёр цаг гаруй хуралдсан шүүгчдийн бүрэлдэхүүн
“Талуудын гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэр гар­гажээ.
Хэдийгээр хариуцагч тал энэ шийдвэрт гомдолгүй гэсэн ч нэ-хэмжлэгч тал
шүүхийн тогтоолтой үг, үсэг бүрчлэн танилцаж байж гом­долтой эсэхээ
хэлнэ гээд өнөөдрийг хүртэл хойшлуусан.

Өнөөдөр Л.Эрхэмбаярын
зүгээс ямар шийдвэр гаргасныг шүүх сонсоод цаашид хэрхэхээ шийдвэр­лэнэ.
Гэвч улс төрийн нөхцөл байдлаас харахад шүүх дээрх асуудалд бодитойгоор
хандана гэхэд итгэхэд бэрх болоод байна. Санал хураалт хаяанд ирчихээд
байгаа энэ өдрүүдэд СЕХ-ны өнөөгийн удирдлагууд хараат бусаар шийдвэр
гаргаж чадах эсэх нь тун эгзэгтэй, эргэлзээтэй байгаа юм. Үүнийг УИХ-д
хамгийн олон суудалтай хоёр намыг, цаа­шилбал ард түмнийг талцуулж
буйгаас бэлхнээ харж байна.

Хэрэв УИХ дахь МАН-ын гишүүдийн
барьсан урианд бич­сэнчлэн үнэхээр “АН-ын СЕХ” сон­гуулийн маргааныг
эцэслэн шийд-вэрлэхэд хүрвэл Л.Эрхэмбаяр өөрийн зохиосон “43 дугаар
тогтоол”-оор ялалт байгуулах биз. Үүнд түүний гэрчээр дуудагдсан нэр
бүхий эрхмүүд ч хувь нэмрээ оруулах нь лавтай. Харин хуулиа баримталж
дээрх гэрчүүд “УИХ-ын сонгуулийн тойргийн маргаантай асуудалд гэр­чээр
оролцохыг зөвшөөрөхгүй гэчихвэл шүүх асуудлыг шийдэх болж байна. Гэтэл
шүүх бас “АН-ын талд ажиллаад байна” гэж МАН-ын гишүүд, тэр тусмаа
тулхтай хуульчид хатуу шүүмжилж буй. Тэр ч байтугай ХЗДХ-ийн сайдаар
гурвантаа томилогдон ажилласан Ц.Нямдоржийн амнаас энэ үгийг сонссоноос
хойш “Үнэхээрэ бид хуульгүй улсад амьдраад байгаа юм болов уу” гэж
бодогдох болсон шүү.

Тэгэхээр шүүхэд найдана гэдэг Өвөрхангайн
тойргийн маргааны “завхарал”-ыг давтана гэсэнтэй адил болчихоод байгаа
юм. Ер нь сон­гуулийн дүнг шүүх гаргадаг бол сонгогчдын саналыг тойргийн
хорооныхон тоолоод ажиглагчид оролцоод, нэгдсэн дүнг СЕХ, улмаар
Ерөнхийлөгчид танилцуулаад байх хэрэг байна уу. Дээрх хүмүүс шат
шатандаа цалин авч ажилладаг. Энэ төсвийг хэмнээд автомат машины дүнг
Захиргааны хэргийн шүүхэд өргөн барьчихвал яасан юм бэ. Тэгээд
Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн алхны тогшилт, Улсын Дээд шүүхийн
шийдвэрээр сонгуулийн дүнг гаргаж байхаар Үндсэн хуульд өөрчлөлт
оруулчих хэрэгтэй. Эс тэгвээс бодит байдал дээр хууль зөрчөөд байна.

Ямартай
ч одоо харагдаж байгаа дүр зургаар бол 26 дугаар тойргийн тухайд
Захиргааны хэргийн шүүх асуудлыг шийдэх аж. Хэрэв нэхэмжлэгч
Л.Эрхэмбаярын зөв болж 43 дугаар тогтоол зүй ёсны тог­тоол мөн гэдэг нь
нотлогдвол 48 дугаар тогтоолыг баримтлан Д.Тэрбишдагва, Л.Эрдэнэчимэг
нарыг УИХ-ын гишүүний бүрэн эр­хийг олгосон СЕХ, Монгол Улсын
Ерөнхийлөгч хүртэл буруудна. Сонгуулийн тухай хуульд ингэж л заасан.
Харин СЕХ, Ерөнхийлөгчийн хүлээн зөвшөөрсөн байдал алдаагүй бол 43
дугаар тогтоолоо дагах ёстой.

Ийм л хоёрдмол утгагүй, төгс хариуг
шүүх гаргах учиртай. Хэрэв Өвөрхангайн тойргийнх шиг эргэж буцсан
шийдвэр гаргавал МАН, АН-ын гишүүдийн дараагийн “тэмцлийн” сэдэв нь
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог болох нь тодорхой. Ингэснээр УИХ-ын
гишүүд төсвөө ч батлахгүй, хуулиа ч хэлэлцэхгүй сонгуулийн маргааныг
эцэслэн ший­дэж, намаасаа нэр дэвшигчийг бат­ламжлуулахын төлөө
тэмцэлдэж ордныг гороолон жагсаж, эсвэл УИХ-ын чуулганы танхимыг
“диванаар хааж” сонгогчдыг хохироосон хэвээр байх болно.

Дахин
санал хураалт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Хэрэв нэр
дэвшигч Л.Эрхэмбаяр хуулиа хүндлэх чин эрмэлзэлтэй, улс орны эрх ашгийг
боддог л бол энэ удаагийн санал хураалтаар сонгогдох эрхээ олж яагаад
болохгүй гэж. Түүнийг УИХ-д оруулж ирэхийн тулд нам нь сүр хүчийг үзүүлж
СЕХ-нд нөлөөлсөн гэх нэр зүүж, шүүх ч түүний талд ажилласан гэж
хардагдан нэр хүнд нь унаж мэдэх юм. Ерөөсөө тэгж харагдах үндэслэл
Өвөрхангайн тойргоос тодорхой харагдаж байна. Тэгээд ч сонгогчид
Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарыг УИХ-ын гишүүнээр сонгох гэсэн болохоос
шүүхийн өмнө ялж, ялагдаасай гэж саналаа өгөөгүй шүү. Үүнийг хатуу санаж
сонгогч­доо хүндэтгэх нь зүйтэй болов уу.

У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж