Инфляцитай тэмцэх шинэ “модель”-оо батлав

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Инфляцитай тэмцэх шинэ “модель”-оо батлав

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн бямба гарагт инфляцийн эсрэг аян дайнд мордож эхний таван “сум”-аа тавихаар зэхэж буйгаа зар­ласан. Тэдний гол “зэвсэг” нь дунд хугацаанд “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг буу­руулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн дэд хөтөлбөрүүд юм. Харин өчигдөр Засгийн газрыг төлөөлөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкийг төлөөлж тус банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар харилцан ойл­голцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн гол ач холбогдол нь дунд хугацаанд инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах үндсэн зо-рилтыг хангах зорилгоор гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэг­жүүлэхэд орших аж.

Уг хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг Засгийн газар, Монголбанк зөвшилцөж сонгох бөгөөд дээрх хоёр тал хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах юм бай­на. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийт санхүүжилттэй тэнцэх дунд хугацааны үнэт цаасыг Засгийн газар ирэх оны эхний улиралд багтаан гаргах юм. Харин Монголбанк Засгийн газрын үнэт цаас гаргах хүртэлх хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдвэрлэх бөгөөд тухайн үнэт цаасны хүүгийн зардал бага байлгах нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээжээ.

Дээрх санамж бичгийг бай­гуулс­наар хөтөлбөрт онилсон шатахуун, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, барилгын материал гэсэн гурван төрлийн бараа, үйлчилгээний үнийн огцом өсөлтийн үед хэрэглэгчдэд учрах ачаалал, нөлөөллийг буу­руу­лах механизм, зах зээлийн зохицуулалтыг бий болгосон байна.  Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасан инфляцийг нэг оронтой тоонд барих зорилгынхоо төлөө Засгийн газар, Монголбанк нягт уялдаатай хамтран ажиллах болж байна. Хамгийн гол онцлог нь дээрх зорилгодоо хүрэхдээ хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд мөнгөний бодлогоор дэмжлэг үзүүлэх, эрсдэлтэй цэгүүд дээр төрөөс хэзээ, ямар зохицуулалтыг хийх нь тодорхой болж байгаа юм. Төрийн зохицуулалт гэдэгт зарим шат дамжлагыг хөнгөвчлөх, зардлыг бууруулах, шаардлагатай цэгүүд дээр хяналтыг сайжруулах зэрэг олон талт ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Дашрамд дурьдахад Монголбанк эрэлтийг хангах талаас үүргээ бие­лүүлж байгаа ч нийлүүлэлт талаас нь хяналт тавих эрх мэдэлгүй байдаг. Гэтэл нийлүүлэлт эмх цэгцгүй байгаа нь хүндрэл учруулж Монголбанкныхны авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг устгачихаад байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн зөв­лөлийн хуралдааны үеэр онцгой сэдэв болон яригдсан юм. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгчийн зөв­лөх, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Д.Ган-Очирын “Монгол Улсын эмзэг байдлын үнэлгээ” сэдэвт илтгэл салбарынхаа мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. Тэрбээр МУИС-д эдийн засгийн онол, эрх зүйн чиг­лэлээр, Австралийн үндэсний их сургуульд олон улсын болон хөгжлийн эдийн засгийн чиглэлээр өндөр боловсрол эзэмшсэн юм билээ.

Түүний илтгэлийн гол сэдэв нь “Төсөв харьцангуй тогтвортой тоо­гоор илэрхийлэгддэг бол мөн­гөний бодлого өөрчлөлт ихтэй байдаг. Инфляцийг нөлөөлөх хүчин зүйлүүд, тодорхой бус эрсдэлүүдийн хамт тооцож төсөөлж байгаа. Мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагааны ил тод байдлыг Монголбанк хангаж ажиллана. Ханшаар улс төр хийх нь зохимжгүй. Санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлнэ. Монголбанкны одоогийн бүтэц зохисгүй, бие даасан байдлыг нь хязгаарласан байгаа. Иймээс удирдлагын бүтцийг өөрчлөх, бодлогын зөвлөлтэй болох хэрэгтэй байна. Ингээгүйгээс мөнгөний бод­логод зориулах цаг анхаарлаа засаг­лалын ажилд зарцуулаад байна. Монголбанк хамтын шийдвэр гар­гадаг болох, Монгол Улс эдийн засгийн бүтцээ олон чиглэлтэй байдлаар өөрчилмөөр байна. Монголын эдийн засгийн төрөлхийн эмзэг байдал нь төсвийн, мөнгө, ханшийн эмзэг байдлыг бий болгож, аль ч салбарт хүндрэл үүсгэж байна” хэмээсэн нь онцгой анхаарал татсан.

Мөн УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал “Монголбанк эрэлт талаа зохицуулаад явна, нийлүүлэлт дээр хөдөлж чадахгүй байна гэж хэлэхийг та бүхэн сонссон. Бид мэдсээр байж юу ч хийхгүй байна. 2013 оны төсвийг хар. Тэнд улс орны эдийн засгийн амин чухал асуудлууд тусаагүй байна. Тухайлбал эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэрийн асуудал тусгагдаагүй. Гэтэл одоо цахилгааны хязгаарлалт хийгээд эхэлчихсэн байгаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асууд­лыг хар. Эрэлт, нийлүүлэлт авцал­дахгүй байна” хэмээсэн юм.  Ямартай ч УИХ, Засгийн газрын төлөөлөл Санхүү эдийн засгийн зөвлөлтэй хамтран хуралдсаны үр дүнд Засгийн газар, Монголбанк бараг анх удаа гар, сэтгэл нийлэн асуудлыг шийдэхээр болж байна. Хөтөлбөр нь бэлэн,санхүүжилт нь тодорхой, зорилго нь нэгдмэл байгаа хойно дээрх санамж бичгийн дагуу Инфляцийн эсрэг багц хөтөлбөр үр дүнгээ өгөх нь тодорхой.

Мөн дээрх хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж “Уул уурхайн баялгаа амжилттай ашиглаж буй Норвеги мэт орнуудад нийт салбарын хувьд 10, 20 хувийн орлогын албан татвар ногдуулахын зэрэгцээ уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол 50, 20 хувиар нэмж авч байна. Манай улс яагаад ингэж болохгүй гэж. Гэсэн атал манай экспортын 90 хувийг уул уурхай эзэлж байна. Хамаг алт, зэс, нүүрсийг зөөгөөд гарч буй эдгээр компани НӨАТ-аас бүгд чөлөөлөгддөг. Энэ агуулгаараа Оюу толгой компани төсвөөс НӨАТ-ын буцаан олголт нэрээр санхүүжилт авч байна. Монгол Улс НӨАТ-ын буцаан олголтоор уул уурхайн компаниудад сүүлийн хоёр жилд 300 тэрбум төгрөг өгсөн гэсэн баримт байна. Манай улсын аж ахуйн нэгжийн 94 хувь нь 100 сая төгрөгөөс доош орлоготой бөгөөд нийт ажиллагсдын 80 хувь нь энд байна. Эднийг буюу жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого үгүйлэгдсээр байна. Энэ яагаад шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт татварын бодлогын нэг гол хэсэг болоод орж болдоггүй юм бэ.

У.ОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж