Норвеги маягийн дурлал

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Норвеги маягийн дурлал

Норвеги хамгийн аз жаргалтай улс. Норвеги хамгийн баян улс. Норвеги хүний эрхийг дээдэлдэг. Норвеги өндөр хөгжилтэй загвар  орон. Норвегийн байгаль гайхалтай. Норвеги… Норвеги…. Норвегид л амьдрахсан… Яаж  Норвеги явах вэ… За нэг иймэрхүү шүтэн биширэгч олонтой тэр улс үнэхээр сайхан юмаа. Хөгжил нь үнэн байна. Хүний эрхийг  ч дээдэлдэг юм байна. Амьдарахад хамгийн таатай орноор дэлхийд шалгарсан байна. Хүүхэд, хүүхэн нохой гурвыг хамгийн ихээр эрхлүүлдэг  юм байна.  Засгийн газар нь 17 танхимтайгаас 10 нь эмэгтэй сайдтай.  Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд л байвал төр нь асраад байна.  Үдээс өмнө нь ажилчихаад үдээс хойш нь амарна.  Сайхан байгальтай болохоор амарч зугаацах газар мундахгүй.  Хүн амынх нь дийлэнх  хэсэг спортоор хичээллэдэг. Монголчууд моринд гарамгай бол норвегичүүд цананд сурамгай. Цана бол Норвегийн үндэсний бахархал болсон спорт нь. Тэдний хүүхдүүд багаасаа цанаар гулгаж сурдаг. Хэрвээ цанаар гулгаж чадахгүй бол тэр норвеги хүн биш. Үнэхээр ч Норвегийн байгаль гайхалтай. Өндөр уулын оройгоор сүүгэл хөх манан ороогоод далай тэнгис нь цэнхэртээд  хараад ханамгүй. Нөгөө “Хатан хаан Си Си” кинонд гардаг шиг гайхамшигтай сайхан  байгаль  нүдний өмнө гарт баригдаж,  хамарт үнэртээд сэтгэл алдуулам. Тийм сайхан байгалийн өмнө ямар ч зургийн аппарат, зураглаачийн камер  утгагүй санагдаж байлаа. Хэчнээн зургийг нь аваад ч  амьд ахуйг нь, тансаг үнэрийг нь  юутай зүйрлэж,  ямар үгээр түүнийг илэрхийлэх юм бэ. За тэгээд ихэмсэг Норвегийн чийгт чулуун гудамж бардам агаад хүйтэн. Хүмүүс нь эелдэгээ эелдэг. Гэвч цаанаа л нэг үлдэцтэй. Нүдний харц, үгийн өнгөнд өөр нэг юм тороод байх.  Дэлгүүр хоршоо,  зоогийн газарт яваад ороход дээд зэргийн хүндэтгэлтэй угтавч  харцанд  нь өөр бодол, өөр соёл тунана. Өрнийн оронд оччихоод Дорнын соёл нэхэв үү гэж бодовч өөрийг сэтгэж  бас үл чадна. Энэ улсад бүх юм энгийн. Гэхдээ арай  энгийн. Төрийн албан ёсны хүндэтгэлийн арга хэмжээнүүд мөн л энгийн. Төрт ёсны уламжлал багатай улсад ийм байх нь аргагүй ч юм уу гэж бодогдох. Энд төрийн оролцоогүй зүйл ховорхон. Гэхдээ төр оролцлоо гээд сайжруулна уу гэхээс муужруулахгүй. Татвар асар өндөр. Европын хамгийн өндөр татвартай оронд Азийн хамгийн бага татвартай орны сэтгүүлч очсон болохоор ухаан санаанд багтахгүй байх нь зүйн хэрэг биз. Норвеги,  Монгол  хоёрын хооронд түүх соёл, хөгжил, эдийн засаг гээд эрс тэс ялгаатай боловч ертөнцийн хаана ч гэлээ өөрийн  эх орноо дандаа нэгдүгээрт  тавьж явах өөдгүй муу бодлоо орхиж үл чадна. Ялгаатай ялгаатай. Тэнд амьдрал сайхан байна. Үгүй ядаж л агаарын бохирдол алга. Хүнсний зүйл нь хоргүй.  Амьд явах эрх нь баталгаатай. Эрүүл саруул орчинд ажиллаж амьдарч байна. Эмэгтэй хүний хувьд тэнд сайхан амьдарч болмоор. Хүүхэд төрүүлээд л байвал улсаас тэтгэмж аваад ажил хийхгүй амьдарч болно. Тэнд нэг монгол эмэгтэй таван хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа гэсэн. Хаус  хүртэл хоёрыг  аваад тавьчихсан  амьдрахын ухаантай бүсгүй.  Ер нь энэ улсад эмэгтэй хүн бол нэгдүгээрт хүндлэгддэг. Дараа нь хүүхэд,  тэгээд нохойгоо дээдлэх. Эдний араас л эр хүн арай гэж залгана.  Тийм болохоор эрчүүдэд нь ажил  олдох нь бага. Эр хүний чадвар энэ оронд даанч доогуур үнэлэгддэг болохоор гудамжаар яваа сайхан залуусыг харах тоолон доогтой бодол зурсхийнэ. Бүсгүйчүүд нь их л бардам зантай. Ханьтай ханьгүй амьдарчих болохоор хэнийг ч үл тоож,  хэнийг ч хаяад явчихаж чадна. Норвегичүүд 30 гарч байж гэрлэдэг гэнэ. Тэдний хувьд гэр бүл болох дурлалын процесс бараг 10 жил үргэлжилдэг гэнэ үү. Учир нь тэд өв хөрөнгө ихтэй учраас яаран гэр бүл болохыг хүсдэггүй байна. Танилцана. Үерхэнэ. Дасна. Тэгээд хамтран амьдарна. “Энэ яах нь вэ” гэсэн хамтын амьдрал 2-3 жил үргэлжилдэг гэж байгаа. Тэгж тэгж “За яахав дээ амьдралаа холбоход болохгүй ч юм байхгүй. Өөр аятайхан хүн гараад ирэх вий” гэж явсаар 30 насыг холоо давчихдаг гэж  байгаа.  Хэдийгээр хүүхэд төрүүлэх бүр төрийн ивээлд багтах ч  тэд олон хүүхэдтэй болох нь ховор. Голдуу л нэгээс хоёр хүүхэд гаргаж хорголоо тоолно. Тэнд гал мэт дүрэлзсэн галзуу дурлал байдаг л байх, гэхдээ ховор гэсэн.  “Хаана хүний эрх чөлөө, хувийн эд хөрөнгө дээдлэгдэнэ тэнд сэтгэлийн хөдөлгөөн, хайр сэтгэл, халуун дулаан итгэл хавчигдаж байх нь ёс ч юм уу” гэсэн зэвэргэн бодол сийгнэ.   Эсвэл дураар голдуу сэтгэлгээтэй  монгол хүний оюун ухаанд тэр хямсгар соёл  буухгүй л байгаа нь энэ байх даа. Тэртээ 1970 –аад оны үед Норвеги, Швед хоёр архи болон мансууруулах донд автаад өнөөгийн Монгол шиг л болж. Харсаар байж үндэстэнээ мөхөөж болохгүй тул архины үйлдвэрлэл болон экспорт, импортоо төр нь мэдэлдээ авчихаж.  Дотоод дахь жижиглэн худалдааг чангатгаж,  бүх нийтээр архийг жигших үзэл суртлын хүчтэй бодлого явуулжээ. Үүний үр дүнд Швед, Норвеги хоёр эрүүл саруул иргэнтэй хүчирхэг улс болон үлдсэн байна. Харин 1970-аад оны үед архи ууж байсан хүмүүсийн үр сад өнөөдөр ямар нэгэн өвчтэй байх нь  элбэг гэнэ. Харин гурав дахь үеэсээ эрүүлжиж байгаа нь  ажиглагджээ.  Ямартай ч манайд дутагдаж  үгүй­лэгдээд  байгаа бүхэн тэнд бай­на.  Ус, агаар, цалин тэтгэвэр, тэт­гэмж, жендер. Бүх юм байна. Гэвч ганцхан хяслан бий. Тэр бүгдийг уутлаж савлаад аваад ирж болохгүй нь. Вагонд ачуулах талаар санахын ч хэрэггүй.  Халааслаад ирж  чадсангүй. Гагцхүү тархинаас тархинд л суулгаж  болох юм. Харин манайд үнэгүйдэж тэднийд олдохоо больсон нэг юм бас байна. Тэр нь монгол хүний халуун дулаан сэтгэл. Андуу бодсон байж магадгүй ээ,  гэхдээ чийглэг зөөлөн уур амьсгалтай Норвегийн хуурай аргуун сэтгэлийн талаар ганц би ч ажигласан юм биш, Осло дахь монголчууд ам уралдан ярьж байв шүү дээ. Норвеги маягийн дурлал бол эд хөрөнгө дээр нэмэх нь ихэмсэг бардам зан тэнцүү төрийн халамжит бодлого юм шиг санагдсан шүү. Харин Шведийн тухай энд өнгөцхөн дурдахад  мөнөөхтэйгөө мөн л адилхан байсан. Тэд их өндөр насалдаг. Хүн амын дундаж наслалт нь 75-85 нас. Норвеги Швед адилхан. Хүн ам нь хөгшрөөд  байдаг, хүүхэд багачууд төрөх  нь  бага л байдаг. Хүүхэд төрвөл шагнана гэх боловч хүн амынхаа цусыг сэлбэтэл төрөөд байсан нь үгүй юм. Аргаа барахдаа цагаачлалынхаа бодлогыг зөөлрүүлж үзсэн боловч үндэстэндээ тустай ашгийг  олоогүй бололтой. Норвегио бодвол Швед нь цагаач иргэддээ уян хатан хандаж боломжит нөхцөлийг тавьж өгдөг. Тэглээ гээд хүн ам нь тариа будаа шиг өсч  үржээд байгаа юм байхгүй. Хүн амьдрахад таатай хамгийн аз жаргалтай улсаар шалгараад л байдаг, шалгараад л байдаг. Гэвч дутуутай,  дундууртай. Энд дандаа сайн сайхныг  нь олж хараад тоочихыг зорьсонгүй шигээ саарыг нь  түүж яваад  ирсэнгүй. Зөвхөн өөрт төрсөн сэтгэгдэлээ л буулгаж байгаа нь энэ. Өндөр хөгжлийн тест болсон зам харгуй, цэцэрлэгжилт, үйлдвэрлэл, үйлчил­гээ, уран зураг, музей, эдийн засгийн үзүүлэлт. Хаана ч байдаг соёлт нийгэм. Улс нь хөгжөөд,  хүн нь толгойдоо боловсролтой болоод ирэхийн цагт өв соёл, уламжлал, түүх дурсгалаа дээдлээд эхэлдэг юм байна.  Хөрөнгөө  биш боловсролоо идэж эхэлдэг гэсэн үг. Харин нийгэм даяараа хөрөнгөжөөд боловсроод ирэхээрээ хүн чанар гээч юм жаахан дутмаг болдог юм уу даа. Шведүүдийн дунд гэр бүл салалт бол энгийн шахуу ойлголт болжээ. Салж л байдаг, нийлж л байдаг. Бүр хэдээс ч салж хэдтэй ч нийлж болдог. Нохой хуцахын дайны сонин биш.  Нэг талаасаа хүний эрх чөлөө, хүний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй зэргээр сайхан харагдавч гэр бүл, хайр сэтгэлийн нандин харилцаа тэр тоолон гутлын ул арчиж байна аа л гэсэн үг.  Нэгэнт төрийн тэргүүний албан ёсны айлчлалаар явсан болохоор эдийн засаг,  улс төрийн харил­цан ойлголцол, хамтын ажиллагаа болон туршлага судлах тал дээр түлхүү анхаарч явсан авч тэнд амьдарч буй монголчуудтай, тэдний иргэн болсон нутаг нэгтэнтэйгээ ярилцаж өнгөрүүлсэн үдшүүдээс энэ бүхэн тодорхой байлаа.  Тэгээд ч өмнө нь зорчиж богино бус хугацааг тэнд өнгөрүүлж байсан болохоор ойлгоход хялбар.  Бараг найман жилийн өмнө би энэ улсын тухай, хөгжлийнх нь тухай  шагшран  бичиж байсан бол өдгөө тийм бус байгаадаа гайхна. Нүдний  зөрүү бага ч атугай гарсных  уу. Эсвэл зарим нэг сэтгэгдэл бичигчийн хэлсэнчлэн усан тэнэг болоод энэ үү.  За аль нь ч бай Скандиновын хоёр вант улсад зорчоод  гурван цуврал сурвалжлага бичсэний төгсгөл нь энэ. Гутлын тос, шүдний сойз нь тийм өнгөтэй байсан, ус нь уухад аманд ороод алга болсон энэ тэр гэж гоёчилж ерөөсөө чадахгүй нь. Өөрийн сэтгэлд хамгийн ойр буусан харахыг хүссэн өнцгөөсөө ийнхүү жаахан дүгнэв ээ.

Л.МӨНХБАЯСГАЛАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж