Б.Есүгэн сахиусан тэнгэр болсон

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Б.Есүгэн сахиусан тэнгэр болсон

Өнгөрсөн сарын 3-ний өдөр гэртээ харих замдаа цаг бусаар амиа алдсан Б.Есүгэн охины амь насыг ар гэрийнхэн нь Засгийн газраас нэхэж байна. Өчигдөр охины аав Б.Батсайхан хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж олон хүний амийг авч одсон ослуудын буруутан нь төр засгийн буруу бодлого хэмээв. Ослын буруутан нь хэн ч байлаа гэсэн бяцхан охин Б.Есүгэн авлига, хээл хахууль, хүнд суртал гээд нийгмийн амьдралд тэр дундаа барилгын салбарт бугшсан хар толбыг арилгах цаг  нь болсныг сануулаад буцлаа. Энэ осол барилгын компаниудын том толгойтой эздийн хуулийг уландаа гишгэсэн үйлдэл, албан тушаалтнуудын хүнд суртал гээд бүгдийг нь үндсээр нь өөрчлөх болсныг бүгдэд чанга дуугаар зарласан явдал болсон. Есдүгээр сарын 3-ний эмгэнэлт ослийн дараа гарсан олон осол ч мөн энэ дуунд хүч нэмсэн юм.

Караны төмөр хоолой түүнийг дарж  хайртай аав, ээж төрөл төрөгсдөөс нь салгасан ч бяцхан охин Б.Есүгэн тэнгэрээс тэднийгээ харж, халамжилж байгаа болов уу. Бяцхан охин “Сахиусан тэнгэр” шүлэгтээ: 

“Амьдарч байгаа хүмүүс бид
Асар дээшээ очихоо хүлээнэ
Ах дүүс, аав ээжээ үймүүлж
Асар том шарх үлдээнэ
Харин сахиусан тэнгэр болоод
Хэзээ ч хорвоог орхихгүй болчихсон”
хэмээн бичиж байжээ. 12-хон настай хүүхэд бүү хэл нас биед хүрсэн хүнээс ч гарахааргүй ухаан байгаа биз.

Өөрийн бяцхан ухаандаа элдвийг эргэцүүлж “Хүн бүр хорвоог орхиж аав ээж, ах дүүсээ орхидог ч гэлээ сахиусан тэнгэр болоод ойр дотныхонтойгоо үргэлж хамт байхсан” гэсэн хүсэл нь ийнхүү шүлэг болжээ. Үнэхээр Б.Есүгэн одоо тэнгэрээс тэднийгээ харж байгаа байх. Харин түүний үхэл үнэ цэнэгүй байх учиргүй. Энэ мэт эмгэнэлт явдлыг дахин гаргахгүйн тулд, бяцхан охины ясыг өндөлзүүлэхгүйн тулд одоо байгаа тогтолцоог тэр чигээр нь өөрчлөх ёстой. Барилгын салбарын шинэчлэлийн талаар хаа хаанаа ярьж хэлэлцэж байгаа ч одоогоор гарт баригдаж нүдэнд үзэгдэх үр дүн гараагүй л байна. Гэсэн ч иргэд өөрчлөлт, шинэчлэлийг итгэлтэй хүлээсээр байгаа. Охины аав Б.Батсайхан өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хотын дарга Э.Бат-Үүл  нарт хандан захидал хүргүүлж энэ асуудлыг шийдвэрлэхийг охиноо алдсан эцэг хүний хувиар, иргэн хүний хувиар хүслээ. Дахин энэ мэт осол гарч өөрт нь учирсан хагацлын гашуун зовлонг хэн нэгэн амсах вий гэж эмээсэндээ ийнхүү захидал бичжээ.

Одоогийн байдлаар хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Харин ослын талаарх МХЕГ-ын албан ёсны дүгнэлт гарсан байна. Б.Батсайсан “МХЕГ-ын дүгнэлтэд барилгын захиалагч, гүйцэтгэгч, зуурмаг шахагч машиныг ажиллуулж байсан хүмүүс төдийгүй баригдаж байсан барилгын хажуугаар явж байсан охин өөрөө буруутай гэх маягийн дүгнэлт хийсэн байсан. Өөрчилж шинэчилье л гэж байгаа бол энэ мэт буруу шийдвэрээс эхэлж өөрчлөх хэрэгтэй” гэв.  Ямбыг нь үүрсэн бол ялыг нь ч үүрэх ёстой гэж үг бий. МХЕГ барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгч л байгаа юм бол зөвшөөрөл өгсөн барилгуудынхаа үйл ажиллагааг хянаж шалгаж байх үүрэгтэй. Гэтэл “Манай байгууллага 20-хон байцаагчтай. Нийслэлд бүхэлд нь баригдаж байгаа барилгуудыг бүгдийг нь хянах боломж байхгүй” гэжээ.

Н.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж