Л.Гүндалай: МАН-ын суулт хоцрогдсон байна

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Л.Гүндалай: МАН-ын суулт хоцрогдсон байна

Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг урилаа. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд суулт зарласан МАН-ынхан дээр очиж, зөвлөгөө өгсөн юм.

-МАН-ынхан ордонд бужигнаан үүсгэж, чуулганы танхимыг хааж суулаа. Та энэ үеэр Төрийн ордонд орж, МАН-ынхантай мэндчилсэн нь их сонирхолтой харагдсан. Тэр үед ямар шалтгаанаар Төрийн ордонд орсон юм бэ?

-УИХ-ын хуучин гишүүдэд ордон руу орох үнэмлэх өгчихдөг юм билээ. Тийм учраас нэг их төвөг бололгүй орсон. Ийм зүйл болж байгааг би интернэтээс олж мэдсэн. “Гүндалайдаж байна аа” гээд л. Тэгээд байж байтал манай намын зарим нөхөд ярьсан. “Чи нэг ирээч. Чиний найз Ц.Нямдорж чинь хүртэл байна шүү дээ. Чиний юмыг буруугаар ойлгоод байх шиг байна. Ирж зөвлөгөө өгвөл яасан юм” гэж. Би бодож үзээд, хэсэг хүмүүс бичиг бариад суучихсан энэ тэр байгаа нь арай ч нэг болохгүй байгаа юм шиг санагдсан. Арай болохгүй гэдгийг тайлбарлаж хэлбэл, нэгдүгээрт тэд чуулганы тан­химыг хаагаад, буйдангаар дараад суучихсан байж байгаа юм. Тэгэхээр чинь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулна шүү дээ. Дотор нь ороод 25-уулаа бичгээ өргөнө үү, чанга хашгирна уу. яаж ч болно. Тэгэхгүйгээр зүгээр таглаад суучихсан байгаа нь миний дур­гүйг хүргэсэн гэх үү дээ. Тэгээд би очоод хэлсэн. “Та нар ингэж болохгүй, та нар чинь УИХ-ын гишүүд шүү дээ.

Их хурлын гишүүд бол танхим дотроо юмаа ярьдаг, эсэргүүцлээ танхимдаа зарладаг байх ёстой” гэж. Тийм л байх ёстой шүү дээ. Үнэхээр бүр болохгүй бол хурлыг хийх боломжгүй болтол хашгираад, бичгээ өргөөд явж болно. Хамгийн гол нь чуулганы танхимыг хааж сууж байгаа нь маш хортой. Төрийн үйл ажиллагаа тасалдаж байна. Тийм учраас нь энэ нь буруу байна гэдгийг л хэлсэн. би 10 жилийн өмнө бас ингээд цаас бариад зогсч байсан. Миний тэр үйлдлийг эд нар 10 жилийн дараа хийж байгаа мөртлөө түүнээс илүү боловсронгуй болгох ёстой байтал бүр хоцрогдчихсон байна. Та нарын энэ үйлдэл 10 жилээр хоцрогдсон байна гэдгийг л хэлсэн.

-10 жилийн өмнө Гүндалай гишүүн ингэж байсан. Одоо МАН-ынхан цаас, бичиг барьж байна гэдэг харьцуулсан мэдээлэл хэвлэлээр нэлээд явсан?

-10 жилийн өмнө намайг тэмцэж байхад огт өөр байсан л даа. Би жишээлбэл ганцаараа. Нөгөө тал маань маш хүчирхэг. Цагдаа, тагнуул, татвар, Засгийн газар, их хурал, Ерөнхийлөгч гээд бүх эрх мэдэл тэдний гарт. Тэд дураараа дургиж байсан, ямар ч хяналтгүй. Тийм их эрх мэдэлтэй, дураараа дургиж байсан байж ганц хүнийг үг хэлүүлэхгүй гэж байгаа байхгүй юу. Би зүгээр л болж бүтэхгүй байгаа юмыг шүүмжилж үг хэлье, өөр өнцгөөс харъя л гэдэг хүсэлт тавьсан. Түүнээс биш “Тэр чинь болохгүй байна. Би Засгийн газарт орох ёстой. Аль эсвэл тийм хүн их хуралд орох гэсэн чинь оруулахгүй байна. Миний хүсээгүй өөр хүн орох гээд байна” гэж ярих гээгүй. Би ганцхан үгээ хэлье л гэсэн. Үг хэлүүлэхгүй л гэсэн. Тэд өөрсдөө бүх юмыг болж байгаа, бүтэж байгаа юм шиг дэндүү сайхан яриад байсан. Тэгээд болохгүй байна гэж үг хэлэх гэсэн хүнийг үгийг нь хэлүүлэхгүй, плакат гаргахаар нь ураад хаяж байсан. Одоо энэ хүмүүст үг хэлэх эрх нь нээлттэй байгаа. Чуулган дээр бүгдээрээ үгээ хэлж болно. Өөрсдийнхөө буруугаас болоод бүлгийн асуудлаа хасуулчихсан. Тэр бол өөрсдийнх нь л асуудал. Тэгэхээр их ялгаа, зөрүү байна л даа. Энэ хүмүүс чуулганы танхимыг хааж байгаа бол би суудал дээрээсээ үг хэлж, ард нь гараад зогсч байсан. “За Гүндалай чи үгээ хэлчих” гэсэн бол би үсрээд л 10, 15 минут яриад л болчихно шүү дээ. Тэгээд л суудалдаа очоод суучих байсан. Би ардчилсан үзэлтэй хүн. Би үг хэлээ чөлөөтэй илэрхийлэхийн төлөө тэмцсэн. Энэ хүмүүс болохоор шал өөр. “Г.Батхүү, Д.Зоригт гэдэг хоёр хүн орж ирэх гэж байна. Энэ хоёрыг тангаргийг өргүүлэхгүй” гэж байгаа байхгүй юу.

-Ер нь үүсээд байгаа нөхцөл байдлыг улстөрчийнхөө хувьд ямар байдлаар харж байна вэ. Нэг нь эсэргүүцэл зарлаад л, нөгөө нь хүлээлтийн байдалтай. Гэтэл дунд нь төрийн ажил гацчихсан байна. Асуудал ямар нэгэн байдлаар шийдэгдэх л ёстой байх?

-МАН сонгуульд дандаа ялж байсан. Ялахдаа нэлээд их луйвар, булхай хэрэглэж байсан. Бүх юмыг хүчээр түрж хийж байсан. Хууль завхруулж, хуулийг дандаа буруугаар тайлбарлаж, уландаа гиш­гэж явж ирсэн хүмүүс. Тэрэндээ эрдээд, УИХ-ын дарга З.Энхболдыг томилуулахгүй, хуралд нь орохгүй гэж “давхиад л”. Хамгийн ахмад настай Д.Дэмбэрэл гэдэг хүнээрээ боох маягаар ч юм уу, эсвэл бидэнгүйгээр ерөөсөө болохгүй гээд л. Өөрсдөдөө тааруулж, хуулийг ашигладаг, хэрэглэдэг байсан хүмүүс чинь “Бидэнгүйгээр болохгүй” гээд бодчихсон байсан байхгүй юу. Гэтэл хууль гэдэг бол хууль. Бүлэг байгуулах бичгээ 24 цагийн дотор өргөн барихгүй бол бүлэг бай­гуулахгүй. Энэ бүхнийг хуулинд биччихсэн байгаа. Үүнийг өөрсдөө тоохгүй гүйж байгаад л хальтраад уначихаж байгаа юм. МАН бол өмнө нь аймшгийн “мангас” шиг л байсан. Махны машин гэдэг “МАХН”-даа таарсан нэртэй байсан шүү дээ. Урдаа таарсан, өөртөө дургүй бүхнийг дайрч, хэрчиж байсан машин гэнэт эрэг шураг нь мултарч унаад, явж чадахаа больчихсон. Ингэнгүүт, тэр аварга том амьтан чинь хөл гаргүй болчихсон, 90 жил дарлаж, ноёрхож яваад ирчихсэн хүмүүс “шоконд” ороод, хий л тэндээ тийчигнээд байна шүү дээ. Одоо тэгснээ гэнэт л УИХ-ыг хуралдуулахгүй болгоод л, Сүхбаатарын талбай дээр жагсчихсан “Хонхны дуу”-г тавьж байгаа юм. “Хонхны дуу биднийг сэрээгээч, бүхнийг сэрээгээч” гээд 1990-ээд оны тэр дууг чинь эд нар үзэн яддаг байлаа шүү дээ. Гэнэт өнөөдөр тэр дуунд хайртай болчихсон. Гэнэт өнөөдөр ардчилал яриад л. Би хэд хэдэн хүний амнаас сонслоо. “Ардчилал гэдэг бол зөвшилцөл” гэж ярьж байгаа юм. Ардчилал гэдэг бол зөвшилцөл гэж арай ойлгож болохгүй. Ардчилал гэдэг бол олонхийн засаглал, ард түмний засаглал. Бид олонхийн засаглалтай улс. Ард түмний олонхи нь Ардчилсан намд саналаа өглөө. Эд нар Засгийн газраа байгуулаад, үүрэг хариуцлагаа хүлээх ёстой болж байгаа юм. Цөөнх нь олонхийн үйл ажиллагааг хянаад, алдаа дутагдал байвал шүүмжилж байх л үүрэгтэй. Тэгсэн чинь заавал тэр цөөнхтэйгөө зөвшилцөх юм гэнэ. Тэгвэл надтай зөвшилцөхгүй яасан юм. Наад зах нь 2000-2004 оны парламентад 72 гишүүнтэй олонхи болчихоод тэр үедээ “Ардчилал гэдэг чинь зөвшилцөл” гэж хэлээд “Гүндалай гуай таньтай зөвшилцье. Та юу хэлэх гэсэн юм, юу гэмээр байна” гэхгүй яасан юм бэ. Тэгж явж байгаагүй шүү дээ. Харин эсрэгээрээ бүх юмыг олонхиороо хүч түрж, нүдээд л, цавчаад л явж байсан. Тэгсэн хэр нь өнөөдөр гэнэт “Ардчилал бол зөвшилцөл” гэнэ. Ардчиллын тухай ном, онол юу байна тэр бүхнийг унш. Тэнд “Ардчилал гэдэг бол зөвшилцөл. Зөвшилцөл дээр тогтоно” гэсэн ганц ч үг байхгүй. Ардчилал гэдэг бол ард түмний засаглал, олонхийн засаглалыг хэлж байгаа юм. Бас цөөнхөө хүндэлж, шүүмжлэлийг хүлээж авдаг тэр л тогтолцоо. Эд нар шүүмжлээд л явж байх ёстой.  

-Тэгвэл энэ парламентад цөөн­хийн хяналт алга байна шүү дээ, тэгэхээр ардчилал мөн юм уу?

-Цөөнхийн хяналт гэдэг нь цөөнх болохгүй байгааг нь хэлж, шүүмжилж, олж илрүүлэхийг л хэл­дэг. Цөөнх нь жишээлбэл, Төсвийн зарлагын дэд хорооны дарга болдог, Ёс зүйн дэд хорооны дарга болдог. Ингэж явахыг л хэлдэг. Түүнээс биш бүлэгтэй болоод, бүлэг нь завсарлага авдаг нь цөөнхийн хяналт биш. Тэр бол цөөнхийн дарангуйлал. Монгол Улс бол парламентын за-саг­лалтай орон. Би түрүүн хэл­сэн, парламентын олонхи нь Засгийн газраа байгуулаад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах ёстой. Гэтэл олонхи нь засгаа байгуулаад, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэтэл цөөнх нь завсарлага аваад, хийж байгаа ажлуудыг нь гацаадаг. Ийм байдал байж болохгүй. Энэ чинь цөөнхийн дарангуйллыг тогтоож байгаа юм. Олонхи нь засаглаж чадахгүй байгааг харуулж байгаа юм. Дэлхийн ямар ч улс оронд парламентын засагтай байна уу, Ерөнхийлөгчийн засагтай байна уу хамаагүй. Цөөнх нь олонхийнхоо үйл ажиллагааг хугацаагүй завсарлагаар зогсоодоггүй. Тийм ардчилсан улс нэг ч байхгүй. Германд очоод үзээрэй. Японд очоод үз, өмнөд Солонгос, Энэтхэг, Европын орнууд байна. Дэлхийн ардчилсан гэдэг эхний 50 орны парламентад цөөнх нь ямар байдаг юм бэ гэдгийг харж болно. Нэг ч цөөнх монгол шиг хугацаагүй завсарлага аваад явдаггүй. Тэгэхээр би түрүүн хэлсэн, Төсвийн хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороо, өөр ямар жижиг дэд хороод байна, түүгээр дамжуулж цөөнх хяналтаа тогтоодог. Дээрээс нь хэвлэл, мэдээлэл хянаж байгаа. Өөрсдөө тэнд очоод мэдэгдэл, хийж болно. Ардчилсан нам, ардчилсан засаг гарч ирээд ингэж улс орныг уруу татаж байна, хуулийг хэрэгжүүлэхгүй, гууль болголоо, ард түмнийхээ төлөө ажиллахгүй, тансаглаж байна, хээл хахууль, авлигад идэгдлээ гэж хэлж болно. Ингэж хэлэхийг л цөөнхийн хяналт гэж хэлдэг. Цөөнх завсарлага аваад, тэр нь хязгааргүй байж байдаг зүйл байж таарахгүй. Хязгааргүй завсарлага авдгийг устгах гэж Ардчилсан нам 2004, 2008, 2012 онд оруулж байсан. Бүгдэд нь МАН “Үгүй” гэж хэлж байсан. Эд нар өөрсдөө дэлхийд байхгүй, хаана ч байхгүй, муухай жишгийг устгахын төлөө явж байгаагүй. Хэдийгээр мэдэж байсан ч гэсэн. Муу ч гэсэн гадаад, дотоодоор явж байсан улс мэдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхдүүд дандаа үүний эсрэг явж байсан. Одоо өөрсдөө завсарлагагүй болчихсон. Яагаад гэвэл өөрсдөө бүлгээ байгуулж чадаагүй. Ашгүй, аз болж байгаа юм. Энэ манай ардчиллынханд аз байхгүй юу. Түүнээс биш завсарлага авдаг энэ байдал нь байж байсан бол эд нар ажил хийлгэхгүй. Бүх ажлыг унагаана, нураана, эвдэнэ, сүйтгэнэ. Бүгдийг нь хорлоно. Одоо жишээ нь эд нар УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд шууд саад болж, хорлож байна шүү дээ. Хэрвээ бүлэгтэй байсан бол ямар ч ажлыг шууд л татаад унагачихна. Ард түмэн тэгээд хохирно. Тэр нь эд нарт ямар ч хамаа байхгүй.

-Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр асуудлыг хурцлах шиг боллоо. Шөнө дөлөөр хуралдаад, ажлын бус цагаар УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь үнэн бол яах аргагүй хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Хууль бол ямар ч тохиолдолд хэрэгжиж л байх ёстой?

-Тэр нарийн учрыг би мэдэхгүй. Гэхдээ тэгж шөнө дөлөөр, нууцаар хуралдаагүй байлгүй дээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Р.Содномцэрэн гуай болсон. сонгуулийн ерөнхий хорооны дарга 22 жилийн түүхэнд анх удаа Ардчилсан намын угшилтай, ардчилсан үзэлтэй хүн болж байгаа. Энэ хүн бол “ХУ” намынхан шиг луйвар хулгайд гаршчихсан “баагий” биш. Энэ хүн заавал шөнө дөл болголгүйгээр хурлаа хийгээд, аваад явах бүрэн боломжтой. Одоо манай ардчиллынхан ялчихсан байна шүү дээ. Ардчилсан нам их хуралд ялчихсан, УИХ-ын даргаа сонгочихсон байна. Ерөнхий сайд нь ардчилсан байна. Ардчилсан Ерөнхийлөгч нь байж байна. Юунд нь айдаг юм. Юунаас айх ёстой юм. Монголыг 22 жил доош нь хийж, унагааж байсан нөхдүүд өнөөдөр ялагдчихлаа шүү дээ. Тэд муудаа л ялагдсан. Тэд 22 жилийн хугацаанд ард түмнийг ийм болгосныхоо төлөө хариугаа авсан шүү дээ. Тийм учраас бид хийх ёстой. Хийх гэж байгаа, өөрчлөх гэж байгаа хүмүүст битгий саад болооч л гэж хэлье.

-Хоёулаа яриагаа Засгийн газрын үйл ажиллагаа руу хандуулъя. Эвслийн Засгийн газар байгуулагдлаа. Хоёр нам, нэг эвслээс шинэчлэлийн Засгийн газар бүрэлдэж байна. Хэврэг Засгийн газар байх вий гэсэн болгоомжлол их байгаа. Ялангуяа “Шударга ёс” эвслийнхнийг Засгийн газрыг унагааж сурсан нөхдүүд шүү дээ гээд л ярьж байна. Та улстөрчийнхөө хувьд эвслийн Засгийн газрын ирээдүйг хэрхэн харж байна вэ?

-“Шударга ёс” эвсэлд хоёр нам байгаа. МҮАН, МАХН хоёр. Энэ хоёр нам хоёулаа дөнгөж шинээр байгуулагдсан. Арай гэж 11 суудал аваад, арай гэж Засгийн газарт ороод ажиллаж байгаа. Энэ хоёр намын хувьд Засгийн газарт орж ажиллана гэдэг бол “тэнгэрийн умдаг” атгасантай адил. Эд нар үүнийгээ хаяж гараад хаачих юм. Эднийг хэн тоох юм. Дараагийн сонгуулиар арчигдана. Тэрийгээ эд нар мэдэж байгаа байлгүй дээ. Нэгэнт олдсон энэ боломжийг ашиглаж, ард түмний төлөө ажиллаж, ард түмнийхээ амьдралыг сайжруулж, сайн сайхан юм хийж байж хүн цаашид улам дэвждэг. Түүнээс биш саар муухайг хийж, бусниулж, луйвардаж, хул­хидаж явах юм бол бүтэхгүй. Тийм учраас МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас гарвал дээд зэргийн том алдаа болно. “Тэнгэрийн умдаг”-аа алдана. Тийм учраас тэгж гарч чадахгүй. Тийм муухай хорлон сүйтгэх ажиллагаа хийх юм бол ард түмэн бас тэнэг биш шүү. Энэ нөхдүүд яагаад байгаа юм, хамтраад юм хий гэхээр яах гээд байгаа юм гэнэ. Ардчилсан нам биш шүү дээ, эд нар чинь. Дагалдан нөхдүүд. Дагалдаад, дүүжигнээд явбал яв л даа. Чадахгүй бол боль л доо, тийм биз дээ. Эд нар “Чадахгүй ээ, болилоо” гээд л гарахад төр засгийг бусниулж, бужигнуулаад л үлдэнэ. Ардчилсан нам одоогоос жилийн өмнө Засгийн газраас гарсан. Үүн шиг байгаа бол огт өөр. Ардчилсан нам засгаас гарлаа, МАН Засгийн газраа дангаараа аваад л явсан. Энэ нөхдүүд Засгийн газраас гарвал АН дангаараа засаг авч явж чадахгүй, дахиад нөгөө МАН-тайгаа хамтрах болно. МАН-аас гуйх болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эд нар МАН-тайгаа эвсэж байгаад АН-ыг улам доош нь хийх замаар Засгийн газраа байгуулна гэсэн бодолтой. Тийм бодлоор л МАН-ынхан “Шударга ёс” эвслийг хэлж байгаа юм. “Одоо энэ Засгийн газраа унагаа. Бидэнтэйгээ нийлчих. Тэгээд Ардчилсан намыг улам доош нь хийж байгаад дахиад бүгдээрээ Засгийн газраа байгуулъя” гэж байгаа. МАН-ынхан энэ Засгийн газарт орж ирэх гээд байгаа байхгүй юу. Тийм сонирхолтой. Тэр сонирхолд нь “Шударга ёс” эвслийнхэн автахгүй байх гэж найдаж байна.

-Эцсийн дүндээ ард түмэн л хожих ёстой. Тийм үү?

-Монголын ард түмэн, Монгол Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Муу ажилласан нам, улс төрийн хүчинд тэртээ тэргүй ард түмэн дүнгээ тавьдаг.

-Ярилцсанд баярлалаа.

Р.САРАНГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж