Монголчуудын үндсэрхэг үзэл хийгээд “Рио Тинто”

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Монголчуудын үндсэрхэг үзэл хийгээд “Рио Тинто”

“Рио Тинто” 2013 оны эхний хагаст уурхайгаа ажиллуулж эхлэхээр яарч байх хооронд Монголчуудын байгалийн баялгаасаа илүү ихийг хүртэх гэсэн сонирхол тээг үүсгэхээр байна гэж гадны хэвлэлүүд болгоомжлуулж байна.

2009 онд байгуулсан 6,2 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх тухай Монголын Засгийн газрын хүсэлтийг хоёр долоо хоногийн өмнө хуучнаар Оюутолгойн гол хөрөнгө оруулагч байсан “Айвенхоу”-д буюу “Рио Тинто”-гийн гарт хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх энэхүү уриалга 2013 оны төсвийн төслийг ярьж эхлэсэнтэй холбоотой. Оюутолгойгоос 300 сая ам.долларын рояалти буюу нөөц ашигласны төлбөр ноогдуулж дээр нь бусад татварыг нэмэх мэргэн санаа төсөв төлөвлөж байгаа гэж Нью-Иорк таймс мэдээлжээ. Харин үүнийг уурхай ажиллах хугацаанд татварын хэмжээг өөрчлөхгүй гэж 2009 онд байгуулсан гэрээг зөрчиж байгаа үйлдэл гэж “Рио” эсэргүүцэж байна. “Рио Тинто” гэрээг эргэн харах хүсэлтээс дахин татгалзаж Монголд 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, олон мянган ажлын байр бий болгосон тухайгаа сануулж байна. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бөгөөд заавал биелүүлэх ёстой гэдгийг онцлож байна.

“Рио Тинто”-той ил тод сөргөлдөхөөр шийдсэн нь монголчуудад ямар нэг билэг тэмдгийн ялалт хэрэгтэй юм шиг харагдахад хүргэж байгаа мэт. Сонгуулийн үеэр байгалийн баялгаасаа илүү ихийг хүртэнэ гэж амлаж байж сонгогдсон гишүүд заавал нэг юм хийх хэрэгтэй байдаг. Хажуугаар нь төсвийн алдагдал ирэх жилээс улам нэмэгдэх нь тодорхой болоод байдаг. Гэтэд экспортын гол эх үүсвэр нүүрсний үнэ унаж өмнөх оноосоо ч өсөхгүй болж найдвар улам л бүдгэрч байна.  
Хэрвээ энэ маргаан даамжирвал олон улсын арбитраар маргаанаа таслуулах сонголт бий. Гэхдээ энэ зөв сонголт биш. Зөвхөн цаг алдаж, мөнгө урсахаас өөр ашиггүй. Гол нь “Рио”-гийн санааг ганц Монголын Засгийн газар зовоогоогүй. Хятадаас авах эрчим хүчний асуудал болон Ханбогд сумын малчидтай учраа ололцох гээд бишгүй асуудал бий. Монголын Засгийн газар эдгээрийг давуу тал болгож ашиглаж магадгүй.

Оролдлого үүгээр дуусахгүй 

Жилийн өмнө Оюутолгойгоос Монголын талын эзэмшиж байгаа 34 хувийг 50 болгож, рояалтыг нэмье гэж УИХ-аас дуугарч байсныг та санаж байгаа байх. Тэр үед “Рио” энэ үйлдэл хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах аюултай л гэж анхааруулсан билээ.

Шинээр гишүүн бологсдын бараг 25 хувь нь сонгуулийн үеэр гадныханд баялгаа алдаад дуусах нь PR-дсаар гарч ирсэн. Тиймээс С.Ганбаатар тэргүүтэй 24 гишүүн Монголын эзэмшлийг 51 хувь болгож 57-р тогтоолыг хэрэгжүүлэхийг уриалсаар байна.  

Гадны хэвлэлүүдийн үндсэрхэг үзэлтэн гэж тодорхойлдог Уул уурхайн сайд Д.Ганхуягын “Turquoise Hill” буюу хуучнаар “Айвенхоу”-д  хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх хүсэлт явуулахын өмнөхөн Гадаад хэргийн сайд гадны хэвлэлүүдэд гэрээг өөрчлөх тухай яриа гарахгүй байх гэж хэлснээс харахад монголчууд нэгдсэн байр суурьтай биш байгаа бололтой. 

Бусад бэрхшээл

Оюутолгой Хятадаас эрчим хүч авахаар цахилгааны шугам татаж дууссан ч Хятад Монголын Засгийн газрын хооронд бүтэн жил ярилцаж байгаа эрчим хүч нийлүүлэх гэрээ шийдэгдээгүй хэвээр л байна. Хэрвээ хэлэлцээ амжилтгүй болбол “Оюутолгой” ХК өөрсдөө цахилгаан станц барих болно. Ингэвэл эцсийн бүтээгдэхүүн гаргах хугацаа л хойшилно. 

Хажуугаар нь цөлжиж байгаа өмнийн говийн малчид усны нөөцөндөө сэтгэл зовж бас л ямар нэгэн юм хийнэ гэж ярьж байна. Уул уурхайн хүнд машин механизм говийн зөөлөн хөрсийг эвдэж, бэлчээрийг нь тоосоор дарж сүйтгэж байна гэж гомдолж байгаагаас харахад нийгмийн лиценз авна гэж ярьж байгаа Оюутолгой төсөлд хүмүүс тийм ч ам сайтай биш байгаа нь тодорхой. 

Цаашид юу болж болох вэ?

Монголын талаас Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх гэж үнэхээр хатуу шийдвэл Хятадтай хэлэлцэж байгаа эрчим хүч импортлох гэрээг барьцаалж “Рио”-г шахах боломж бий гэж www.trefis.com гэдэг сайтад бичжээ. 

Энэ тактик үр дүнгээ өгч болох талтай. Оюутолгойн зэсийн экспорт “Рио Тинто”-д маш чухал. “Рио Тинто” Оюутолгой уурхайгаас жилд 425,000 тонн зэс, 460,000 унц алт гаргахаар төлөвлөж байгаа.” Рио” өнгөрсөн жил бусад уурхайнуудаасаа 520,000 тонн зэс олборлосон. Оюутолгойн зэс бол орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэх чухал эх үүсвэр.

Харин нөгөө талд “Рио”-гийн сонголт тийм ч олон биш. Энэ хэвээрээ татгалзсаар арбитрийн шүүхэд очлоо гэхэд бүтээгдхүүн үйлдвэрлэх хугацаагаа л хойш тавина. Төмрийн хүдрийн уналтаас болж орлого нь буурч, цомхотгол хийж байгаа “Рио Тинто” аль болох хурдан зэсээ зарж мөнгө олох хэрэгтэй. Сүүлийн хүсэлтийг хүлээж аваагүй нь Монголын Засгийн газрын талд бөмбөг байгаа ч гэж хэлж болохоор биш үү.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж