Ослын эмгэнэл хийгээд МАН-ын суулт

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Ослын эмгэнэл хийгээд МАН-ын суулт

Ажлын долоо хоногийн эхлэл, даваа гаригийн өнөөдрийн news.mn сайтад мэдээлсэн гол гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Шинэчлэлийн Засгийн газар хавтгайрсан халамжийг халж, 987 мянган хүүхдэд өнөөдрөөс эхлэн сард 20 мянган тарааж эхэллээ. Иргэд цахим үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өөрийн сонгосон банкиндаа авч очоод мэдүүлэг бөглөхөд л хүүхдийн мөнгийг авах боломжтой болж байгаа юм. Харин энэ сарын 12-ноос хойш банкинд мэдүүлгээ өгсөн хүүхдүүдийн нэрийн данс ирэх арваннэгдүгээр нээгдэх бөгөөд ирэх сарын 20-нд хоёр сарын мөнгийг хамтад нь нөхөж олгох юм байна.  Иргэд банкны цахим карт, хадгаламжийн данс, бэлнээр гээд хүссэн хэлбэрээр, хүссэн банкнаасаа сонголт хийж байгаа тул иргэд Хүүхдийн мөнгөнд “ам сайтай” байлаа.

Ийнхүү ээж, аавууд хүүхдийн мөнгөнд дугаарлаж зогсох зуур өнгөрсөн есдүгээр сард бетон зуурагч машинд даруулж амь насаа алдсан охины аав хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм. Тэрээр охиныхоо 49 хоног өнгөрүүлсний дараа хээл хахууль, хууль бус бүхэнтэй тэмцэхээр зориг шулуудсан байна. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа болон Барилга, хот байгуулалтын газрын дарга нарт захидал хүргүүлэхээр шийдсэн байна.

Ийнхүү хүн бүр хөөрхий аавын ярианд анхаарал хандуулж байх үед буюу 15.00 цагийн орчимд УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, 2013 оны Төсвийн ажлын хэсгийн танилцуулга болон сүүлийн үед үүсээд буй МАН-ын гишүүдийн чуулганы хуралдаан тасалдуулсан зэрэг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэв. Хуралдаанаар ирэх 2013 оны Төсвийн тодотголын төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдын багцад байгаа шинэчлэлийн төсөлд зориулагдсан 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах болон Оюутолгойн гэрээг шинэчлэх, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох зэрэг асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт нэлээд шуугиан дэгдээж, хоёр хоног суулт зарлаж, “Хонхны дуу”-ны аянд хөл нийлүүлэн жагссан МАН-ын тухай АН-ын намын бүлгийн хуралдаанаар “МАН-д  саналаа илэрхийлж, байр сууриа илэрхийлэх эрх нь нээлттэй байхад чуулганы хаалга хааж тэмцэх нь зүйтэй биш. Сонгуулиар мөнгө тараадаг байдлыг цэглэх хэрэгтэй. Өөрөөр, хэлбэл, иргэдийн саналыг худалдаж авдаг асуудлыг байхгүй болгоё гэж байгаа” гэсэн шийдвэрт хүрсэн байна.

Шударга “сонгуульдахгүй” бол юу болдгийг  хүн бүр мэдэж эхэлсэн тул Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр сонгуулийн хороодын дарга нар “номын дуу” сонсов. СЕХ  сургалт-семинарыг зохион байгуулах үеэрээ, хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгуулж тайлбарлахын хамт хуулийг хэрэгжүүлэхэд  анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Мөн өнөөдөр иргэдийн таалалд ихээхэн нийцэж байгаа “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийг  нээлээ. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх бүх төрлийн лавлагаа мэдээллийг 1234 тусгай дугаар руу холбогдон авч болно.  Энэхүү үйлчилгээнд энгийн тарифаар холбогдох гэнэ. Мөн зөвхөн өргөдөл, гомдлоо бичин, хариу авахыг хүсвэл  www.ub1234.mn веб сайтад хандах юм байна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө регистрийн дугаар болон 4 оронтой нууц дугаараа ашиглан интернетээр, мөн 1200 дугаарын утсанд холбогдож гаргасан өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг харах, мэдэх, хянах бүрэн боломжтой юм байна.

МАН-ын суулт, жагсаал, тэмцэл хэзээ, хэрхэн өндөрлөх нь хүн бүрт л сонирхолтой байгаа. Энэхүү маргааныг нэн даруй шийдвэрлэх хоёр зарчмын саналыг  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нартай өнөөдөр уулзаж,  хэллээ. МАН-ын удирдлагууд “Бид таны саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Бид бүлгийн гишүүдтэйгээ бас хэлэлцэх шаардлагатай байна” гэснээр уулзалт өндөрлөсөн юм. 

Ямартай ч Ерөнхийлөгч “Төрийн үйл ажиллагаа тасралтгүй, хуулийн дагуу явагдах ёстой. Үндсэн хуулийн зарчим зөрчигдөх учиргүй” гэдгийг анхааруулсан юм.

 Өнөөдөр бяцхан үрс минь хүүхдийн мөнгөө авч магнай тэнийн, ард түмэн улс төрийн намуудын мэтгэлцээнийг харзнаж, гэмтэл, осол гараагүй тайван атлаа улс төрийн хувьд өрнөлтэй өдөр болж өнгөрлөө.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж