Консепсьоны байдлыг цэргийнхэн хянаж байна гэж Бачелет мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Консепсьоны байдлыг цэргийнхэн хянаж байна гэж Бачелет мэдэгдэв

Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэн тонуулчид эзэгнэж байсан Консепсьон хотын байдлыг цэргийнхэн хяналтдаа авлаа гэж Чилийн Ерөнхийлөгч Мишель Бачелет мэдэгдлээ. Гуравдугаар сарын 1-ний өдөр хэсэг залуус тус хотын худалдааны төвийн байранд дайран орж дээрэм хийгээд гал тавьсан юм. Үүнээс нэг цагийн өмнө бас нэг ийм хэрэг супермаркетад гарчээ. Цагдаагийнхан тэдний эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн бөгөөд худалдааны төвийн байр бүрэн шатав. Үүний дараа Чилийн Засгийн газар Консепсьон болон эргэн тойронд тогтоосон хөл хорих дэглэмээ сунгахаар шийдсэн байна. Бачелетын хэлснээр газар хөдлөлтөд хамгаас их сүйрсэн Мауле болон хөрш Био-биод хэв журмын 11,9 мянган цэргийн албан хаагч сахиулж байна. Эдгээр мужуудын нутаг дэвсгэр дээгүүр нисэх хүчний 50 онгоц, нисдэг тэрэг эргүүл хийж буй ажээ.
Өнгөрсөн бямба гаригийн газар хөдлөлтийн хүч нь Рихтерийн шаталбараар 8,8 балл хүрч дагалдсан цунамийн давалгаанд Чилийн 11 хот болон олон арал нэрвэгдсэн байна. Нийт 795 хүн амиа алдаж  19 хүн сураггүй болсонд тооцогдон бүтэн хагас сая байр байшин нурж гэмтсэний 500 мянга нь сэргээх боломжгүй болжээ. Бараг хоёр сая хүн гэр оронгүй болсон байна.
Америкийн сансар судлалын NASA агентлагийн тийрэлтэд хөдөлгөөний лабораторийн эрдэмтэд Чилийн газар хөдлөлт дэлхийн хоногийн хугацааг секундын 1,26 сая хувиар багасгаж, дэлхийн тэнхлэгийг найман см-аар өөрчилжээ гэж тооцоолсон байна. Эрдэмтэд 2004 оны Суматрагийн 9,1 баллын хүчтэй газар хөдлөлт, дагалдсан цунамийн тооцоог гаргасан загварыг ашиглан дээрх тоог тогтоосон байна. 2004 оны гамшгийн дараа өдөр 6,8 миллисекундээр багасан дэлхийн тэнхлэг 7 см орчмоор хөдөлсөн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж