
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгож, иргэний оролцоог нэмэгдүүлэн, шууд ардчилалыг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийг өнөөдөр нээлээ. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийг хөгжүүлэх бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, нийслэлд шууд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хотын удирдлагууд өмнөө томоохон зорилт тавин ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдрийн та бидний үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа “Улаанбаатар сонсож байна” – Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн төв юм. Энэхүү төв маань ИРГЭН – ХОТ-ыг холбох өөрчлөлт шинэчлэлтийн гүүр болж ажиллана” гэж онцолсон юм. Тус төвийг мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан байгуулж байгаа бөгөөд иргэд Монгол улсын хаанаас ч утсаа ашиглан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудтай холбоотой асуудлаар санал хүсэлт, өргөдөл гомдол өгөх, лавлагаа мэдээлэл авах боломжтой юм байна.
Иргэд утаснаасаа “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвтэй холбогдохын тулд “1200” тусгай дугаар руу залгах бөгөөд энэ дугаар нь зөвхөн “Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах утас”-ны үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нэг минут нь 200 төгрөгийн тарифтай. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх бүх төрлийн лавлагаа мэдээллийг 1234 тусгай дугаар руу холбогдон авч болно. Энэхүү үйлчилгээнд энгийн тарифаар холбогдох гэнэ. Мөн зөвхөн өргөдөл, гомдлоо бичин, хариу авах боломжтой бол www.ub1234.mn веб сайтад хандан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх лавлагаа мэдэээлэл авна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө регистрийн дугаар болон 4 оронтой нууц дугаараа ашиглан интернетээр, мөн 1200 дугаарын утсанд холбогдож гаргасан өргөдөл, гомдлынхоо шийдвэрлэлтийн явцыг харах, мэдэх, хянах бүрэн боломжтой юм байна.
Д.ЖАРГАЛСҮРЭН