Орчин үеийн бүжгийн “Натурданс” студи, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгатай хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор найруулан дэглэсэн “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг энэ сарын 24, 25-нд 19.00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа толилуулах гэж байна.
Тус бүжгэн жүжигийг “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг дэглэн найруулагч, продюсераар Д.Энхбаяр ажиллажээ. Уг бүтээл нь модерн бүжгийг үндэсний бие биелгээтэй хослуулан тайзнаа анх удаа тавьж буй гэдгээрээ онцлог аж. Тиймээс хөгжмийн найруулгийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр тун өвөрмцөөр хийсэн бол тайзны зураачаар Н.Содномдорж, бүжгэн жүжгийн хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг нар ажиллажээ.
“Дөрөө” модерн бүжгэн жүжгийн тайз засал гэхэд л аварга том тогорууны өндөр, дөрөөг байрлуулах ба өндөгнөөс нугараачид гарч ирэн бүжиглэх бол бүжигчдийн хувцасыг Кидан, Түрэгийн үеийн түүхэн судалаан дээр үндэслэн хийсэн гээд модерн бүжиг жүжгийн түүхийг шинэчлэх хэмжээний томоохон бүтээл болж буйг уран бүтээлчид нь онцолсон юм.
“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралданаас шалгаруулсан байна. Тус уралдаанд нийт долоон бүтээл өрсөлдсөнөөс “Дөрөө” модерн бүжгэн жүжиг шалгарч, МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” ХХК-ны санхүүжилтээр олон нийтэд хүргэхээр болж байгааг уран бүтээлчид нь дуулгасан юм.
Цоо шинэн хөгжим, бүжгийн өвөрмөц дэглэлт бүхий “Дөрөө” модерн бүжгэн жүжигт “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Тус бүжгэн жүжиг нь хоёр бүлэг зургаан үзэгдэлтэй ба үзэгч олон тэр дундаа орчин үеийн хүүхэд залуучуудад хүрээлэн буй байгаль орчиндоо зөв зохистой хандаж, эх байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэн хайрлан дээдлэх сэтгэлийг дэврээхийг зорьжээ. Тоглолтын тасалбар 20, 25 мянган төгрөг юм байна.