Ажлын хэсгийн тайланг сонслоо

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн тайланг сонслоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, 2013 оны Төсөвийн ажлын хэсгийн танилцуулга болон сүүлийн үед үүсээд буй МАН-ын гишүүдийн чуулганы хуралдаан тасалдуулсан зэрэг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
2013 оны Төсвийн тодотголын төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдын багцад байгаа шинэчлэлийн төсөлд зориулагдсан 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах болон Оюутолгойн гэрээг шинэчлэх, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох зэрэг асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна.

АН-ын зүгээс Ерөнхий сайдын багцад тусгагдсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг Засгийн газарт тайлагнана гэсэн бөгөөд Оюутолгойн гэрээг шинэчилнэ гэсэн байр суурин дээрээ байгаа гэв. Харин багш нарын тэтгэлэгтэй холбоотой асуудлыг тал талаас нь ярих хэрэгтэй гэсэн байр сууринаас хандахаа АН-ын бүлэг илэрхийллээ. Уг тэтгэлгийн хууль нь сонгуулийн өмнөхөн батлагдсан тул Монгол Улсын төсөвт хүндрэл учруулж байгаа аж. Монголд 30 гаруй мянган багш байдаг. Үүний цаана төрийн үйлчилгээний 116 гаруй мянган ажилтан байдаг юм байна.

 Харин эдгээр ажилтанд нийтээр нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох нь нийгэмд сөрөг үр дагавар авчирч болох талтай гэж үзэж байна. Учир нь төрөөс дээрх тэтгэмжид зориулж дунджаар жил болгон 150 тэрбум төгрөг олгохоор болж буй. Эл мөнгөөр багш нарыг тэтгэх бус, сургалтын өгөөжийг нэмэгдүүлэх, материаллаг баазыг сайжруулах нь зүйтэй гэж АН-ын бүлэг үзэж байгаа аж.

Мөн тус намын бүлгийн хуралдаанаар МАН-ын жагсаал, тэмцлийг тайлбарлахдаа, “Өвөрхангай аймгийн тойргийн хороо хуулийн дагуу шийдвэр гаргаж, түүнийг нь үндэслэн СЕХ шийдвэрээ гаргасан. УИХ-ын 10-р тойргийн асуудалд МАН саналаа илэрхийлж, байр сууриа илэрхийлэх эрх нь нээлттэй байхад чуулганы хаалга хааж тэмцэх нь зүйтэй биш. Сонгуулиар мөнгө тараадаг байдлыг цэглэе гэсэн. Өөрөөр, хэлбэл, иргэдийн саналыг худалдаж авдаг асуудлыг байхгүй болгоё гэж байгаа. Сонгогчдын саналыг худалдаж авах асуудал гарсан нь ганцхан Өвөрхангай ч бус Увс, Завхан, Дорноговь зэрэг аймгууд байгаа. Хэрвээ сонгуулийн явцад  иргэдийн саналыг татах зорилгоор хууль бус үйлдэл гаргасан бол гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байх ёстой. Эргүүлэн татсан нөхцөлд сонгуулийн тогтолцоо шударга болно” гэж намын бүлэг үзэж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж