Г.Батхүү, Д.Зоригт нарыг Өвөрхангай руу алхуулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Г.Батхүү, Д.Зоригт нарыг Өвөрхангай руу алхуулахгүй

Өвөрхангай аймаг буюу сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын ялалтыг баталгаажуулахыг хүссэн айм­гийн иргэд Улаанбаатарыг зорин ирж, Төрийн ордны гадна жагссан. Үүнтэй зэрэгцэн Өвөрхангай аймагт ч мөн жагсаал болж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Тиймээс бид энэ талаар сурвалжлахаар Өвөрхангай аймгийг зорилоо.

УИХ-ын сонгууль болж өнгөрснөөс хойш дөрвөн сар өнгөрлөө. Харин энэ хугацаанд АН-аас дэвшсэн хоёр нь нэр цэвэр, МАН-аас дэвшсэн хоёр нь хар толботой болж хувирав. Үнэндээ бол Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг луйвардсан гэдэгт Өвөрхангайчууд бат итгэлтэй байгаа юм билээ. Гэтэл эрхэм нэр дэвшигчид ичих ч үгүй тангараг өргөх гээд Төрийн ордонд хөл тавьсанд иргэд ундууцсан нь мэдээж. Тэднийг тэмцлийн арга хэлбэрт шилжсэнийг нь ч буруутгах аргагүй юм. Ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу сонголтоо хийсэн. Түүндээ ч сэтгэл хангалуун байсан аж. Харамсалтай нь түмний санал биелэлээ олж, сонгогдсон хүмүүс нь суудалдаа суусангүй. Тийм учраас сонголтынхоо төлөө тэд тэмцэж эхэлсэн нь энэ. Өвөрхангай аймгийн иргэд энэ асуудалд байр сууриа илэрхийлэхээр Хөгжимт драмын театртаа цуглажээ. Тэд “Сонголтоо баталгаажуулах” хуралд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга И.Доржсүрэн тэргүүтэй хүмүүс ирсэн юм. Мөн олон иргэн хүрэлцэн ирж гомдлоо илэрхийлэн, үнэний төлөө үгээ хэллээ. 

Монголчууд тунхаглах дуртай ард түмэн. Ардчилсан Ерөнхийлөгч маань ч бас иргэдийнхээ сонголтыг “Дээд” гэж ярьж бас бичдэг. Гэтэл энэ ардчилсан нийгэм нь өөрөө худал хуурмаг, булхайгаар дүүрчихээд түүндээ хэт бялуурч байна гэлтэй. Хүмүүсийн барьж суусан лоозон дээрх “Засгийн эрх барьж буй Ардчилсан нам, Ардчилалгүй нам болсон” гэдэгтэй яг адилхан.

Бид Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй уулзсан.

Тэрбээр “Зургадугаар сарын 28-нд сонгууль болсны дараагаар С.Чинзориг 48, Н.Төмөрхүү 43, Г.Батхүү 40, ДЗоригт 34, Шийлэгдамба 12 хувийн саналыг тус тус авсан байгаа юм. Өөрөөр хэлбэл С.Чинзориг Г.Батхүүгээс 3554, Д.Зоригтоос 6698, Н.Төмөрхүү Г.Батхүүгээс 1328, Д.Зоригтоос 4472 орчим саналаар илүү гэсэн үг. Хэдэн зуу биш хэдэн мянган хүний саналын зөрүүтэйгээр санал авч Өвөрхангайчуудын итгэлийг хүлээжээ. Гэтэл байдал ийм байхад иргэдийн сонголтыг үл хүндэтгэн Г.Батхүү, Д.Зоригт нь гишүүн болох шахлаа. Энэ бол Монгол Улс ард түмнийхээ саналыг уландаа гишгэдгийг тод томруун жишээ. Уг нь Сонгуулийн ерөнхий хороо ард түмнийхээ өгсөн саналыг нэгтгээд төрийн тэргүүнд өргөн барьж, баталгаажуулах үүрэгтэй байгууллага. Харин өнөөдрийн энэ байдалд санал баталгаажуулах бус хэн нэгэн эрх мэдэлтний утсан хүүхэлдэй болчихжээ гэдэг хардлагыг төрүүлж буй юм. Сонгуулийн ерөнхий хороо долдугаар сарын 6-нд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхдээ С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүхийн шийдвэртэй гэдгээр өргөн бариагүй. Шүүхийн шийдвэр ямар шалтгаанаар гарсныг сөхөн үзвэл Г.Батхүү, Д.Зоригтын бие төлөөлөгч, өмгөөлөгч нар нь долдугаар сарын 2-нд Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Харин тэдний өгсөн өргөдлийг 3-нд нь хэлэлцээд Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Мөнхбаяр шийдвэр гаргачихаж. Шүүх ард түмний эсрэг маш хурдан бас гайхалтай ажилласан гэж харж болохоор” гэж ярилаа. Монголын түүхэнд байгаагүй шуурхай ажилласан байгаа юм. Тэдэнд ард түмнээ хүндэтгэх, шүүгчийн нэр төрөө бодох сэтгэл байсангүй.

Сонгууль бол өрсөлдөөн. Өр­сөл­дөөнд нэг нь ялж, нөгөө нь хожигддог жамтай. Харин ялагд­сан нь чимээгүйхэн тахимаа өгөх нь улс төрийн хамгийн том соёл. Тахимаа соёлтой өгч байж ирэх сонгуульд дахин өрсөлдөх эрхтэй болох биш үү. Том цолтой бөхөд уначихаад тахимаа өгөхгүй гоншигнож байхад ард түмэн “Арчаагүй юм. Эр хүний шинжгүй” гэж чичлэдэг. Яг үүнтэй адил зүйл Өвөрхангайд өрнөж, одоо иргэд нь залхаж, эцэсдээ тэмцлийн хэлбэрт шилжсэн нь энэ. УИХ-д нь аль эсвэл ардын хүүхэд гарч болдоггүй сүрхий газар хэрэг үү. Заавал баян тарган, архитай, банктай хүмүүс байх ёстой юмуу гэдгийг эрхэм эрх мэдэлтнүүдээс асууя… Г.Батхүү, Д.Зоригт нарыг ард түмэн сонгоогүй биш сонгож, итгэл хүлээлгэсэн. Гэхдээ энэ удаад болно гэж үзсэн учраас сонголтоо арай өөрөөр хийсэн ч санаанд ч оромгүй булай, шившигтэй үйлдэл болж хувирсанд иргэд бухимдаж, жагсч байна.

Түүнчлэн саналаа өгсөн ард хэлмэгдэж байгааг хурлын үеэр цөөнгүй хүмүүс хэлсэн. Сонгууль дууссанаас хойш олон л юм болсон. Харамсалтай нь С.Чинзоригийн ээж хүүгийнхээ УИХ-д суухийг нь хүлээж чадалгүй хорвоог орхисон. Ард түмнийхээ саналыг авсан биш ялтан болох шахсан. Сонгогчид саналаа өгсөн биш ялтан болох дөхсөн гээд энэ асуудал даамжирвал Өвөрхангайн санал өгсөн иргэдийг цагдаа шалгах, хэрэг үүсгэж магадгүй л бололтой. Аймгийн Засаг даргын хэлж буйгаар 70 гаруй хүнийг байцаасан. Тэдгээрээс 10 хүнд эрүү үүсгэсэн гэж байсан. Бид эрүү үүсгэсэн иргэдтэй уулзаж ярилцахыг хүссэн боловч тэд айдастай байгаа учраас яриа өгөхийг хүссэнгүй. Ингээд Өвөрхангай аймгийн гуравдугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга А.Болорзулаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Таныг сонгуультай хол­боотойгоор эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн?

-Аймгийн цагдаагийн газар байцаалт авсан. Өөрийнхөө өмнө нь хийж байсан ажил, албан тушаалыг ашиглаж жагсаалтаар хүнд үүрэг өгч юм тараалгасан уу гэж асууж байна билээ. Тэгэхээр нь би “Үгүй” л гэж хариулсан.

-Иргэдийг бас байцааж байгаа гэсэн мэдээлэл байна. Иргэдээс мэдээлэл авах гэтэл болгоомжлоод байна л даа?

-Манай багаас ч гэсэн хүмүүсийг дуудаж байцаалт авсан гэсэн. Тэдний хувьд нэлээд айдастай байгаа. Сонголтоо өгснийхөө төлөө шүүх цагдаа болоод хэцүү байгаагаа хэлсэн.

-Байцаалт ямар хэлбэрээр явагдав. Тулган шаардсан юм биш биз?

-Ер нь юм тараасан гэсэн байдлыг л нотлох гээд байгаа юмуу гэж ойлгосон. Тийм асуудал ерөөсөө байхгүй, мэдэхгүй гэсэн. Сүүлдээ нэр төрөө сэргээлгэнэ, иргэний шүүхэд хандана гэж хэлсэн.

Үүнээс үзэхэд аймгийн цагдаагийн газрын тусламжтайгаар бузар гүтгэлэгээ гүйцэлдүүлэхээр иргэдийг дарамталж эхэлсэн бололтой. Монголын түүхэнд иргэд сонголтоо хийснийхээ төлөө гэмтэн болж, нэр дэвшигч санал авсныхаа төлөө ялтан болдог явдал даанч байхгүй юмсан. Хүн мөнгөтэй, эрх мэдэлтэй байж болно. Гэтэл бас мөнгөөр худалдан авч болдоггүй юм байдаг юм. Тэр бол ард түмний санал бас сонголт.

Юутай ч энэ уулзалтад хүрэлцэн ирсэн хүмүүс Г.Батхүү, Д.Зоригт нарын өмнөөс нүүр ч яамай байна. Бүр “Бөгс” нь улайж буйгаа илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, цагдаагийн байгууллага Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүн болговол Өвөрхангай аймгийн энэ сайхан ариун цэвэр газар шороон дээр хүлээн авахгүй, нэг ч алхуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Ер нь энэ нийгэмд ард түмний сонголт үнэгүйдэж, санал нь хүчингүй болдог сонин тогтолцоо үүсч буйн илрэл энэ болоод байгаа юм биш үү. Монголын ардчиллын тухай лекц уншиж яваа Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд нь энэ асуудлыг анхаарахгүй бол мөнгө бүхнийг ялдаг болсон өнөөгийн шударга бус нийгэмд ард түмний санал алга болдог гайхалтай үзэгдэл тогтох төлөвтэй л байна шүү.

О.МӨРӨН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж