“Хууль зөрчсөн бол торгуулиа төлөх ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

“Хууль зөрчсөн бол торгуулиа төлөх ёстой”

УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы танхимын хаалгыг хааж, УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийг тангараг өргүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, пүрэв, баасан гаригт суулт хийсэн билээ. Үүнээс болж УИХ-ын чуулганы хуралдаан хоёр хоног саатаад буй. Үүнтэй холбогдуулж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын чуулганы танхимыг хааж, хоёр өдрийн турш чуулганыг завсардуулсныг хууль зөрчсөн гэж үзэж байна?

-УИХ-ын  10-р тойргийн нэр дэвшигчдийг нэр дэвшүүлэх эсэх дээр  МАН-ын гишүүд эсэргүүцлээ илэрхийлж, чуулганы танхимыг хааж суусан. Энэ асуудал зөв үү, буруу юу гэдэг дээр УИХ-ын Тамгын газар байр суурь илэрхийлэх боломжгүй. Учир нь энэ нь улстөрчдийн хүрээнд шийдэгдэх асуудал. Харин энэ асуудлаас болж УИХ-ын чуулганы хугацаа завсардана гэдэг дээр тайлбар өгөх боломжтой. УИХ-ын нэгдсэн чуулган зарлагдсан бол заавал болох ёстой. УИХ-ын чуулганы хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ярилцаж, товыг тогтоож,  түүний бэлтгэлийг УИХ-ын Тамгын газар бэлтгэх ёстой байдаг. Ер нь бол тухайн  өдрийн хэлэлцэх асуудал дээр хурал даргадагч нь хэлэлцэх эсэхийг гишүүдээс санал авч хэлэлцэнэ. Харин МАН-ын гишүүд чуулганы хуралдаан дээр өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломжтой байсан. Энэ нь УИХ-ын бүх гишүүдэд нээлттэй. Чуулганы хуралдааныг хааж суусан асуудлыг суулт хийсэн гэж үзэх эсэхийг тогтоох байх.

-Төрийн ордны тухай хууль, УИХ-ын гишүүний бүрэн эрх  хоорондоо зөрчилдсөн үү гэх асуудал яригдаж байх шиг байна?

-Монгол Улсын хуулийг иргэн, албан тушаалтан, УИХ-ын гишүүн аль нь ч бай бүгд дагаж мөрдөх ёстой. Хэдий жагсаал, цуглаан хийж байгаа ч хуулийн хүрээнд үгээ илэрхийлж, жагсах, тэмцэх ёстой. Төрийн ордны тухай хуулийн  11.1.4 “Төрийн ордонд түүний нутаг дэвсгэр дээр жагсаал, цуглаан суулт хийх зэргээр шаардлага илэрхийлэх хориотой ” гэсэн байдаг. Чуулганы хаалгыг хааж, нэгдсэн чуулганы хийлгээгүй нь буруу. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд хаалгыг хааж суусан тохиолдолд тэднийг холдуулах зорилгоор ямар нэгэн үйлдэл хийвэл гишүүний бүрэн эрхэд халдсан асуудал болно. 

-УИХ-ын гишүүний хувьд  үгээ хэлэх, жагсах, чуулганы танхим хааж суух нь хэр зүйтэй юм бэ?

-УИХ-ын гишүүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ УИХ-ын гишүүн ч бай, иргэн хүн ч бай байр сууриа илэрхийлэх, үг хэлэх эрхээ эдлэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Хуулиас давсан ямар нэг үйл ажиллагааг бол таслан зогсоох ёстой юм. Зайлшгүй үгээ хэлэх шаардлага бий болвол бусад улстөрийн хүчинтэй зөвшилцөх, асуудлыг шийдвэрлэх гээд олон арга байна.

-МАН-ын гишүүд хууль зөрчөөгүй, дахин суулт хийнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа шүү дээ?

-Төрийн ордон бол өөрөө төрийн тусгай хамгаалалттай обьект. Бусад газар нь зөвшөөрлөө аваад жагсаал хийж, үгээ хэлэх эрх нь нээлттэй.

-МАН-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх үү?

-Төрийн ордны хуулийн хориглох зүйлийг зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Төрийн ордны тухай хуулийн 13.1.4-т заасныг зөрчиж, Төрийн ордны ойролцоо жагсаал цуглаан, суулт хийх, шаардлага илэрхийлэхдээ хууль зөрчсөн бол иргэнийг 20-50 мянга, албан хаагчийг 20-60 мянга, байгууллагыг 20-250 мянган төгрөгөөр тус тус торгоно гэсэн заалт бий.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж