
Ардын намынхны суулт өмнө нь “гудамжинд” тэмцэж явсан зарим гишүүний бахыг хангав бололтой. Тэднээс гадна Төрийн ордонд ойрд үзэгдээгүй УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, Ц.Шинэбаяр нар ч Ардын намын гишүүдийг “эргэж” ирсэн юм. О.Баасанхүү, Г.Уянга нарын гишүүдийн хувьд суулт хийж байсан гишүүд дээр байсхийгээд л ирж, үе үе хорон үг амнаасаа унагаж байлаа. Г.Уянга “Шүүх засаглал дампуурсныг харуулах үй олон жишээ бий. Гэв гэнэт тэнгэрээс унаад ирсэн юм шиг та нар ингэж аашлах хэрэггүй шүү дээ” гэж ирээд л загнах шахсан. Мөн “Бид нар өмнө нь ингэж тэмцдэг байлаа. Та нар одоо тэгж байна” гэсэн утгатай зүйл ярьж шүүмжилсэн юм. Түүнийхээр Ардын намынхан чуулганаар хэлэлцэх асуудлын талаар эсэргүүцлээ илэрхийлэхдээ чуулганы танхимын үүдэнд биш Сүхбаатарын талбайд жагсах ёстой байсан бололтой. Нэг ёсондоо Г.Уянга гишүүн тэмцлийг хаана үргэлжлүүлбэл үр дүнд хүрч болдгийг болон тэмцэж байсан үеэ мартсан бололтой.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин.