“Original hip hop” тоглолт давтагдашгүй болсон

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

“Original hip hop” тоглолт давтагдашгүй болсон

“Өглөөний мэнд” буландаа реппэр Gee-г урьсан юм. Түүнээс энэ сарын 20-нд болсон “Original hip hop” тоглолтын талаар болон өчигдөр болсон “After party”-ны талаар сонирхсон юм.

-Өглөөний мэнд. Таны хаана байгааг сонирхож болох уу?

-Өчигдөр (уржигдар) тоглол­тоо амжилттай хийж бас их ядарсан учраас одоо гэртээ байна. Өнөөдөр (өчигдөр) болох “After party” шоунд бэлтгэж байна.

-“Onyx” хамтлагийнханд Монгол орон хэр санагдав?

-Тийм ээ. “Onyx” хамт­лагийнхан Монголд анх удаа ирсэн учраас сэтгэгдэл их өндөр байсан. Тэд их барилга баригдаж байгааг хараад гайхсан шүү. Тэгээд “Энэ олон барилга баригдаад дуусвал Улаанбаатар их сайхан хот болох байх” гэж байсан.

-“Original hip hop” тоглолт сайхан боллоо. Тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваал­цахгүй юу?

-Сэтгэл үнэхээр өндөр байна. Зүйрлэж хэлэх үг ч олдохгүй юм. Уур амьсгал сайхан байсан гэдгийг хэлмээр байна. “Original hip hop” тоглолт мартагдашгүй бас давтагдашгүй болсон.

-“Onyx” хамтлагийнхан Монголын хип хопыг юу гэж дүгнэсэн бол?

-“Оnyx” хамтлагийнхантай Монголын хип хопын хөгжлийн талаар ярих зав яг үнэндээ олдоогүй. Учир нь хамтарсан бэлтгэл, уулзалт, телевизүүдэд өгөх ярилцлага гээд төлөвлөсөн олон ажил байсан учраас тухтай ярих зав олдсонгүй. Өнөөдөр болох “After party”-ны үеэр “хов жив” ярилцах байх.

-Энэхүү үдэж өгөх шоунд “Onyx” хамтлагийнхан дуулах болов уу?

-Уг шоунд Dj Заяа, “Lumino” хамтлаг, бас миний бие оролцох болно. Энэ шоу нь тус хамтлагийнхныг үдэж өгөх зорилгоор хийж байгаа болохоор “Onyx” дуулахгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ яаж ч магадгүй. Тэд сэтгэл нь хөөрвөл шууд тайзан дээр гараад микрофон булаагаад үглэж мэдэх л залуус шүү дээ (инээв).

-Дэлхийн хип хопын амьд домог болсон хамтлагтай хамтарсан тоглолт хийнэ гэж мөрөөдөж байв уу?

-Үгүй ээ. Гэхдээ мөрөөдөл биелсэнд баяртай байна. Энэхүү хамтарсан тоглолтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн “Double C” брэндийн дэлгүүрийн хамт олонд баярласнаа хэлмээр байна.

-Уран бүтээлийн өндөр амжилт хүсье?

-Баярлалаа

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж