“Харцагууд”-ын хожигдол бүр том сургамж

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

“Харцагууд”-ын хожигдол бүр том сургамж

Пэпси дээд лигийн аварга, “Энержи Ресурс” компанийн “Харцагууд” Ливаны нийслэл Бейрут хотноо аравдугаар сарын 15-нд эхэлсэн FIBA Asia Champions Cup буюу Азийн “Аваргуудын цом”-ын тэмцээнд оролцож, урьдчилсан шатны дөрвөн тоглолтод ялагдсанаар тэмцээнийг орхисон билээ. Анх удаа тивийн шилдгүүдтэй өрсөлдсөн Монголын сагсан бөмбөгчдийн талаар тус тэмцээний албан ёсны сайтад гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.

Бейрут, Ливан (FIBA Asia Аваргуудын цомын тэмцээн): FIBA Asia-гийн 23 дахь удаагийн Аваргуудын цомын тэмцээнд оролцсон Монголын “Энержи Ресурс”-ын “Харцага” баг урьдчилсан шатны дөрвөн тоглолтод хожигдсон ч багийн дасгалжуулагч М.Амаржаргал тэмцээний үр дүнд сэтгэлээр унасангүй. Өнгөрөгч мягмар гаригт Иракийн “Духок” багт хожигдсон тоглолтын дараа тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Бид зөвхөн туршлага хуримтлуулж, чансаагаа тогтоохоор ирсэн. Бэлтгэлээ эхлүүлсэн өдрөөс л би үүнд бэлэн байсан” хэмээн тэмцээнд оролцох болсон тухайгаа тодорхойлжээ. Мөн тэрбээр “Өрсөлдөгч багууд тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан ийм хэмжээний тэмцээний хувьд бид чансаагаа мэднэ. Тэмцээнд оролцож байгаа таван багийн хоёр нь Азид тэргүүлэх хэмжээний багууд. Ази тивд сагсан бөмбөгийн багийн стандарт тогтоогчид гэж болно. Манай багийн тоглогчид энэ хүчирхэг багуудтай өөртөө итгэлтэй, зоригтой өрсөлдсөнд сэтгэл хангалуун байна. Үнэнийн хэлэхэд ийм төвшинд өрсөлдөх нь Монголын сагсан бөмбөгийн ертөнцөд шинэ зүйл болж байна. Бид бүгд Монголын сагсан бөмбөгийн стандартыг сайжруулах талаар тууштай ажиллаж байгаа. Тэмцээнээс хуримтлуулсан дадлага, туршлага цаашид ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

“Магадгүй, зарим талаара бид энэ тэмцээнд төдийлөн сайн төлөвлөж, бэлтгэл хангаагүй байх. Гэхдээ давтаад хэлэхэд энэхүү төвшний тэмцээнд бид анх удаа оролцож байна. Дараагийн удаа бид илүү хүчтэй болно. Мөн энэ тэмцээнд бид гадны тоглогчдыг оролцуулсангүй. Бид анхнаасаа залуу баг оролцуулж, тэдэнд туршлага суулгая гэж бодсон юм. Гэхдээ энэ бодол маань алдаа байсныг ойлголоо. Бид сургамж авч, алдаагаа ухамсарлалаа. Дараагийн удаа та бүхэнтэй Монголын илүү хүчтэй баг учрах болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: www.fibaasia.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж