“Охины минь хүсэл мөрөөдлийг няц дарчихлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

“Охины минь хүсэл мөрөөдлийг няц дарчихлаа

Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж, 12 настай бяцхан охины аминд хүрсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 3-нд гарсан билээ. Талийгаач охины аав Б.Батсайхан, өмгөөлөгч М.Энхнаран нар өнөөдөр  хэвлэл мэдээллийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Талийгаачийн аав охины 49 хоног өнгөрсөн тул өнөөдөр ийнхүү хэвлэлийнхэнд хандаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож, барилгын хуульд өөрчлөлт хийхийг хүссэн юм.  Түүнтэй ярилцлаа.

-Охиныхоо талаар та ярих боломжтой юу. Хаана сурдаг, ямар хүүхэд байв?

-Миний охин Б.Есүгэн “Радуга” дунд сургуулийн 8Б ангид сурдаг байсан юм. Шүлэг зохиож, дуу дуулах дуртай байсан. Одоохондоо охиныхоо зураг, зул хоёрыг харж л амь зогоож байна. Үлдэж хоцорсон өнчин янзага шиг дүү, зовж шаналсан ээжийг нь харах бүр өр урагдаж, 12-хон настай бяцхан охины минь хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсан оюун бодолт тархийг нь няц дарсанд одоо ч итгэхэд хүнд байна. Харамсаад барахгүй хэцүү зүйл бидэнд тохиолдсон.

-Та энэ осолд хэнийг буруутгаж байгаа вэ. Ер нь бол олон байгууллага буруутаж байгаа?

-Энэ нийгмийн бодлого, төрийн ажил хариуцлагагүй явж ирсний хор уршиг бяцхан охиныг минь үхэлд хүргэсэн. Төрийн буруу бодлого хээл хахууль, авлига, хүнд суртлыг өөгшүүлж, бизнес эрхлэгчдийн үзэл бодлыг доройтуулсан гэж би боддог. Үнэхээр яах ёстойгоо сайн мэдэхгүй л байна. Гэхдээ би жирийн эцэг хүний хувьд энэ асуудалд анхаарал тавиач ээ гэж эрх мэдэлтнүүдэд хандан захидал явуулъя гэж бодсон.

-Захидлынхаа талаар тодруулахгүй юу?

-Захидлын нэг хувь нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид очно. Монголын ард түмний эцэг гэдэг утгаараа би түүнд хандах ёстой гэж бодсон. Мөн эрх мэдэл бүхий хүмүүст хандаж, барилгын салбарт үүсээд байгаа шударга бус бүх зүйлийг таслан зогсоохыг бид хүсч байна. Олон хүний аминд хүрч, эрүүл мэндэд нь хохирол учруулаад байгаа барилгуудад нэн даруй хариуцлага тооцох хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа болон Барилга, хот байгуулалтын газрын дарга нарт дээрх захиагаа мөн хүргүүлэх болно.

-Та бүхэн хавтаст хэрэгтэй танилцсан уу. Хэрэгт хэн хэнийг сэжигтнээр татан шалгаж байгаа вэ?

-Хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорын байгууллагад шилжүүлэх үед биднийг хавтаст хэрэгтэй танилцуулна гэсэн. Ямартай ч энэ хэрэгт зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байгаа. Бидний зүгээс гүйцэтгэгч болон захиалагч байгууллагын удирдлагуудыг давхар шалгаж өгөх хүсэлтийг Баянгол дүүргийн цагдаагийн газарт гаргасан.

-Компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн үү?

-Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гүйцэтгэгч компани болох “Төгс гүрэн” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн гэж бидэнд мэдэгдсэн байгаа. Энэ талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.

-Захиалагч, гүйцэтгэгч компанийнхан та бүхэнтэй уулзаж байгаа юу?

-Захиалагч компанийн /MUDI компани/ хүмүүс намайг эзгүйд 2-3 удаа ирсэн гэсэн. Гэхдээ надтай уулзаагүй байгаа. Харин бусад компаниуд холбоо бариагүй.

-Таныг охиныхоо дурсгалд зориулан “Есүгэн” сан байгуулсан гэж сонссон?

-Тийм ээ.  Миний охин шиг өөр бяцхан үрс хэн нэгний буруугаас болж амиа алдахыг бид хүлээн зөвшөөрөх арга алга. Тиймээс энэ бүхэнтэй хамтран тэмцэх, сэтгэл санаа нийлэх хүмүүсийг нэгдээсэй гэж хүссэн учраас сан байгуулах бодолтой байгаа. Гэхдээ албан ёсоор нээгээгүй байгаа.


ХЭРГИЙГ САНУУЛАХАД,


Хэргийг сануулахад, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд гарцаар гарахаар ээж, дүүтэйгээ хөтлөлцөн явсан 12 настай Б.Есүгэн охины дээрээс барилгын зуурагч машины хошуу унаж, охин газар дээрээ амиа алдсан хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 03-нд гарсан юм.

Шалгалтын явцад тухайн барилга нь барилга барих зөвшөөрөлгүй, барилгын зураг төслөө хянуулж батлуулаагүй, охины дээрээс унасан гэх хошуу суурилуулсан машин нь барилгад ажиллуулах зөвшөөрөлгүй байсан нь тогтоогдсон. “MUDI” компанийн захиалгаар баригдаж буй зөвшөөрөлгүй барилгын гүйцэтгэгчээр “Төгс гүрэн” компани ажилладаг юм.  Уг барилгыг гурван давхар бариад байх үед нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан мэдэж, “Үйл ажиллагааг нь зогсоох” мэдэгдлийг өнгөрсөн тавдугаар сарын үед хүргүүлсэн байдаг ч мэдэгдлийн дагуу арга хэмжээ аваагүй байсан нь тогтоогджээ.

Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст охины үхэлд буруутай этгээдүүдийг шалгаж, мөрдөн байцааж байгаа. Албаны эх сурвалжийн мэдээлснээр ослын хэрэгт зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байна.


Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж