ӨАБНУ аюулгүй, амгалан газар уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.18-нд нийтлэгдсэн

ӨАБНУ аюулгүй, амгалан газар уу?

Ирэх сард эхлэх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр олон тооны жуулчин Өмнөд Африкийн Бүгд найрамдах улс /ӨАБНУ/-ад ирэх гэж байгаатай холбоотойгоор тус улсын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар “BBC” агентлаг мэдээлж байна.
ӨАБНУ нь гэмт хэргийн гаралтаар дээгүүрт бичигддэг орон. Өдөрт дунджаар 50 орчим хүн бусдад хорлогдон амиа алддаг. Жилдээ 18,000 орчим хүн гэмт хэргийн улмаас амиа алддаг бол мөн 18,000 хүн хохирогч болдог байна. Сонины нэг буланд нь нас барсан хүмүүсийн тухай мэдээлэл байнга гардаг. Дөрөвдүгээр сард арьс өнгөний үзэлт цагаан арьстан Eugene Terrblanche болон “Teazers” стриптиз клубын эзэн Lolly Jackson нарын цогцос Johannesburg хотын дөнгөж гаднаас олдсон.
Тэгэхээр дэлхийн аварга үзэхээр явж байгаа хөлбөмбөгийн фенүүд айдастай байх хэрэгтэй юу? Энэ бол хариулахад төвөгтэй асуулт юм гэж ӨАБНУ-ын Аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач  Johan Burger ярьж байна.
“Ерөнхийдөө ӨАБНУ-д хүн амины хэргийн гаралт өсөх биш буурч байгаа. Хэдийгээр хүн амины хэрэг маш их байгаа ч 1995 онтой харьцуулахад 44 хувь буурсан. Түүнчлэн зарим бүс нутаг, дүүргийн хувьд илүү их гэмт хэрэг гардаг нь анхаарал татдаг. Үүнд ажилгүйдэл нөлөөлж байгаа бололтой” гэж тэр ярьж байна.
2008-2009 онд 61.4 сая хүнтэй Их Британид 662 хүн амины хэрэг гарсан бол 47 сая хүнтэй ӨАБНУ-д хүн амины 18,148 хэрэг гарсан. Тус хугацаанд хүн амины хэргээс бусад танхай, дээрэм, эд хөрөнгийн эсрэг гэх мэт бусад гэмт хэрэг 203,777 удаа гарсан байна. ӨАБНУ-д хамгийн их гардаг гэмт хэргийн нэг нь авто машины дээрэм. Зарим газрыг автомашин болон жолоочид аюултай гэж үздэг бөгөөд тийм газар жолооч нар улаан гэрлэн дохио ассан ч зогсохыг хүсдэггүй. Түүнчлэн гудамжны дээрэм, танхай тасрахгүй байнга гардаг. Дэлхийн аваргын тэмцээн болох гэж байгаа нь орлогыг нь нэмэгдүүлэх болно гэж гэмт хэрэгтнүүд бодож байгаа гэж цагдаагийн ажилтан ярьж байсан. ӨАБНУ хөлбөмбөгийн тэмцээний үеэр аюулгүй байдлыг хангана гэж амалж байгаа ч тэр нь баталгаатай байж чадах эсэхэд олон хүн эргэлзэж байна.
Дашрамд дурдахад 100,000 хүнд ноогдох хүн амины гэмт хэргээр улс орнуудын гэмт хэргийн нөхцөл байдлыг олон улсад зэрэглэдэг. 2004-2005 оны статистикаар 100,000 хүнд ноогдох хүн амины хэрэг Их Британид 2.03 гарч байсан бол Өмнөд Солонгост 2.18, Хятадад 2.2, АНУ-д 5.9, Мексикт 11, Монголд 13.1, ОХУ-д 24.5, Өмнөд Африкт 39.5 гарч байсан байна.
Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж