-Дамбадаржаагийн замыг хааснаар тус замаар явдаг байсан Үйлдвэр-Бэлх, Япон цэргийн цогцолбор-Вокзал гэх хоёр чиглэлийн автобус эцэстээ хүрэхгүй Долоон буудал дээр ирээд буцдаг болсон. Одоо ямар ч автобус Дамбадаржаа руу явахгүй байгаа. Уг нь Долоон буудалд Дамба руу явдаг хувийн жижиг машинууд байдаг. Энэ замыг нээх хүртэл эдгээр машинаар явъя гэж бодож байтал тээврийн хөлсөө нэмчихсэн. Уг нь нэг хүний 400 төгрөгөөр явдаг байсан юм. Гэтэл автобус явахаа больчихсон чинь 2000 төгрөгөөр, орой 21.00 цагаас хойш 3000 төгрөгөөр явдаг болсон. Ажил, гэр рүүгээ энэ замаар л явдаг болохоор хувийн машинуудад суухаас өөр аргагүйд хүрдэг. Зам засах байсан юм бол зун засах хэрэгтэй байсан юм. Заавал хүйтэн сэрүү орсон хойно засахаараа яадаг байна аа. Хэрвээ зун зассан бол хол ч гэсэн алхахгүй юу. Автозамын газрынхан зам засах гэж байгаа юм бол нийтийн тээврийн байгууллагатайгаа тохиролцож нийтийн тээврийн асуудлаа шийдээгүйгээс болж иргэдийг их хүндрүүлж байна. Зовж олсон хэдэн төгрөгөө таксинд өгөөд дуусах нь.
-Дамбадаржаа руу автобус явахгүй хэцүү байна. Ядаж байхад 400 төгрөгөөр явдаг байсан машинууд нь 2000 төгрөгөөр яваад байх юм. Яагаад үнээ нэмж байгаа юм гэхээр “Суу гэж хүчлээгүй” гэж хэлээд ам таглах юм. Арга ч үгүй дээ. Үүнээс өөр явах унаа байхгүй болохоор “бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр амандаа багтсан үнээ л хэлэх юм. Хоёр километр хүрэхгүй газар 2000 төгрөгөөр явж байхаар алхаж, машинд суух мөнгөөрөө талх аваад гэртээ орсон нь дээр биз дээ.
Иргэд ийн ярьж байгаа юм. Нэг километр гаруй газар яагаад 2000 төгрөгөөр явж байгаа талаар Долоон буудлаас Дамбадаржаа руу хүн тээвэрлэдэг таксины жолоочоос асуухад “Зам хаагдсан болохоор бид нэлээд тойрч явж байгаа. Үүнээс болж машин ч их эвдэрдэг. Ийм учраас тээврийн хөлсөө нэмсэн” хэмээн ярьсан юм. Ямартай ч Долоон буудлаас Дамбадаржаагийн хооронд хүн тээвэрлэдэг таксинууд иргэдийг хохироож байгаа нь илт байна. Нэг талаас нөгөө рүү хөдлөхдөө таван хүн суулгадаг. Тэгэхээр нэг тойрохдоо 20 мянган төгрөг олдог байна.
Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Булгаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Дамбадаржаагийн замыг хааснаар автобус явахгүй байна гэсэн гомдол, бухимдал тэр хавьд амьдардаг иргэдийн дунд нэлээд байна. Ерөнхийдөө Дамбадаржаа руу явдаг нийтийн тээврийн чиглэлийг хэрхэн зохицуулсан бэ?
-Хэрвээ тэр хавьд түр зам байсан бол автобуснуудыг явуулмаар байна. Тэр хавийн иргэд ч мэдэж байгаа байх. Та очсон бол мэдэж байгаа байх. Автобус явуулах ямар ч зам байхгүй. Харин Бэлх рүү явдаг иргэдэд сонголт байгаа. М-51 буюу Бэлх-Мишээл экспо, Бэлх-Вокзал гэсэн хоёр чиглэл бий. Энэхүү чиглэлээр зам хаах хэсэг хугацаанд явах боломж байгаа.
-Долоон буудлаас Дамбадаржаагийн хооронд хүн тээвэрлэдэг хувийн таксинуудад ямар нэгэн шаардлага тавьдаг уу?
-Манай байгууллагад 15 компанийн 700 гаруй такси бүртгэлтэй байдаг. Ерөнхийдөө чанарын шаардлага хангасан албан ёсны таксинд зөвшөөрөл өгдөг. Хувийн таксинууд тухайн дүүргээсээ патент авчихдаг. Үүнийгээ зөвшөөрөл гэж ойлгодог. Тэгэхээр энэ бол хууль бус гэсэн үг.
-Нарны гүүрээр ямар хэдэн чиглэлийн хэчнээн автобус иргэдэд үйлчилж байна вэ?
-Хэд хоногийн өмнөөс таван чиглэлийн автобус явж байгаа. Дурьдвал, Яармагаас Нарны гүүрээр гараад Багшийн дээд гэсэн шинэ чиглэлд найман автобус явж байгаа. Мөн Баянхошуунаас Вокзал ордог чиглэлийн үйлчлэх хүрээг сунгаж, Нарны гүүрээр явуулж ТЭЦ хүрч байгаа бол Энхтайваны гүүрээр гарч Вокзал ордог байсан Шувуун фабракийн чиглэлийг Нарны гүүрээр Вокзал оруулж байна. Түүнчлэн Биокомбинат Өлзийтийн чиглэлийг Нарны гүүрээр гараад Энхтайваны гүүрээр буцахаар өөрчлөлт оруулсан.
-Энэхүү таван чиглэл дээр чиглэл болон автобус нэмэх үү?
-Зорчигч урсгалыг харж байгаад автобусны тоог нэмэх эсэхийг шийддэг. Чиглэл нэмэх тал дээр хоёр чиглэл нэмнэ. Тухайлбал, III, IV хорооллоос Үйлдвэр ордог чиглэлийг Нарны гүүрээр, Япон цэргийн цогцолбороос Вокзал ордог байсан чиглэлийг Үйлдвэр оруулах төлөвлөгөөтэй байгаа.
-Баянхошуу, Зүүнсалаагийн замыг хааж засвар хийж байгаа.Үүнээс болж тэр хавийн иргэд мөн адил нэлээд бухимдалтай байсан?
-Тийм ээ. Баянхошууны уулзвараас нэг километрийн зайд байдаг Давхар гэх газраас эхэлж хаасан байгаа. Уг газар маш хүндрэлтэй байгааг мэдэж байна. Замын хажуу талын шороон замаар нийтийн тээврийн хэрэгслүүд явж байгаа болохоор тоосжилт, түгжрэл их байгаа. Тэгэхдээ Автозамын газрынхан энэ сарын 25-нд нээнэ гэсэн амлалт өгчихөөд ажиллаж байна.
Иргэдийг багагүй бухимдуулаад байгаа Дамбадаржаагийн замын цагдаагийн постноос эцэс хүртэлх нэг километр хүрэхгүй автозамыг энэ долоо хоногт нээхээр ажиллаж байгаа аж. Мөн Зүүнсалаагийн 4.8 километр автозамыг засаж, шинэчлэхээр өнгөрсөн есдүгээр сарын 27-нд хааж, аравдугаар сарын 27-ны 23:00 цагт нээхээр ажиллаж байна.
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин