Ж.Энхбаяр: Цөөхөн эрх мэдэлтнийг дэмжсэн төсөв болсон

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр: Цөөхөн эрх мэдэлтнийг дэмжсэн төсөв болсон

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр­тай    уулзлаа. Тэрбээр шинэ төсвийн төслийг эрх мэдэлтэн, хөрөнгөлөг хэсгийг дэмжсэн хэмээн  дүгнэж буй. Чухам юуны учир ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч буй иргэдэд  хүнд тусахаар төрийн бодлого хэмээж буйг нь тодруулж ярилцсан юм.

-Төсөв хэлэлцэж байна. Энэ удаагийн төсвийн төс­лийг хэрхэн тодорхойлох вэ?

-Төсвийг бүхэлд нь хэлбэл “дампуу төсөв” гэж хэлэх гээд байна. Олон ололт амжилтаасаа ухарсан. УИХ-ын бүрэн эрхэд ноцтой халдсан төсөв. Гүйцэтгэх засаглал, гүйцэтгэх ёстой хүмүүс нь юу гүйцэтгэхээ тодорхойлоогүй орж ирж байна. Ерөнхий сайд 80 тэрбум төгрөгийг ямар ч задаргаагүй УИХ-д оруулж ирж байгаад үнэхээр гайхаж, харамсч байгаа. Энэ бол Ерөнхий сайдын хувьд байж боломгүй үйлдэл.

УИХ-ын хамгийн том үүрэг ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаагаа эд эсээр нь задалж ил тод батлах явдал. Тиймээс би дампуу гэж хэлж байгаа юм. Шинэчлэл байхгүй. Улсын төсөв шинэчлээд байдаг ч юм биш. Энэ бол тогтсон жигдэрсэн үйл ажиллагаа байдаг.

-Сум хөгжүүлэх 20 тэрбум, Ерөнхийлөгчийн багц, шинэчлэлд зориулсан 50 тэрбум гээд задаргаагүй төсөв оруулж ирж байгааг танай намынхан шүүмжилж байгаа. Цаана нь юу байна гэж үзээд ингэж шүүмжлээд байгаа юм бэ?

-Ерөнхий сайдын багц л гэхэд төсвөө цааш нь хэлэлцэх боломжгүй болгоод байгаа юм. Маш олон хуулийг зөрчсөн. Наад зах нь Барилгын тухай хууль, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн  Улсын төсвөөс зөвхөн зураг төсөл нь гарсан, батлагдсан, экспертизээр орсон барилгад л хөрөнгө мөнгө батладаг биз дээ. Угаасаа зураг төсөл нь гарч байж, эдийн засгийн тооцоог нь хийж түүнийгээ дагасан төсөв батлах ёстой. Гэтэл зураг төсөл ч үгүй зүйлийг цээжний бангаар оруулж ирж байгаа нь дэндүү бүдүүлэг хэрэг. Парламентыг доромжилсон, олонхидоо хэтэрхий эрдсэн төсөв орж ирлээ гэхээс өөр яах вэ. Тэгэхээр бид төсвийн төслийг дахин хянаж зүйл, заалтаар нь тодорхой болгож оруулж ир гэдэг шаардлагыг тавина.

-Халамжийн чиглэлийн мөнгийг хаслаа. Бэлэн мөнгө тараахын эсрэг хууль гаргана гэдгээ ч чуулган дээр олонхийг бүрдүүлж буй нам эвслүүд хэлээд байгаа. Энэ нь Монголын  өнөөдрийн нөхцөлд хэр нийцсэн бодлого вэ?

-Халамжийн чиглэлд хүрсэн маш олон амжилт гэж хэлж ч болохоор системийг бий болгоод байсан. Энэ бол зүгээр нэг намын эрх ашгийн төлөө хийж байсан зүйл биш. Урт хугацааны турш амьдралаас урган гарсан, тодорхой шаардлагын дагуу бий болсон зүйл. Хууль эрх зүйн орчин нь ч боловсронгуй болж байсан. Гэтэл шинэчлэл нэрийн дор үгүйсгэж устгаж байгаа нь харамсалтай, хувиа хичээсэн хэрэг. Энэ төсвийн төслийг би нийгмийн амьжиргааны хүнд нөхцөлд байгаа иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа өрхүүдэд хүнд тусахаар төрийн бодлого гэж тодорхойлно. Тиймээс зарчмын хувьд бид эсэргүүцээд байгаа юм. Цөөхөн, эрх мэдэлтэн, хөрөнгөлөг хэсгийг дэмжсэн төсөв. Заавал эмээ өвөө, эмч  багш,  хүүхэд  нялхсын  мөнгийг булаахгүйгээр шийдэж болдоггүй хямрал уу. Яагаад үнэтэй тансаг бараа, үл хөдлөх хөрөнгө, хадгаламжийн орлого, ноогдол ашгаас татвар авахгүй байгаа юм бэ. Яагаад нийгмийн баялаг цөөнхөд хуримтлагдаж байгаа, их ашиг олж байгаа хэсгээс их татвар авч болдоггүй юм бэ. Ингээд бодохоор нэг гаргалгаа хийж болох гээд байгаа юм. Энэ бол Ардчилсан намын барууны чиг баримжаатай бодлоготой нь холбоотой байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгөтөй, хөрөнгөтөй хүмүүсийг дэмждэг бодлого. Зарчим нь тэр. Гэтэл Монгол Улс бол өөр орон. Цөөхүүлээ байж өтгөс буурал, нялх балчир, олон түмнээ хатуу нийгэмд амьдрах гэж хөлөө олж ядаж байхад нь чирээд авч явах ёстой. Энэ бол монгол үндэстний эрх ашиг. Цөөхөн монголчууд нэг хэсгээ “үхвэл үх” гээд гудамжинд хаяж болохгүй шүү дээ. “Амьдрал хүнд байгаагаар битгий түрий бариарай, та нар” гэж Ерөнхий сайд, намын дарга нь хэлж байгааг анх удаагаа харлаа шүү дээ, монголчууд. “Бид мөнгөтэй хөрөнгөтэй хэсгээ дэмжинэ” гэж ил тод зарлаж байгаа нь бас яахав дээ. Мөн чанар бодлого нь ийм хэдий ч Монгол Улсыг ингэж авч явж болохгүй гэдэг талаас нь шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Таван тэрбум төгрөгийн бонд гаргахаар төсөлд тусгасан. Энэ тал дээр таны бодол?

-Бонд гаргана гэдэг байдаг л хэлбэр. Гаргаж болно. Хамгийн гол нь хаана, юу хийх гэж байгаа, нэн түрүүнд юу хийх шаардлагатай байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Бидний 70 жилийн туршид зузаатгасан Оросын их өр гэж шүүмжилдэг зүйлийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөний асуудал энд яригдаж байгаа. Тэгсэн хэрнээ юу хийх нь тодорхой биш нь бас л асуудал болоод байна. Харин МАН засаглаж байхдаа 10 тэрбум төгрөгөөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг бүхий л салбарыг орчин үеийн түвшинд авчирсан. Шавь судлалаас сансар судлал хүртэл шинжлэх ухааныг хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн бүхий л салбар боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэрийн баазыг хөгжүүлсэн. Монголчуудыг бичиг үсэгтэй болгосон, хүн бүр ажилтай, хүүхэд бүр аз жаргалтай л байсан шүү дээ. Тийм тодорхой зорилго, зориулалттай зүйл аваад ороод ирвэл бид дэмжинэ. Тэгэхгүй юу хийх нь тодорхой бус, бизнесийн эрх ашгаар  цөөнхийн бүлгийг дэмжсэн бодлогоор асуудалд хандаж яагаад ч болохгүй. Эвлэрч чадахгүй байна.

-Төсөв хэлэлцэх чухал асуудал өнөөдрийн байдлаар гацаад байна. Танай намын гишүүд парламентын танхимын хаалгыг таглаад сууж байгаагийн эцсийн зорилго юу юм бэ?

-Монголын ардчилал хуурамч байсан байна. Ардчилал ярьж гарч ирсэн нөхөд ард түмнийг хуурч байсан байна. Тиймээс ардчиллаа аврахын тулд энд сууж байгаа юм. Бид ганцхан асуудлыг л хойшлуулаач гээд байгаа. Хууль бусаар парламентад орж ирж буй   Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулаач ээ. Энэ чинь илт хууль зөрчөөд байна шүү дээ  гэдгийг ард түмний нүдэн дээр хэлээд байгаа юм. Шүүх эцсийн шийдвэрээ гаргаг. Түүний дараа бид шүүхийн эцсийн шийдвэрт захирагдъя гээд байгаа юм. Битгий хүч түрж асуудалд хандаач. Түүнийг хойшлуулчих юм бол бусад асуудал хэлэлцэх тал дээр нээлттэй байна гэсэн юм. З.Энхболд даргад бид бүр уриалж байгаа шүү дээ. Үүнийг МАН-ын 25 гишүүн, бие даагч гишүүд, “Шударга ёс” эвслийн олон гишүүн хүсээд байна шүү дээ. Битгий хүч түрж асуудалд ханд, улсынхаа төсөв бусад асуудлаа хэлэлцье гэсэн юм. Гэтэл шударга бус асуудлыг нэгдүгээрт тавиад шахаж буй нь Монголын парламентыг муухай харагдуулж байна.

-Жагсаалд оролцож буй иргэд, тэр тусмаа танай намыг төлөөлөн оролцож байгаа хүмүүс СЕХ, Шүүхийн байгууллага, Үндсэн хуулийн цэцийг огцруулах ёстой гэсэн зүйлийг яриад байна. Энэ танай намын албан ёсны мэдэгдэл мөн үү?

-Мэдээж. СЕХ асар их улстөржсөн. Өрөөсгөл шийдвэр гаргаж байгаа нь бүх ард түмний нүдэн дээр ил байна шүү дээ. 160, 170 сая төгрөг тараасан нь баригдаад, намын хорооны дарга нь  илчлээд байсан нөхөд тангараг өргөх гээд ичихгүй зогсч байна. Тэд л өөрсдөө улайм цайм мөнгө тараасан  шүү дээ. Тэр нь илэрчихээд байхад ингэх нь ичгэвтэр байдаггүй л юм байх даа. Тийм ч учраас бид СЕХ гэдэг улстөржсөн, худалдагдсан байгууллагыг огцруулах асуудлыг тавина.  

Ч.БАТМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж