Монголын компаниуд олон улсын хөрөнгийн биржүүдтэй танилцаад багагүй хугацаа өнгөрчээ. Монголын эдийн засаг өсч, уул уурхайн салбар нь хөгжихийн хэрээр компаниуд нь олон улсын биржийг сонирхох хандлага нэмэгдэж байна. 2010 онд Mongolian Mining Corporation (975) Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаснаар Хонконгийн хөрөнгийн биржийг илүү сайн мэдэх болсон.
Үүнтэй зэрэгцээд Лондонгийн Хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах болсноор дэлхийн хамгийн том биржийн нэгийг бид сайн мэдэх болов. Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт татах шаардлагатай, тэр хөрөнгө оруулалтыг ганц банкнаас зээлэх төдийгүй биржид хувьцаагаа зарах замаар босгож болдог гэдгийг Монголын компаниуд мэдэх болсноор бизнест нь ч тодорхой хэмжээний өөрчлөлт, ахиц гарч байна.
Өнөөдөр Лондон, Хонконг, Нью-Йорк, Австрали, Торонто гээд дэлхийд эхний аравт ордог биржүүд дээр Монголд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй компани хувьцаагаа арилжиж байна гэсэн албан бус тоо бий. Ирэх жилүүдэд ч Лондон, Хонконг, Австралийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах төлөвлөгөөтэй компани цөөнгүй бий.
Монголын компаниуд дээрх биржүүдийг сонгох болсон шалтгаан нь тэдгээрийн тавьдаг шаардлагатай холбоотой юм. Хэдий дэлхийн том биржүүд ч жижиг, дунд компаниудад зориулсан хоёрдогч, туслах зах зээл гэж байдаг бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ихэвчлэн дээрх зах зээлийг нь сонгож байна. Үйл ажиллагаа явуулсан жил, ашгийн хэмжээ, зах зээлийн үнэлгээ гээд олон шалгуур үзүүлэлт нь шинэ, жижиг компанид тохиромжтой байдаг.
Тэгвэл заавал Лондон, Хонконг гээд байлтгүй Америкийн хөрөнгийн зах зээлд ч Монголын компани гарах боломжтой гэдгийг Америкийн Kaufman & Canoles хуулийн фирмийн мэргэжилтэн Брэдли А.Хэнберг хэлж байна. Монголын New Grata хуулийн фирм, Америкийн Kaufman & Canoles хуулийн фирмтэй хамтран 10 дугаар сарын 11-12-нд “Америкийн зах зээлд Монголын компани анхдагч хувьцаа санал болгох нь” семинарыг зохион байгуулсан юм. Энэ үеэр Монголын компаниуд, тэр дундаа жижиг дунд хэмжээний, уул уурхайн бус компаниуд Америкийн хөрөнгийн зах зээлд гарч, хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой талаар танилцуулав.
Kaufman & Canoles хуулийн фирм нь 10 гаруй жилийн өмнөөс Хятадын компаниудыг Америкийн зах зээлд гарахад нь тусалж, хамтран ажилласан туршлагатай. Тиймээс ч Монголын компаниудыг АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр IPO хийхэд тусалж чадна гэдгээ онцолж байв.
Америкийн хөрөнгийн бирж гэхээр Нью-Йорк, НАСДАК гэсэн дэлхийд нэг, хоёрт ордог том биржээр төсөөлдөг. Тэгвэл АНУ-д Нью-Йорк, НАСДАК-аас гадна Бостоны Хөрөнгийн бирж, Аризонагийн Хөрөнгийн бирж, Америкийн хөрөнгийн бирж, Үндэсний хөрөнгийн бирж, Филадельфийн гээд томоохонд тооцогдох 10 гаруй бирж байдаг байна. Америкийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй гэдэг хэдхэн үг тухайн компанийн нэр хүндийн баталгаа болдог. Нью-Йорк , НАСДАК ч бай, өөр жижиг бирж ч ялгаагүй. Учир нь АНУ бол санхүүгийн зах зээлийн хууль эрх зүйн орчин нь маш нарийн зохицуулалттай , хөрөнгө оруулагчид, хяналтын байгууллагууд нь дээд зэргийн түвшинд ажилладаг. Хувьцаагаа гаргах гэж байгаа компанид маш нарийн шалгуур тавьж, тэр шалгуурыг хэр хангаж байна гэдгийг бүр ч нарийн хянаж шалгадаг байна.
Хувьцаа байрлуулах хамгийн нэр хүндтэй газар бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж юм. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тавигдах шалгуур нь зарим талаараа бусад биржтэй адил шахам байдаг. Тухайлбал компани 12 сараас доошгүй хугацаанд ажилласан байх ёстой гэдэг. Мөн бусад биржтэй харьцуулахад илүү өндөр шаардлага шалгуур тавьдаг нь ч бий. Жишээ нь зах зээлийн үнэлгээ нь 500 сая ам.доллараас багагүй байхыг шаарддаг. Энэ нь жижиг, дунд компаниудад боломж хаалттай гэдгийг ойлгуулна. Хэдий хэмжээний хөрөнгө босгох гэж байгаагаас хамааран зарим шалгуур нь өөр өөр байх нь бий. 500 сая ам. доллар босгох гэж байгаа бол сүүлийн гурван жилийн мөнгөний урсгал 100 сая ам. доллар байх ёстой.
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр одоо дэлхийн өнцөг булан бүрийн 2000 гаруй том компанийн хувьцаа худалдаалагдаж байна. Банк санхүү, уул уурхай, хөрөнгө оруулалтын сан, технологи, аж үйлдвэр гээд бүхий л салбарын дэлхийн топ компаниуд Нью-Йоркт бүртгүүлж чаддаг байна. Монголын компаниудын нэг төлөөлөл байдаг нь “Turquoise Hill Resources Ltd” буюу “Оюутолгой” компани.
Нью-Йоркийн дараа орох НАСДАК-ийн хөрөнгийн бирж нь шаардлага шалгуурын хувьд Нью-Йоркийн биржид хараахан хүрэхгүй. Америкт байгуулагдсан гуравдахь том бирж төдийгүй анхны, бас хамгийн том электрон бирж гэсэн тодотголтой. Голдуу харилцаа холбоо, техник технологийн болон санхүү банкны салбарынхны хувьцааг арилжаалдаг. НАСДАК-ийн бирж хоёр түвшинтэй. Дээд түвшин болох “National Market System”-д нь алдарт “Microsoft”, “Oracle”, “Facеbook”, зэрэг том компанийн хувьцааг арилжаалдаг бол “Small Cap Market”-д дунд зэргийн хэмжээний компаниуд хувьцаагаа байршуулдаг. Монголтой хамааралтай “Blue Wolf Mongolia Holding” гэдэг компани энэ бирж дээр өнгөрсөн жил IPO хийж 80 сая доллар босгож байсан.
Бусад биржийн тухайд Нью-Йорк, НАСДАК-ийн түвшинд хараахан хүрэхгүй. Тийм ч болохоор Монголын компаниудад тэдгээр дээр гарах боломж бий. Биржээс гадна Over-the-counter /OTC/ гэсэн зах зээл ч бий. Монголын мэргэжилтнүүд лангууны арын худалдаа, биржийн бус арилжаа ч гэж хэлдэг. Америкийн ийм зах зээлд Монголын бас нэг төлөөлөл байдаг нь “Манас Петролиум Корпораци”. Монголд охин компаниараа дамжуулан газрын тосны хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм. OTC зах зээл нь харьцангуй хяналт шалгалт бага байдаг, компани болоод хөрөнгө оруулагчдын хоорондын итгэлцэл дээр арилжаа явагддаг гэдгээрээ хөрөнгийн биржээс ялгардаг.
Kaufman & Canoles хуулийн фирмийн мэргэжилтнүүд Америкийн хуулийн нарийн зохицуулалт, өндөр шаардлагыг Монголын уул уурхайн том компаниуд даваад, бусад нь давж чадахгүй гэсэн үг биш шүү гэдгийг онцолсон. Үнэндээ Америкт уул уурхайн компанийн хувьцаа тийм ч сонин биш аж. Учир нь америкчууд алт олборлогч компаниас үйлдвэрлэгч компани илүү ашигтай ажилладаг гэдгийг ойлгодог гэнэ. Тиймээс ч Монголын харилцаа холбоо, банк санхүү, мэдээллийн технологи, дэд бүтцийн компаниуд Америкийн зах зээлд илүү амжилт олж магадгүй гэдгийг Kaufman & Canoles хуулийн фирмийн мэргэжилтнүүд хэлж байв.
Америкийн зах зээлийн нэг эрсдэлтэй тал нь өндөр татвар. Гэхдээ Америкт бүртгэлгүй, олон улсын компаниуд Кайман арал, Британийн арлууд гэх мэт татвар бага, татваргүй бүсүүдэд бүртгүүлж, тэндээсээ Америкийн хөрөнгийн биржүүдэд бүртгүүлэх боломжтой аж. Хятадын компаниуд ихэвчлэн ийм замаар Америкийн зах зээлд амжилттай нэвтэрч чаджээ.