Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Төсөвт тусгасан нэг төгрөг ч бай зарцуулалт нь маш тодорхой байх ёстой. Харин шинэчлэлийн Засгийн газрын төсөв тийм ч тодорхой биш байна. Үүнийг нь ч гишүүд шүүмжилж байгаа. Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн дагуу ирэх оны төсвийн орлого 7.1 их наяд төгрөг, зарлага 4,7 их наяд төгрөг байгаа. Алдагдал ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангаж байгаа хэмээн цээжээ дэлдэж байна. Урсгал зардал 4,8 их наяд төгрөг, хөрөнгө оруулалт 1,9 их наяд төгрөг. Үүнээс гадна гадаад зах зээл дээр 1,5 тэрбум ам.долларын бонд гаргаж, томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлнэ гэх. Гэхдээ бондын санхүүжилтээр чухам ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ гэдгийг одоогоор ярихгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудын тухайд хуулийн төсөлд тусгагдсан хэдий ч холбогдох хууль, тогтоомжуудыг зөрчсөн гэж байгаа билээ. Тухайлбал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд нийтдээ 117,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 77,9 тэрбум төг­рөгийн 36 ширхэг барилга, байгуу¬ламжийг тусгасан. Эдгээр барилга, байгууламжийн зураг төсөл хийгдээгүй байгаа нь Төсвийн тухай хууль, Барилгын тухай хуу­лиудтай зөрчилдөж байгааг сөрөг хүчнийхэн мэдэгдсэн. Үүнээс гадна Ерөнхий сайдын багцад байгаа “ураны” гэх хардлага төрүүлсэн 50 тэрбум ам.долларын асуудал байна.  Мөн Ерөнхийлөгчийн төсөвт байгаа утааг багасгах зорилго бүхий 93 тэрбум төгрөг ч анхаарал татаж байгаа. Гол нь утааг бууруулахын тулд чухам ямар ажил хийх вэ гэдэг нь тодорхойгүй байх жишээтэй. Хэрвээ 2013 оны төсвийг баталъя гэж байгаа бол энэ мэт асуудлуудыг цэгцлэхээс өөр аргагүй. Хуулийн дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 1 гэхэд төсвийн төслийг батлах ёстой. Үүнээс өмнө эргэж харахаар зүйл олон байна.
Хамгийн түрүүнд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргах гэж байгаа бол төслүүд ямар шатандаа явна вэ гэдгийг тодруулах хэрэгтэй байх. Мөнгө олоод ирдэг, юунд ч зарцуулж чадахгүй зүгээр хэвтдэг жишээ одоо ч Хөгжлийн банкинд байна. 580 сая ам.долларын бонд гаргаж, амжилттай арилжаалсан ч энэ мөнгө өнөөдөр нийслэлийн төвд хийж буй замын ажилд л зарцуулагдаж байна. Дахиад 1.5 тэрбум ам.доллараар бүтээн байгуулалт хийнэ гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ төмөр замын төсөл, Сайншанд аж үйлдвэрийн парк, орон сууцжуулах хөтөлбөрийн ТЭЗҮ нь бэлэн байна уу. ТЭЗҮ-гүйгээр мөнгө олж ирэхэд бас хэцүү. Дээрээс нь Засгийн газар шууд л дөрвөн хувийн хүүтэй бонд гаргана гээд байгаа. Хөгжлийн банкнаас гаргасан анхны бондын хүү 5,75 хувь. Суурь хүүгээ харьцангуй багаар тогтоож чадсан нь том амжилт гэж байсан. Өөрөөр хэлбэл, цаашид Монгол Улсын Засгийн газраас гадаад зах зээл дээр бонд гаргахад хөрөнгө оруулагчид хамгийн багадаа 5,75 хувийн хүү харна гэсэн үг. Гэтэл Засгийн газар одоо дөрвөн хувийн хүүтэй зээл авах гэж байна. Тиймээс ч энэхүү бондын хөтөлбөр төсөвтэй хэрхэн уялдаж байгаа нь мэдэгдэхгүй байгааг МАН-ын гишүүд шүүмжилж буй.

Ерөнхийдөө ирэх оны төсөвт хавтгайрсан халамжуудыг цэгцэлж багасгах, татваруудыг нэмэгдүүлэх гэх мэт олон заалт орж байгаа. Тухайлбал, Оюутолгой төслөөс өсөн нэмэгдэх рояалти татвар авснаар 400 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Харин “Оюутолгой” компани ийм татвар төлөх сонирхолгүй байна гэдгээ мэдэгдээд байгаа. Зэсийн үнийг 8125 ам.доллар, нүүрсний үнийг нэр төрлөөсөө хамаараад 83.2-161.2 ам.доллар байхаар төсөөлжээ. Хятадын эдийн засаг удаашралтай, худалдан авалт буурсан үед хэрвээ энэ төсөөлөл биелэхгүй бол яах вэ гэх асуудал байна. Төсвийн төлөвлөгөөний дагуу зэсийн орло¬гоос тогтворжуулалтын санд 103,7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооц¬сон. Энэ төсөөлөл тонн зэсийн үнэ 6328,9 ам.доллар байхад биелэх боломж¬той. Ирэх оны тухайд дэлхийн зэсийн нийлүүлэлт, эрэлтээсээ 350 мянган тонноор давах төлөвтэй байгаа нь судалгаанаас харагдсан байна. Эрэлтээс давсан  нийлүүлэлт байгаа үед үнэ унадаг эдийн засгийн хууль бий. Өөрөөр хэлбэл, ирэх онд зэсийн үнэ буурах эрсдэл тодорхой хэмжээнд байна. Ийм үед зэсийн үнийг чухам яагаад ийм өндрөөр тогтоосон юм бол гэдэг нь бас бодох л асуудал. Харин нүүрсний тухайд тэртээ тэргүй манай улсын урдаа барих салбар болсон. Харамсалтай нь дэлхийн нүүрсний зах зээл бас тийм ч сайнгүй байгааг эдийн засагчид хэлсээр байгаа. Эдийн засаг хямарч магадгүй байгаа үед уг нь ажлын байр бий болгож, бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэх хэрэгтэй. Гэтэл төсөвт ажлын байрыг бий болгоход дорвитойхон хувь нэмэр болчих зүйл огт харагдахгүй байгааг гишүүд шүүмжилж байна. Харин ч татваруудыг нэмэгдүүлснээр бизнесийг боомилох шинжтэй болсон гэдгийг хэлж байгаа билээ. Архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, шатахуун импортлогчдод олгож байсан татварын хөнгөлөлтийг цуцлах гэх мэт хуулийн төслүүд төсөвтэй хамт өргөн баригдсан байгаа юм.

Монгол Улс орлого олсныхоо хэрээр үрэн таран хийдэг байдлаа болих гэж Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Илүү гарсан орлогоо хуримтлуулдаг энэ туршлагыг нэвтрүүлсэн нь сайшаалтай ч ирэх оны төсөвт тэгтлээ их хадгалж, гийгүүлээд байх зүйл харагдахгүй байна. 2013 онд Тогтворжуулалтын санд зэсээс 103.7 тэрбум төгрөг, нүүрснээс 65.9 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцоолжээ. Үнэхээр эдийн засаг хямраад, зэс, нүүрсний үнэ уналаа гэхэд энэ мөнгө данхайсан төсвийг тогтвортой байлгахад хүрэлцэх үү. Тийм ч хангалттай биш байх. Нөгөөтэйгүүр орлого их байгаа ч зарлагыг заавал хоёр хувьдаа барих гэж хичээсэн. Зарлагаа санхүүжүүлэхийн тулд 750 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргана гэж төсвийн төслийн танилцуулгад дурьдсан байсан. Энэ бонд нь мөнөөх 1.5 тэрбум ам.доллартаа багтаж байгаа юу, үгүй юу. Бас л бүү мэд. Ер нь тэгээд заавал бонд гарган байж, төсвийн зардлыг санхүүжүүлэх шаардлага байсан уу гэдгийг ч бодоод үзэх л хэрэгтэй биз. Хөрөнгө оруулалт руу хийж байсан бол хамаа алга. Дэмжих л хэрэгтэй. Харин урсгал зардлыг бол захын эдийн засагч “хэзээ ч үгүй” гэж хэлнэ.

Энэ мэтээр 2013 оны төсөв наанаас нь харахад нэг л сайхан алдагдал багатай, орлого ихтэй харагдаад байдаг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр тодорхойгүй, эргэж харах ёстой асуудал олон байна. Хэлэлцүүлгийн шатанд өөрчлөгдөж, шинэчлэгдээд, сайжраад явна гэж найдъя.

Л.ЭНХДЭЛГЭР
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж