Л.Балхжавын дуунууд 14 дэх жилдээ эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Л.Балхжавын дуунууд 14 дэх жилдээ эгшиглэнэ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд-2012” тоглолтоо энэ сарын  25, 26, 27-ны өдөр “UB паласе”-ийн концертын танхимд хийхээр товоо зарлалаа.

14 дэх жилдээ болох гэж буй уг тоглолтод Монголын рок, попын  үе үеийн одод, шилдэг уран бүтээлчид хуран чуулах нь ээ. Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Гавьяат жүжигчин, поп див, дуучин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, ОХУ-ын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “Sweetymotion”, “Гурван охин”, “Мотив” хамтлаг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат нар оролцох юм байна. Мөн 2009-2012 оны “Universe best songs” наадмын үе үеийн шилдэг залуу уран бүтээлчид оролцон ая дуугаа өргөх нь.  “Миний дуунууд-2012” тоглолтод 500 орчим уран бүтээлчид оролцож буйгаараа өмнөх жилүүдийнхээс онцлог болно хэмээн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав тоглолтынхоо өнгийн тодорхойлсон юм.

Мөн тэрбээр “Тоглолтод дуулах уран бүтээлээс гадна тайз дэлгэж, арын ажил гээд бүх талаар нь өөр байлгахыг хичээж байна. Харин үзэгч таныг хэрхэн хүлээж авахыг таашгүй. Тэр үдшийг хүртэл догдолж, сандарч, яарч явдаг уламжлалтай. Догдлоод, айгаад байгаа болохоор би болон бидний нөхөд уран бүтээлч хэвээрээ байгаа юм байна. Энэ догдлолыг байхгүй болтол бид уран бүтээлээ хийнэ” хэмээн дуулгасан шүү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж