Хадгаламжийг даатгаж, дараа нь татвар авна гэж үү

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Хадгаламжийг даатгаж, дараа нь татвар авна гэж үү

100 сая төгрөг. Энэ хэр их мөнгө вэ. Ямар ч байсан боломжийн хэмжээний байр авчихна. Дахиад хэмнэлт хийж чадвал аятайхан машин ч авчихна. Цээж баян, олигархиуд бол нэг гарын үсэг зураад л 100 байтугай сая төгрөгийг өвөртөлнө. Харин жирийн нэгэн иргэний хувьд хуруу хумсаа хугалан байж, хэдэн арван жил “ажилч зөгий” шиг хөдөлмөрлөн байж цуглуулах мөнгө. Зарим нэгнийх нь тухайд энэ хэмжээний мөнгийг насаараа хөдөлмөрлөөд ч олж чадахгүй. Гэхдээ 100 ч бай, хэд ч бай, олсон хэдэн төгрөгтөө хүн харам байдаг. Хөлс, хүчээрээ олсон мөнгө хамгийн үнэ цэнтэй. Хөдөлмөрлөн байж хэдэн цаас хуримтлуулсныхаа төлөө хэн ч татвар төлөхийг хүсэхгүй. Тийм ч учраас энэ удаад хадгаламжаас татвар авах тухай хууль Монголд хэрэггүй болж байгаа юм. Монголчуудын нийт хадгаламжийн хэмжээ 4.6 их наяд төгрөг, үүний 97 хувь нь цөөн хэдхэн хүний хадгаламж байдаг гэнэ. Тийм ч учраас цөөн баячуудаас татвар авах хэрэгтэй гэж Засгийн газар өргөн мэдүүлсэн хуулийн төслөө хамгаалж байсан. Гэхдээ ингэлээ гээд төсөвт төвлөрүүлэх мөнгө нь ердөө 11 тэрбум төгрөг гэж байгаа. Харин энэхүү 11 тэрбум төгрөгийн “төлөөс” Монголын банк, санхүүгийн салбараар хэмжигдэхийг ч үгүйсгэхгүй. Иргэд 100-аас дээш сая төгрөгийн хадгаламжтай байвал хадгаламжаа татах, өөр банкинд хуваан байршуулах, бүр цаашилбал, гадаадын банкинд хадгалуулах боломжтой. Хэрвээ ийм зүйл болбол хадгаламжийн мөнгөн дээр тогтож, үйл ажиллагаагаа явуулдаг банкны систем нуран унана. Банкны системд эргэлдэж буй нийт мөнгөн эх үүсвэрийн 47.8 хувь нь хадгаламж байдаг гэх статистик ч байна.
Нөгөөтэйгүүр  нийт хадга-ламжийн 97 хувь нь цөөн хэдэн хүний гарт байдаг гэх мэдээлэл юуг илэрхийлж байна вэ. Монголчууд хадгалж, хуримтлуулж сураагүй байна гэсэн үг. Дундаж давхаргын хуримтлал тун бага хэмжээтэй байгааг харуулж байгаа хэрэг. Харин дундаж давхаргын хуримтлал хэдий чинээ их байна, эдийн засаг төдий чинээ урагш алхдаг “жамтай”. Хадгаламжаас татвар авах хууль батлагдвал тэртээ тэргүй бага байгаа дундаж давхаргынхны хуримтлалыг улам багасгах хөшүүрэг ч болж мэднэ. Тийм ч учраас УИХ-ын гишүүд энэхүү хуулийн хэлэлцүүлгийн үеэр “Хадгаламж хийж сурсных нь дараа татвар авдаг болъё” хэмээн онцолсон. Үнэний хувьтай л үг. Үүнээс гадна УИХ-аар Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэх ёстой. Иргэдийн хадгаламжийг даатгах нь олон улсын стандартад нийцсэн, банк, санхүүгийн системээ хамгаалсан сайн зохицуулалт гэдгийг эдийн засагчид хэлж буй. Харин үүнтэй зэрэгцээд хадгаламжийн хүүгээс татвар авах хуулийн төсөл яригдаж эхэлж байна. Хоёр хуулийн зохицол чухам ямар байх вэ гэх асуудал бас бий. Төр нэг гараараа иргэдийн хадгаламжийг даатгах хууль баталчихаад, нөгөө гараараа татвар авах болох нь.

Олон улсын жишигт хувьцааны ногдол ашиг, арилжааны ашиг, хадгаламжийн хүүгээс татвар авах тогтолцоо байдаг. Жишээ нь АНУ-д 10 мянган ам.доллараас дээш хадгаламжтай байвал хүүгээс нь татвар авдаг байна. Барууны ихэнх улсууд, ОХУ зэрэг оронд бас иймэрхүү хуулийн зохицуулалт байдаг аж. Гэхдээ эдгээр улсуудад иргэд нь банкинд мөнгөө хуримтлуулаад сурчихсан, банк, санхүүгийн систем нь ч тогтворжчихсон. Харин манай улсад тийм зүйл одоохондоо харагдахгүй байна. Банкны систем нэг үеэ бодвол харьцангуй эрүүлжсэн, гэхдээ иргэд банкинд мөнгөө хадгалуулж сураагүй байгаа нь эрхгүй үнэн. Хүн амын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ер нь бол 2007 онд хэлэлцэгдэж, батлагдсан. Энэ хуулийн 30,2 дугаар хэсэгт хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашгаас татвар авахаар зохицуулсан байсан ч тухай үед гишүүд хэлэлцээд 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр хойшлуулж байжээ. Энэ дагуу 2013 оны төсөв дээр уг татвар орж ирсэн гэж ойлгож болох нь. Гэвч энэ удаад гишүүд мөн л 2016 он хүртэл хойшлуулах санал гаргалаа. Тэр болтол иргэд хадгаламжиндаа мөнгө хийж сураг. Хувьцаанд ч бас хөрөнгө оруулж, ногдол ашиг хүртэж сурах биз. Одоо бол хадгаламж хийдэггүй, хувьцаанд хөрөнгө оруулдаггүй, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байна. Ийм үед хууль гаргалаа гээд банкны системээ эрсдэлд оруулахаас хэтрэхгүй байх. Хуулийн үйлчлэлийн тухайд зөвхөн хадгаламж гэлтгүй хувьцааны ногдол ашиг, хадгаламжийн хүүгээс татвар авах асуудал багтаж байгаа. Энэ утгаараа зөвхөн хадгаламж гэлтгүй, хувьцаа, хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч тушаа болох “гэмтэй”. Хэрвээ батлагдсан тохиолдолд шүү дээ.

Ер нь бол хадгаламжийн хүүгээс татвар авах тухай хууль нь баялгийн тэгш бус хуваарилалтыг зохицуулах үүрэгтэй байдаг юм байна. Энэ хүрээнд их мөнгөтэй, их хадгаламжтай хүмүүсээс их татвар авна. Тодорхой босго тогтоож өгөөд тэр босгоос илүү гарвал татвар төлдөг тогтолцоо. Ингэснээр банкинд ямар нэгэн эдийн засгийн эргэлтэд орохгүйгээр хэвтэж байгаа их хэмжээний мөнгийг зах зээл рүү гаргаж, эдийн засгаа дэмжих зорилготой байдаг аж. Манай улсад уул уурхай хөгжихийн хэрээр баялгийн тэгш хуваарилалт алдагдах болсныг эдийн засагчид хэлдэг. Тийм учраас баялгийн тэгш бус хуваарилалтыг арилгахын тулд энэ хуулийг батлах шаардлага байгаа. Магадгүй тийм ч учраас аль 2007 онд хэлэлцэж, батлахыг хичээж байсан биз. Гэхдээ одоо ч гэсэн иргэд банк, санхүүгийн боловсролд суралцаагүй, хадгалж, хуримтлуулж сураагүй байгаа учраас хуулийн хэрэгжилтийг хойшлуулахаас өөр арга алга. Төсвийн байнгын хороон дээр уг хуулийн төслийг хэлэлцээд 2016 он хүртэл хойшлуулахаар болж, гишүүд дэмжээд байсан. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар хэлэцээд, дэмжсэн бол болчихоор байлаа. Гэтэл чуулган хуралдаж чадаагүй учраас хүлээгдээд байна. Ямартай ч төсвийн тухай хууль, түүнийг дагалдан өргөн баригдсан хуулийн төслүүдийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг удахгүй хийгдэнэ. Түүгээр дээрх хуулийн хэрэгжилтийг 2016 он хүртэл хойшлуулах санал дэмжигдэх болов уу. Хэрвээ дэмжигдвэл ирэх онд банкны салбарынхан хадгаламжаа алдах вий гэж айх хэрэггүй болох нь.

Л.ЭHХДЭЛГЭР
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж