Сэлэм эргүүлсэн сэтгүүлч

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Сэлэм эргүүлсэн сэтгүүлч

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) санаачлан, Монголын сэтгүүлчдийн эвлэл (МСЭ)-тэй хамтарч “Сэтгүүлч ба эрх зүйн орчин” сургалт явууллаа. ЦЕГ-ын санхүүжүүлсэн сургалтад хэвлэл мэдээллийн 40 байгууллага урьснаас 24 нь л төлөөлөгчөө илгээжээ. Зохион байгуулагчид удирдах төвшний ажилтан ирнэ гэж тооцсон сургалтад Хэвлэлийн хүрээлэнгийн мониторингийн судалгаагаар хамгийн олон уншигчтай Өдрийн сонин, Өнөөдөр, Үндэсний шуудан; атаархмаар нэртэй Ардчилал сониноос хүн суусангүй. Мөн UBS, MN25, Eagle, C1, Шууд ТВ, TV5 зэрэг үзэгч олонтой телевизүүдээс ч төлөөлөгч ирсэнгүй. Харин овоо хэдэн телевиз мэдээ бэлтгээд гарч байгаа харагдав. Ирсэн төлөөлөгчдийн гурваас бусад нь хэвлэлийн салбарт шинэд тооцогдох над мэтийн нөхөд аж. ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар “Шинэхэн хурандаа ширүүн байдаг шиг залуу сэтгүүлчид алдаа их гаргадаг” гэж эхлэсэн сургалт өгөөжтэй боллоо.      

Ёс зүйгүй сэтгүүл зүй

Би сэтгүүлч. Гэхдээ мэргэжлийн дипломгүй. “Глоб интернэшнл” ТББ-ын сайтад “Сэтгүүлч гэж бүтэн буюу хагас цагаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хүн” гэж бичсэнчлэн ийм аргаар хоолоо олдог амьтан. Даанч энэ хүрээнд багтана гэхээс ичих үе гарах юм. Хэвлэлийн хүрээлэнгээс 2011 онд гаргасан Хэвлэл мэдээллийн хариуцлага, сэтгүүл зүйн хэм хэмжээ товхимлын дүгнэлтэд “Сэтгүүлчдийн нийтлэг гаргадаг алдаанд таамаг сургаар буюу баримт нотолгоогүй бичих, хуулбарлах дутагдлаас гадна бусдыг гүтгэж, доромжилж, хувь хүний нэр хүндэд халддаг…” гэжээ. 2005 онд хуралдсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн II Их хурлаар баталсан Монголын сэтгүүлчдийн 10 зүйл бүхий ёс зүйн зарчимд “Хувийн нууц, бусдын зовлон шаналалыг ойлгож, хүнлэг энэрэнгүй ёсыг ямагт сахина” хэмээн заажээ. Гэтэл саяхан телевиз үзэгчид Тэнгис кино театрын хажуугийн барилга дор хүн амь тавихыг харан сэтгэлээ сэглүүлэв. Хоёр жилийн өмнө Удирдлагын академийн ойролцоо хийн гагнуур дэлбэрснийг мэдээлсэн сэтгүүлч хүний тасарсан гар бариад зогсож байсныг МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль ёс зүйгүйн жишээ болгон дурдлаа.

“Чухамдаа сэтгүүлч л жирийн иргэнээс авахуулаад удирдах албан тушаалтан, сайд дарга, төрийн тэргүүнийг хүртэл ОНМХ-ээр шүүмжлэх эрхээр хангагдсан байдаг. Гагцхүү сэтгүүлчийг л ОНМХ-ээр шүүмжлэх тийм дархан эрх хэнд ч албан ёсоор заяагдаагүй” гэж МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Ч.Чойсамба бичжээ. Мөн “Сэтгүүлч сэтгүүлчээ шүүмжлэхгүй” гэдэг бичигдээгүй хууль ч бий. Харин сэтгүүлчид үндэсний аюулгүй байдлыг хангах; нийгмийн хэв журмыг хангах; гэмт хэргээс урьдчилан сэргийлэх; бусдын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах; шүүхийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй болохыг ДХИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Нармандах онцолж байлаа. Эдгээр үүрэг Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд тусгалаа олсон байхаас гадна “Редакц бүхэн өөр өөрийн ёс зүйн кодыг бий болгох хэрэгтэй” гэдгийг МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид онцолж байна. Ийм ёс зүйн кодтой редакц өнөөдөр үгүйтэй адил. Бусаддаа үлгэр дууриал болж баймаар Монголын үнэн сонин энэ намар төр, засгийн тэргүүнүүдийн тухай бичихдээ илтэд доромжилж, ёс зүйн ноцтой алдаа гаргасныг Б.Галаарид жишээнд татсан юм.

Ёс зүйн сургалт

Сэтгүүл зүй манайд залуухан салбар, МУИС 1960 оноос сэтгүүлч бэлтгэж эхлэжээ. Урьд Зөвлөлтийн программаар сургаж байгаад ерээд оны сүүлээр Соросын сангийн дэмжлэг дор гурван жилийн хөтөлбөр боловсруулж, сургалтын стандартаа хэд хэд шинэчилсэн байна. Ингээд 2004 онд Стандарт хэмжил зүйн зөвлөлөөр сэтгүүлч бэлтгэх сургалтын стандартаа батлуулж, 2005 оноос мөрджээ. Одоо үүнийгээ шинэчлэх ажил хийж байгаа аж. Энэ стандартыг сэтгүүлч бэлтгэж буй их, дээд сургуулиуд өөр өөрийн сургалтын онцлогт нийцүүлээд дагаж мөрддөг гэнэ. Харин 2001 онд МУБИС-ийг төгссөн сэтгүүлч “Ёс зүй” гэдэг хичээл үзсэнээ хожим дипломоо харж мэдсэн гэлээ. (Жич: Энд болон цаашдаа сэтгүүлчийг нэр заахгүй. Манай сэтгүүлчид дургүйг нь хүргэсэн нэгнээ цохлон авч хэвлэлээр боорлодог тул үүнээс сэрэмжилсэн болно) МУИС-ийг төгссөн мэргэжилтэн Сэтгүүлчийн ёс зүйгээр гурав, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн зохицуулалтаар хоёр кредит номын дуу сонсдог ба ихэнх хичээл нь хоёроос гурван кредит байдаг аж. Дөрвөн жилийн хугацаанд нийт 120 кредит цуглуулж сая сэтгүүлчийн диплом гарддаг гэнэ.

Сэтгүүлч бэлтгэж байгаа бусад дээд сургуулиудад ч ёс зүйн хичээл заадаг бөгөөд МУИС-ийн багш М.Зулькафиль, Ч.Чойсамба нарын 2004 онд хэвлүүлсэн Сэтгүүлчийн ёс зүй номыг голчлон үзэж байна. Харин Радио, телевизийн сургууль тус сургуульд ажиллаж байсан Австралийн сэтгүүлч Анна Волкерийн товхимолыг 2009 онд орчуулан ашиглах болжээ. Өдгөө 17 их, дээд сургуульд сэтгүүлч бэлтгэж байгаа бөгөөд жилдээ мянга гаруй оюутан төгсгөдөг гэнэ. Энэ мянга мянга дунд сэтгүүлчийн ёс зүй байтугай хүний мөстэй сэтгүүлч заримдаа ховор харагдах юм. Үр хөндөлт нэмэгдсэн тухай мэдээний наана охид хүүхнүүдийн дүрсийг танигдахаар харуулахаас аваад зочид буудлын өрөөнд дайрч орон амрагуудын хөнжил хуулахаасаа ч ичдэггүй сэтгүүлчтэй хэн ёс зүйн хариуцлага тооцох вэ?! Арван жил энэ салбарт ажилласан сэтгүүлчээс өнөөгийн сэтгүүлчдийн ёс зүйд үнэлгээ өгөөч гэхэд “шалан дээр унасан” гэв.
    
Өмөөрөх үү, эс өмөөрөх үү?

МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид энэ намрыг хүртэл эрх нь зөрчигдсөн гэж үзсэн найман сэтгүүлчийн төлөө дугарчээ. Түүний хэлснээр өдгөө манай хэвлэл мэдээллийн салбарт дөрвөн мянга орчим сэтгүүлч ажиллаж байгаа гэнэ. Харин сарын хоёр мянган төгрөгийн татвартай МСЭ-д таван зуу орчим хүн элсчээ. Гэхдээ МСЭ өөрт нь хандсан сэтгүүлчийг гишүүн эсэхээс нь үл хамааран өмгөөлж хамгаалдаг аж. Мөн “Глоб интернэшнл” ТББ энэ тал дээр дагнан ажилладаг. Тэд 2005 оноос 2012 оны тавдугаар сар хүртэл сэтгүүлчийн эрх зөрчигдсөн 220 тохиолдол гарсныг 2011 оны тайландаа бичжээ. Гэхдээ энэ бүх хэргийн орчин нөхцөлийг дурдаагүй байна.  

М.Зулькафиль, Ч.Чойсамба нарын Сэтгүүлчийн ёс зүй номд багтсан сэтгүүлчийн ёс зүйн алдааны олон жишээнээс харахад адаглаад Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчдөг болох нь харагдана. Цагаа хэтрүүлэн ажиллаж буй цэнгээний газар орсон сэтгүүлч үйлчлүүлэгчдийн царайг харуулах гэж оролдох нь элбэг. Асуудал үйлчлүүлэгчид бус тухайн байгууллагад байгаа гэдгийг ялгаж салгах ухаан дутдаг бололтой. Иймэрхүү оролдлого нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монголын Улсын иргэний халдашгүй дархан байх эрхийг шууд зөрчдөг. Уул шугамандаа сэтгүүлчийн дуранд өртсөн иргэн өөрийг нь шүүхэд өгөх учиртай юм. ЦЕГ-ын Сургалт, сурталчилгааны хэлтэсийн дарга; цагдаагийн дэд хурандаа Ш.Нарантуяа мэргэжлийн сургуулиудад эрх зүйн байдлын тухай хичээл заадаггүй юм билээ гэв. Энэ талын мэдлэг дулимаг нь ч илт байдаг, бусдын эрхээр сэтгүүлчийнх бүү хувь хүнийх нь эрх хүртэл хязгаарлагддаг гэдгийг өнөө хэр бидний сэтгүүлчид ойлгоогүй л явна.

Бидэнд асар их эрх бий. Гэхдээ эрх гэдэг бол татгалзаж болдог боломж юм. Харин сэтгүүлчийн үүрэг гэдэг нь татгалзах аргагүй хариуцлага. Өнөө бидний эрх чөлөө зарим талаар хэм хэмжээнээсээ “хальчихаад” байна. Аливаа хууль дүрэм эрх чөлөөний хязгаарыг зааж өгдөг гэдгийг хэдүүлээ нэгэнт бодох болжээ. Эс тэгвээс хязгааргүй юмс үнэгүй байдгийн үлгэрээр сэтгүүлч гэдэг мэргэжлийн нэр хүнд өдөр өдрөөр унаад байна. МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдааг сануулсан бичиг редакцуудад хүргүүлдэг, байнга энэ талаар хэлж ярьдаг гэнэ. Харин “Глоб интернэшнл” ТББ-ын ажилтан Х.Наранцэцэг манай сэтгүүлчдэд олон талын сургалт дутмаг байгааг онцолсон юм.

Эрүүгийн хуулийн заалт

Сэтгүүлчдийг зоргоор нь хаячихсан юм биш ээ. Бараг зөвхөн тэдэнд зориулагдсан гэмээр заалт Эрүүгийн хуульд бий. Үүнийг хуулиас авахуулах гэж “Глоб интернэшнл” ТББ олон жил хөөцөлдөж байна. Тэд 110, 111 дүгээр зүйл ангийг халах 10 шалтгааныг тоочин зохих байгууллагуудад нь өгчээ. Харин судлаач Г.Оюунболд “Хэвлэл мэдээллийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу мэргэжлийн холбоо нь төлөвшөөгүй цагт байх ёстой гэж боддог” аж. Өнөөгийн сэтгүүлчдийн ёс зүйг харсан хууль судлаач энэ зүйл хэсгийг авчихвал хэвлэлийн гүтгэлэг, доромжлол замаа алдана хэмээн үзэж байна.

“Глоб интернэшнл” ТББ-ынхан ихэнх улс орны эрүүгийн хуульд ийм зүйл хэсэг байдаггүй гэж ярьдаг. Гэтэл ДХИС-ийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор Б.Нармандах олонх улсын хуульд иймэрхүү утгатай заалт бий гэлээ. Сэтгүүлчийн алдаатай үйлдэл хувь хүнээс илүү нийгэмд хохирол учруулдаг тул энэ зүйл хэсэг хуульд байх ёстой гэж ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа П.Баярсайхан үздэг аж. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үүн дээр өөр байр суурьтай байлаа. “Олны танил болон албан тушаалтантай холбоотой гүтгэлэг хэвлэлээр гарвал эхлээд гүтгүүлэгч тал тайлбарлах үүрэгтэй. Тайлбарласаар атал дахин өөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг асуудлыг ахин сөхвөл энэ үйлдэл нь санаатай болж ирнэ. Энэ нөхцөлд гүтгүүлэгч хуулийн байгууллагад хандана. Ийм үе шаттай гэдгийг л ойлгох хэрэгтэй. Харин жирийн иргэн гүтгүүлсэн бол шууд шүүхэд очих ёстой” гэлээ. Сайдынхаар бол “доромжлох” гэдэг зүйл хэсэг Эрүүгийн хуульд илүүц юм байна.

Зөвхөн хуулийнхан, дарга даамлууд дээрх заалтын талд зогсож байна уу гэвэл бас үгүй ажээ. Нэгэн телевизийн сэтгүүлч “Цаазаар авах ялаас татгалзах ёсгүй гэж боддог шигээ хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор хамаг юмыг сул тавьж болохгүй” гэж хариулав. Энэ тал дээр МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч М.Зулькафиль “Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалтай санал зөрөх зүйл гардгаа нуугаагүй юм. Эрх, үүрэг хоёрын энэ зөрчлийг бусад орнуудад Хэвлэлийн консулаар дамжуулан шийддэг аж. Манайд одоохондоо ийм байгууллага алга. Энэ намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 14, 15 дугаар зүйлүүд тэр чигтээ үүнд зориулагджээ. М.Зулькафиль дээрх хуулийн төсөлтэй танилцаж, Хэвлэл мэдээллийн зөвлөлд хэвлэлийн эзэд орохоор заалт байгааг нь сануулсан гэсэн боловч  http://www.president.mn сайтад “Зөвлөлийн бүрэлдэхүүн хэвлэл мэдээллийн байгууллагын үүсгэн байгуулагч, сэтгүүлч, олон нийтийн төлөөллөөс  бүрдэнэ” гээд тэр чигтээ байж л байна. М.Зулькафиль үүнийг МҮОНТР-ийн Удирдах зөвлөлийг сонгодог шиг улс төрийн томилгоо болно хэмээн хардаж байгаа юм. Иргэн хүний хувиар тэрбээр хардах бүрэн эрхтэй билээ.

Дууг нь чангал

Кёкшүюзан Д.Батбаяр “Эх орон” телевизтэй байхдаа найзуудтайгаа зурагт үзэж суугаад эхнэрийнх нь дуу явахад зурагтын удирдлагаа шүүрэхийн оронд телевиз рүүгээ утасдан “Дууг нь чангал даа” гэсэн гэдэг. Онигоо л  болов уу. Өнөөдөр аль хэвлэл, мэдээллийн байгууллага хэний өмч вэ гэдгийг бид таамгаар мэднэ. Үндэсний тагнуулын академийн хийсэн судалгаагаар Монголд сайт 200, телевиз 126, радио 72, сэтгүүл 102, сонин 131 байгаа аж. Эзэд нь бүгд л “Дууг нь чангал даа” гэж хэлдэг гэдэг дээр Б.Галаарид, М.Зулькафиль нар санал нийлж байлаа. Бүр улс төрийн чиг хандлагаараа ч хуваагддаг аж. Дээрх судалгаагаар бол АН 10 сонин, есөн телевиз, есөн сайт; МАН 12 сонин, долоон телевиз, дөрвөн сайт, МАХН нэжгээд сонин, телевизийн дууны өнгийг тохируулдаг ажээ.

Олимп үзэж яваа зургаан настай жаалаас “Хэд дэх олимпоо үзэж байна?” гэж асуух нь сэтгүүлчийн тэнэглэл боловчиг эзэд тэдэнд бодлогоо тулгадаг гэж уулзсан хүн бүхэн ярьж байна. Ганц үүгээр зогсохгүй сэтгүүлчээ ялд унагадаг. 1998 онд батлагдсан Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулиар редакц шүүхийн өмнө очих учиртай ч Б.Ханддолгороос өөр ял үүрсэн эрхлэгч алга. Эрхлэгч нь хариуцлага үүрнэ гэдэг утгаараа үүнийг маш зөв жишиг болсон гэж Б.Галаарид үзэж байгаа бол “Глоб интернэшнл” ТББ-ын ажилтан Х.Нарангэрэл “Чи өөрөө тэр төлбөрөө төлөөрэй” гэж сэтгүүлчдээ хэлээд шүүх танхимаас гарч яваа эрхлэгч нартай олонтаа таарчээ.

Мал малын зах

Томоохон уул урхай компаниуд хувьдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болдог жишиг тогтоод байна. М.Зулькафиль ямар нэгэн сонгуулийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо нэмэгддэг үзэгдэл манайд бий болсон гэв. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судлаач Н.Ганчимэг ч үүнтэй санал нийлж байлаа. Сонгууль өнгөрмөгц эдний зарим нь сураггүй алга болдог, бүр зөвхөн сонгуулиар хэвлэгддэг сонин, сэтгүүл ч байдгийг дурдав. Мөнгөтэй хүн юугаа ч, яаж ч болно. Гэхдээ хэвлэл мэдээллийн эзэд Монголын сэтгүүл зүйн бүтээгдэхүүний чанар болоод сэтгүүлчдийн ёс зүйг унагах том нөхцөл болдог мэт. Ганц Улаанбаатарт шахуу бүх гол үйл явдал нь өрнөдөг жижиг улсын олон мэдээллийн хэрэгсэл нэг нэгнээ давтахаас өөр аргагүй. Цаашлаад сэтгүүлч нар нэгнээсээ арай өөр зүйл үзүүлэхийн тулд ёс зүйн алтан хязгаараа давж гишгэхэд хүрдэг бололтой.

Бараг бүгдээрээ баян эзнийхээ амь тариагаар дөнгөн данган амьсгалахчээн болдог телевизүүд сэтгүүл зүйн бүтээл хийхийн оронд сайт уншаад, бусдын бичсэнийг огт нягтлаагүй хэрнээ шүүгээд суудаг өрөвдөм төрхтэй болжээ. Зар сурталчилгаа байнга өгдөг томоохон компани манайд ховор. Энэ талыг нь овжин ашиглаж, компаниуд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “ам барих” гэрээ хийдэг гэдгийг Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа П.Баярсайхан хэлэв. Хамгийн ноцтой нь гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэд төлөөлөгчид ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээр дамжуулан төрийн бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрт нөлөөлөх гэж оролдох болжээ. Рекламны багахан зах зээлтэй Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, цалин багатай сэтгүүлч нарт юун түрүүнд мөнгө хэрэгтэй тул ёс зүй гэгчийг мартахад хүрдэг.     

Толгойтойгоо үлдье гэвэл

Өнөөгийн олон телевизүүдийг өөрийн улс төрийн байр суурийг бэхжүүлэх гэсэн улстөрчид сул тэжээж байгаа хэмээн М.Зулькафиль ярилаа. Энэ бүхэн зах зээлийн жамаараа шигшигдэж цэгцэртэл чамгүй хугацаа өнгөрнө. Эзэд болоод редакцийн үзэл бодол, үзэмжээр аливаа асуудлыг сэтгүүлч нар хөнддөг тул ард түмэнд үнэн бодит мэдээлэл хүрэх боломж тэр хэрээрээ хумигддаг. Эцэстээ нийгмийн сэтгэл зүй бодитойгоор бүрдэхэд саад болно. Энд л хамгийн том аюул бий. Уул нь редакц бие даасан хараат бус байдлаар хангагдах учиртай боловч одоогоор ZA телевизээс бусад хэвлэл, мэдээллийн байгууллага ийм гэрээ байгуулаагүй байна. Эзэд ашгийн төлөө бус, улс төрийн зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэжээж байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-аар хэлэлцэгдэх хуулийн 7, 8 дугаар зүйл амьдрал хэрэгжих магадлал тун бүрхэг. Энэ хуулийг хэлэлцэхээс цааргалж байгаа олон улс төрч сэтгүүлч нар бүр илүү эрх чөлөө олж аваад эргээд өөрийг нь баллах юм гэж санаж байгаа бололтой.

Эзэд зөвхөн бизнесийн утгаар хэвлэл мэдээлэлд мөнгө оруулж, түүнээсээ ашиг хүртдэг; мөн шинэ хуулийн төсөл ёсоор эзэн, редакцийн хараат бус байдлын тухай заалт хэрэгжиж эхэлтэл хэн хүнгүй сэтгүүлчийн эргүүлсэн сэлмэнд өртсөөр байх болно. “Дарга, ялаа хоёрыг сонингоор алдаг” хэмээх афоризмоор туг хийсэн сэтгүүлч “Таны тухай мэдээлэл ирлээ, төдөн төгрөг өгвөл цацахгүй” гэдэг шантаажаа хийсээр л байх болно. Зарим сэтгүүлч нарт төдийлөн таалагдахгүй байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ бүхнийг цэгцэлж эхлэх боломж хэмээн МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид харж байгаа аж.                           
    
Үр могой
    
Монголын сэтгүүлчдийн ёс зүйн тухай ярилцахаар МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш нарт хандахад тэдний нэг шууд цааргаллаа. Бусад нь ч түүнийг дагах аястай болов. Сэтгүүл зүйн тэнхимийн үүдээр “Багш аа, багш аа” хэмээн цухалзах оюутнууд тахимдуу харагдана. Өнөөдөр багшийгаа царайчлан зогсоо оюутнууд маргааш микрофон бариад гарахаараа бусдыг бүү хэл багшийгаа ч намнадаг ажээ. Тэгээд мөнөөх багш шавь нараа шүүн хэлэлцэхээс татгалзлаа ойлгогдсон. Багахан орон зай дотор чихэлдсэн Монголын сэтгүүлч нар араатны хуулиар амь зогоосоор, эцэстээ эхээ барьж иддэг үр могой болохвий гэдэг айдас эрхгүй төрлөө.
 

Нийтлэлч Д.БАТБАЯР

Эх сурвалж: “ҮНДЭСТНИЙ ТОЙМ” сэтгүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж