Эшли Коул ба шинэ гэрээ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Янз бүрийн эх сурвалжийн мэдээлж байгаагаас үзвэл Лондончуудын зүүн жигүүрийн хамгаалагч Эшли Коул “Челси”-ийн нэг жилийн гэрээ хийх хүсэлтээс цааргалж байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сар гэхэд талууд тохиролцож эс чадвал клубээ орхиж ч магадгүй гэнэ.

31 настай Англи эр одоогоор долоо хоногт 130 мянган фунтын цалинтай бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ нь энэ улирлын төгсгөлд дуусгавар болох юм байна. Яг энэ цаг үед Эшли Коулыг түүний хоёр экс дасгалжуулагч болох “Реал”-ын Жозе Моуриньо болон “ПСЖ”-ын Карло Анчелотти нар сонирхож буйгаа илэрхийлсээр байгаа гэнэ. Мөн Алекс Фергюсоны нэр ч дуулдаж байна.

Маргааны гол зангилаа нь санхүүгийн асуудал биш, харин тийм ч залуу биш хамгаалагчийн хувьд гэрээний үргэлжлэх хугацаа асуудал болоод байгаа юм байна. Гэтэл “Челси” Эшлид ердөө ганцхан жилийн гэрээ санал болгоод байдаг, ХЯСЛАНТАЙ юм аа.

Харин клубын бодлого бол 30-аас дээш насны тоглогчид богино хугацааны гэрээ санал болгох. Эшли өмнөхийн адил эрүүл саруул төдийгүй, торгон ирэн дээрээ байгаа ч 31 настайн улмаас түүнд ердөө ганц жилийн гэрээ санал болгожээ. Гэрээнд цалинг нэмж болох магадлалтай ч Эшли ядаж хоёр жилийн гэрээ хүссээр …

Хэрэв “Челси”-тэй хийх хөөрөлдөөнд ахиц гарахгүй бол Эшли нэгдүгээр сар гэхэд өөр клубуудтэй хэлэлцээ эхлэх эрхтэй болно. Талуудын зүгээс яриа үргэлжлүүлэх төлөвлөгөө харагдахгүй байгаа боловч “Челси” эцсийн шийдвэрийг гаргах болно. Өнгөрсөн зун яг ийм нөхцөл байдал Дидье Дрогбагаас хагацахад хүргэсэн билээ. Одоо Эшлиг алдах эрсдэл бий болжээ.

Даваа гаригт Коултай хийх шинэ гэрээний талаар “Челси”-гийн ерөнхий дасгалжуулагч Роберто Ди Маттео тайлбар хийсэн бөгөөд гэрээ сунгах асуудлыг өөдрөгөөр харж байна хэмээсэн юм. Гэхдээ ийм асуудлыг дасгалжуулагч бус, клуб шийддэг болохоор Ди Маттеогийн хүсэл зориг онцын чухал биш байх болов уу.

Дашрамд дурдахад, Лондонгийн "Челси"-гийн хамгаалагч Эшли Коул клубынхээ төлөө боломжит 235 тоглолтоос 188-д нь оролцжээ. Тэрбээр тус клубт анх ирчихээд шагайн гэмтлээс болж нэлээн олон тоглолтод оролцож чадаагүй юм. Харин сүүлийн дөрвөн жил клубынхээ гарааны бүрэлдэхүүнд байнга гарч байгаа билээ.

Эх сурвалж: WWW.SPORTBOX.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж