-Өнгөрсөн пүрэв, баасан гарагт Сүхбаатарын талбай болон Төрийн ордонд танай намынхан эсэргүүцэл зарлалаа. Энэ тэмцлээ хэзээ болтол үргэлжлүүлэх вэ?
-Бид үр дүн гартал нь тэмцлээ үргэлжлүүлнэ. Өвөрхангайн тойрогтой холбоотой гаргасан хууль бус шийдвэрийн талаар холбогдох хүмүүс нь байр сууриа илэрхийлж, тохиролцсоны үндсэн дээр л үр дүн гарах байх гэж бодож байгаа.
-Тэгэхээр Өвөрхангайгаас ирсэн хүмүүс хэзээ гэртээ харих нь тодорхойгүй байгаа гэсэн үг юм байна. Тэр хүмүүсийн байрлах газар, хоол ундны асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ. Мэдээж танай намын гишүүд, дэмжигчид болохоор та бүхэн тодорхой хэмжээнд анхаарал, халамж тавьж байгаа байх гэж бодож байна?
-Тэр талаарх асуудлыг намын удирдлагуудаас тодруулсан нь дээр байх.
Би хувьдаа энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байна. Миний хувьд бүлгийн гишүүнийхээ хувьд Төрийн ордонд суулт хийж, гадаа жагсаж байгаа хүмүүстэй уулзаж, санаа бодлыг нь сонсож байгаа. Түүнээс биш тэр хүмүүсийг хооллож, ундлаад ийш, тийш зөөсөн зүйл алга даа.
-“Өвөрхангайгаас хүмүүс ирж энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа” гэж та бүхэн хэлж байгаа ч энэ бүхнийг танай намынхныг зохион байгуулсан гэдэг хардлага гарсан. Тухайлбал, хүн бүрт өдрийн томилолтын мөнгө тараасан гэсэн яриа гарсан байна билээ?
-Манай намын зүгээс ямарваа нэгэн байдлаар төлбөртэй жагсаал хийлгээгүй. Мэдээж, өөрийнх нь саналыг луйвардаж байгаад өвөрхангайчууд бухимдах нь зөв шүү дээ. Тэр ч бүү хэл булганчууд хүртэл бухимдаж байгаагаа утасдаж илэрхийлж байна шүү дээ.
-Та бүхэн “Иргэд бухимдаж байна” гэж байгаа ч өнгөрсөн пүрэв, баасан гарагт болсон жагсаал нэг их газар авсангүй. “Автобусаар Өвөрхангайгаас зөөж авчирсан” гэгдэж байгаа хэдэн хүн л жагсаж байгаа харагдсан. Энэ бүхнээс болоод танай намынханд жагсах аргыг зааж өгөх хүсэлтэй олон хүн гарч ирж байх шиг байна. Хүмүүс жагсаалд нэгдэхгүй байгаа нь энэ асуудалд ач холбогдол өгөхгүй байгаагийн илрэл биш үү?
-Бид хүмүүст мөнгө, төгрөг төлөөгүй. Энэ жагсаалд нэгдсэн хүмүүс сэтгэлийнхээ дуудлагаар л ирсэн. Тиймээс би өнгөрсөн пүрэв, баасан гарагт болсон жагсаалыг хүн цуглаагүй, муу болсон гэж хэлэхгүй. Мөнгө төлж тэнд хүн авчирвал утгагүй шүү дээ. Биднийг шоглож байгаа хүмүүс яах вэ. Тэнд хүмүүс өөрсдийнхөө байр суурийг л илэрхийлж жагссан гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Төрийн ордонд суулт хийсэн УИХ-ын гишүүдийн үйлдлийг элэг доог болгон хүлээж авч байгаа хүмүүс ч байна. Тухайлбал, та бүхнийг “Ардчиллын төлөө анх удаа жагсаал хийж байна” гэх зэргээр гоочиллоо. Энэ бүхэнд танай намынхан ямар байр суурийг илэрхийлж байгаа вэ?
-Монголын ардчиллын түүх манай намын түүхтэй салшгүй холбоотой. “Ганц гар алга ташдаггүй” гэдэг шиг Ардын нам, Ардчилсан нам хамтарсны үндсэн дээр ардчилсан өөрчлөлтийг хийсэн. Тиймээс манай намыг ардчиллаас салгаж, “Ардчиллын төлөө анх удаа дуугарч, жагсаж байна” гэж баалах нь утгагүй хэрэг гэж хэлмээр байна.
-Төрийн ордонд суулт зарлах хууль эрхзүйн орчин байхгүй гэж байсан. Нөгөөтэйгүүр, та бүхний энэ үйлдэл өөрсдийн эрх ашгийн төлөө төрийн ажлыг цалгардуулж байгаа нэг илрэл юм биш үү?
-Ардын намынхан төрийн ажлыг гацаасан юм биш. Харин Сонгуулийн ерөнхий хорооны хууль бус шийдвэр төрийн үйл ажиллагааг гацааж байгаа гэдгийг ойлгох ётой. Сонгуулийн ерөнхий хорооныхон хууль бус шийдвэрээ татаж аваад бүх шатны шүүхийн үйл ажиллагаа дуустал хүлээх юм бол бид УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцоход бэлэн байгаа. Гэтэл УИХ-ын чуулганы хуралдааны хамгийн эхэнд хэлэлцэх асуудлаар “унасан бөхийг туг тойруулах” гээд байгаа учир бид арга буюу ингэж сууж байгаа юм. Хэрэв өөр асуудлыг хэлэлцэх байсан бол хуралдаанд оролцох л байсан.
-Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өвөрхангайн асуудал бол хоёр намын хооронд зохицоод шийдчихдэг асуудал биш. Нэгэнт л Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргасан” гэж байсан. Та бүхний эсэргүүцэл үр дүнд хүрэхгүй бол яах вэ?
-Өвөрхангай аймгийн шүүхээс аравдугаар сарын 10-нд энэ асуудлыг Хархорины шүүх рүү шилжүүлэх захирамж гаргасан. Гэтэл Хархорины шүүх хуралдаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргасан. Уг нь бол Сонгуулийн ерөнхий хорооныхон бүх шатны шүүхээр асуудлыг хэлэлцсэний дараа шийдвэрээ гаргах ёстой байсан юм. Тиймээс бид шүүхийн үйл ажиллагаа дуусаагүй байхад Өвөрхангайн төлөөллийн нэрийг УИХ-ын даргад өргөн барьсан гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх энэ асуудлыг шударга шүүсэн үү, үгүй юу гэдгийг нягталж үзсэний дараа дээрх асуудлыг ярих ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Мэдээж Ерөнхий сайд ямар нэгэн тайлбар өгч л байгаа байх. Гэхдээ үүнээс өмнө Сонгуулийн ерөнхий хорооны даргыг сольсон гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Шинэ даргынх нь хийсэн анхны алхам нь улс төржсөн гэдэг нь ойлгомжтой байна. “Насанд хүрээгүй атлаа сонгуулийн сурталчилгаанд оролцсон” гээд байгаа хүүхдүүд нь энд ирээд “Бид сонгуулийн сурталчилгаанд оролцоогүй” гээд байхад шинээр үүссэн нөхцөл байдлыг шүүх хянаж үзэх ёстой.
-Та бүхэн нэг асуудлаас болоод хэтэрхий туйлшраад байгаа юм биш үү?
-Бид зөвхөн Өвөрхангайн нэр дэвшигчдийн асуудлаас болж ийм асуудал үүсгээд байгаа юм биш. Өнөөдрийн нийгэмд шударга бус үйлдэл газар авч байна. Төрийн албанд болж байгаа үйл явдал, 2013 оны төсийн төслийг оруулж ирж байгаа байдлыг хар л даа. Ардчилсан намынхан төрийн албыг төрлийн алба болголоо гэж байгаа нь үнэн шүү дээ. Мөн 2013 оны төсвийн төслийг УИХ- оруулж ирэхдээ бүх зүйлийг нь тодорхойгүй оруулж ирж байна. Энэ чинь Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа асуудал. Тэгээд ч ирэх оны төсвийн төсөлд ард иргэд рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтаас илүүтэйгээр улстөржсөн асуудал маш их оруулж ирсэн. Тиймээс бид энэ асуудлууд дээр ярилцах ёстой. Бид бүлэг байгуулах гэж шаардаад байгаа нь энэ асуудлын талаар өөрсдийн дуу хоолойг хүргэж, хяналт тавих гэсэндээ юм. Хэрэв бид бүлэгтэй болчихвол УИХ-аас гарч байгаа шийдвэрүүд алдаа бага байж олон түмэнд илүү хүртээмжтэй тусна. Одоо бол тэрүүхэн тэндээ шийдчихээд хүч түрэн хэлэлцэж байгаа учир алдаа гарах магадлал өндөр байна л гэдгийг хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл биднийг бүлэггүй байлгаж байна гэдэг чинь бүх шатанд хяналт байхгүй болгох боломжийг бий болгочихоод байгаа юм. Уг нь бидний хэлж байгааг заавал Ардын намынхан гэдэг өнцгөөр хүлээж авахгүйгээр Засгийн газар зөв шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Парламент гэдэг чинь улаантан, цагаантан хоёр биш шүү дээ.
-Танай намаас сонгогдсон УИХ-ын зарим гишүүн “Одоогийн УИХ-ыг тараахын тулд бүрэн эрхээсээ түдгэлзэх хүртэл арга хэмжээ авч магадгүй” гэж байсан. Та бүхэн энэ талаар үнэхээр ярилцсан юм уу?
-Бид УИХ-ын гишүүний суудалтай зууралдаад байгаа зүйл байхгүй шүү дээ. Зөвхөн УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх нь асуудлын шийдэл болж чадах уу гэдгийг л ний, нуугүй ярилцах ёстой. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 25 гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзлээ гэхэд УИХ тарахгүй шүү дээ. Хамгийн гол асуудал энд л байна.
-Ардын намынхан олонхи байхдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэтэл өөрсдөө олонхи байхдаа баталсан хуулиа энэ удаагийн УИХ-ын сонгуулиар зөрчсөний тод жишээ нь Өвөрхангайн тойрогт илэрсэн гэх юм?
-Аливаа сонгуулийн хуулийг парламентад байгаа улс төрийн намуудын өргөн оролцоотойгоор баталдаг. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Ардын намынхан дангаараа батлаагүй. Хэдийгээр энэ хуулийг хэлэлцэх үед олонхи байсан ч Ардчилсан намынхны дуу хоолой энэ хуульд туссан. Ямар ч байсан Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль шиг олонхиороо түрээ барьж батлаагүй гэдгийг олон түмэн мэдэж байгаа байх. Өвөрхангайн асуудал бол шүүхийг ашиглаж сонгуулийн үр дүнг засварласан хэрэг. Тиймээс шүүхийн шийдвэрийг нягтлахаас нааш Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангарга өргүүлж болохгүй. Харин ч эсэргээрээ Ардчилсан намынхны дунд ямар нэгэн маргаантай асуудал гарсан тохиолдолд шүүх найзтай байхад болдог юм байна гэсэн бодлыг төрүүлэх вий дээ гэж айж байна. Тиймээс манай намынхан шүүхийг хариуцан ажиллаж байгаа Ерөнхийлөгчийг энэ тал дээр байр сууриа илэрхийлээч гэж хүсэж байгаа юм.
-Ардын нам болон МАХН-ынхан нэгдэх ёстой гэсэн яриа гарснаас болоод энэ бүх асуудал гарч байна гэсэн таамаглал гараад байгаа л даа. Ер нь МАН, МАХН хоёр нэгдэх ёстой гэсэн яриа яагаад гарах болов?
-Бодвол хоёулаа зүүн төвийн үзэл баримтлалтай нам учир хэзээ нэгэн цагт нэгдэх ёстой байх гэсэн үүднээс л ийм яриа гарсан байх. Нэгдэхийг нь үгүйсгэх арга байхгүй шүү дээ. Тэнд байгаа хүмүүс бүгд л манай намд байсан хүмүүс. Миний хувьд үүнийг үгүйсгэх арга байхгүй гэж бодож байна. Одоо бол МАХН-ынхан барууны үзэл баримтлалтай нэгдээд Засгийн газрыг байгуулчихсан учир цаашид хэрхэн ойлголцох вэ гэдгийг нь хэлж мэдэхгүй юм.
-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ардын намынхан Засгийн эрхийг хамгийн их барьсан. Тйимээс өнөөдөр бий болсон нөхцөл байдлыг та бүхний хийсэн ажил гэх хүн цөөнгүй байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Өнгөрсөн 20 жилд манай нам дандаа олонхи байгаагүй. Өнгөрсөн хугацаанд засгийн эрхийг манай нам найман жил, Ардчилсан нам дөрвөн жил, хамтарсан байдлаар найман жил барьсан байдаг юм. Тиймээс өнгөрсөн 20 жилийн алдаа, оноог хоёр улс төрийн хүчин хамтарч үүрэх ёстой. Аливаа зүйлд сайн, муу тал байдаг учир өнгөрсөн хугацаанд мэдээж алдаа байсан л байж таарна. Гэхдээ манай нам дангаараа энэ бүх алдааг үүрэх ёсгүй.
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг холимог системээр зохион байгуулсан. Үүний өмнөхөн танай нам уугуул нэрээ сэргээсэн. Үүнээс болоод нам ялагдал хүлээсэн гэх хүн цөөнгүй байна. Та намын нэрээ солих шийдвэрийг дэмжсэндээ харамсдаг уу?
-Зарчмын хувьд намынхаа ууган нэрийг сэргээсэн нь зөв. Хувьсгалт гэдэг нэрийг коментерний шахалтаар оруулж ирсэн шүү дээ. Уугуул нэрээ сэргээсэн нь манай намын утга учрыг сэргээсэн гэж үздэг юм. Харин үүнийг нь тодорхой улстөрчид ашиглаж, хуучин нэр дээр нь өөр намыг бүртгүүлсэн нь энэ удаагийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Цаашдаа бид энэ алдаагаа хэрхэн засах вэ гэдгийг бодох ёстой.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.