“Ану хатан” трэйлерээ нээж, постероо дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

“Ану хатан” трэйлерээ нээж, постероо дэлгэлээ

Үзэгчдийн дунд хамгийн их хүлээлттэй  киногоор тодроод буй “Ану хатан” түүхэн уран сайхны кино трэйлерийн нээлтээ “Black box” театрт баасан гаригт хийлээ. 2011 оны 8ур сард эхэлснээс хойш жил гаруй үргэлжилж байгаа “Ану хатан” кино төсөл энэ оны 8-р сард зураг авалтаа дуусган энэ өдөр албан ёсны трэйлер, постероо дэлгэж байгаа юм. Монголд анх болж байгаа кино трэйлерийн нээлт, постер дэлгэх ёслолд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, гишүүн асан Д.Арвин, дэд сайд асан Ч.Куланда, “Монфрэш” ХХК-ийн захирал С.Насанхүү, “Номин Холдинг”-ийн С.Шагдарсүрэн, “Dior” хатагтай Батчулуун, СГЗ зохиолч С.Оюун нарын зочид, урлаг соёлынхон, уран бүтээлчид оролцсоноос гадна саяхан осолд орж бурхан болсон хэмээн шуугиулж буй жүжигчин С.Алтанхуяг хөтөлсөн юм. Тэрээр Галан бошгитын хүү Сэвдэнбалжирын дүр бүтээсэн аж.  Трэйлерийн нээлтийн үеэр “Ану хатан” кинонд ашигласан хаан, хатны сэнтий, зэвсэг, зүүлт гоёл чимэглэл, Зуун модны тулалдаанд хэрэглэсэн их буу, Ану хатны хуримын болон байлдааны хувцас, Галдан бошгитын хувцас хэрэглэлээр үзэсгэлэн гаргаж сонирхуулав.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн “Шүүдэр” продакшны бүтээж буй “Ану хатан” түүхэн уран сайхны кинонд Зүүнгарын Галдан бошгит хааны хатан Анугийн амьдрал, 1670-аас 1696 оны халх, ойрадын харилцаа, Манжийн Энх-Амгалан хааны цэрэгтэй ойрадуудын хийсэн  Зуун модны тулалдааныг үзүүлдэг.    

Киноны Ерөнхий продюсерээр Д.Болдхуяг ажиллаж, зохиолч Б.Шүүдэрцэцэг кино зохиолоо бичжээ. Ану хатны дүрд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэн ханд АЖ Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд УГЖ С.Сарантуяа, Ану хатны шивэгчин Мандарваад жүжигчин О.Долгор, Зүүнгарын хаан ширээг булаасан Цэвээнравданд жүжигчин П.Баттөр, түүний дүү Сономравданд жүжигчин Т.Билэгжаргал, Ахай хатанд мисс Б.Бадамцэцэг, Цөхүр увшид УГЖ Г.Равдан, Юм-Агас хатны шивэгчинд УГЖ Ж.Оюундарь, Данжила жанжинд С.Ариунбямба  нар тогложээ. Түүнчлэн орон нутгаас Мянхай жанжны дүрээрээ алдаршсан Өвөрхангайн Г.Төмөртогтох Зуун модны тулалдаанд эрэлхэгээр байлдсан Булад баатарт , Эрдэнэтийн  найруулагч Ё.Баярмагнай Энх-Амгалан хааны дүрд, Хүүхэлдэйн театрын жүжигчин С.Гэрэлт-Од Ану хатны шадар хамгаалагч Балсангийн дүрд тогложээ. Киноны цэргийн зөвлөхөөр Агаарын цэргийн командлагч, хошууч генерал  Ц.Дашдэлэг, ЗХЖШ-ын ажилтан дэд хурандаа Д.Өлзийбаяр нар ажилласан байна.

Монголын кино ертөнцийн тухайд мөрөөдлийн баг гэгддэг хамгийн чадварлаг, шилдэг уран бүтээлчид “Ану хатан”-д  цугласныг дурдвал , ерөнхий найруулагчаар СТА Т.Алтантуяа, зөвлөх найруулагчаар АЖ Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар СТА Ж.Цог, эвлүүлгийн найруулагчаар Ш.Тансаг, тайзын зураачаар Ч.Батжаргал, хөгжмийн зохиолчоор Сангидоржийн Сансаргэрэлтэх, нэгдүгээр найруулагчаар СТА В.Агар, жижиг хэрэглэлийн зураачаар Н.Болор-Эрдэнэ,   нүүр хувиргагчаар В.Дэлгэр нар ажиллажээ.

 “Ану хатан”-г мэргэжлийн түвшинд бүтээх зорилгоор 2012 оны 3-р сард дэлхийд нээлтээ хийсэн Canon-ы мэргэжлийн С300 камер, тусгай зориулалтын сахал, хиймэл үрчлээ, гэрэл, утааны төхөөрөмж, хиймэл цус зэргийг Япон, Америк, Хятад зэрэг улсуудаас авчирсан байна.

Киноны арын  албаны сонин хачныг үзүүлсэн Making movie, кино зураг авалтын үеийн фото агшнуудыг дэлгэцээр үзүүлсний дараа трэйлер эхэллээ. Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэхийн зохиосон сүрлэг хөгжим эгшиглэн, Ану хатны бага нас эцэг Очирт цэцний сургаалиар эхэлсэн гурван минутын трэйлер Манжийн Энх-Амгалан хаан халх нутагт ирж байгаа, манжийн цэрэгтэй хийсэн ой, ус, их талын тулалдаан, үсрэлт дундаа харвах, усан доогуур отолт хийж байгаа ойрадын баатар зэрэг уйдаах завгүй өрнөлт хэсгүүдээр үргэлжилсээр Ану хатны хэлсэн “Төрд тэрслэгчдэд тэнгэрийн цээрлэл ирдэг юм!” гээд Сэнгэ хунтайжийн хүү  Сономравданг харваж буйгаар төгсч гэрэл асахад зарим үзэгч нүдэндээ нулимстай, зарим нь ам амандаа  “Гадаадын кинонд монгол жүжигчид тоглосон юм шиг” гэцгээж байлаа.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж