Шинэ журам ба шинэ бүлэг

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Шинэ журам ба шинэ бүлэг

Ердөө хоёрхон долоо хоногийн дараа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шинэ стандарт мөрдөж эхэлнэ. Хэрвээ тухайн компанийн үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүний агууламжинд хуурай сүүний найралга зонхилж байвал “сэргээсэн сүү” гэсэн бичгийг сав баглаа боодол дээрээ тавина. Тавихгүй бол торгуулийн арга хэмжээг авах аж. “Олон улсад хүнсний нэмэлт бодисын “Е” гэдэг код байдаг. Чухамдаа үүнийг л сүүн дээр хэрэгжүүлнэ гэж ойлгож болно. Ямар нэгэн хольцтой сүүг цэвэр сүү гэж зарах нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй хэрэг” гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай ярьсан юм.

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байх нэгэн дэлгүүрт яг үүнтэй холбоотой маргаан гарч байжээ. Маргаан юунаас үүдсэн бэ гэвэл хуурай сүүтэй хольсон тухайн компанын сүү цай сүлэнгүүт эвгүй үнэр гаргаж байсан явдал. Үйлчлүүлэгчид тэр сүүг байрны доор байрлах жижигхэн дэлгүүрээс авсан учир тухайн дэлгүүрийн худалдагчтай хариуцлага тооцохоор хэрүүл хийсэн нь энэ. Гэтэл худалдагч нь дөнгөж өглөө ирсэн гэдгээ батлан гүйлгээ хийсэн баримтаа үзүүлэх. Худалдагч, худалдан авагч хоёрын дунд үүссэн энэхүү маргаан эцэстээ “Сүү” компани дээр хоёулаа очиж маргаанаа шийдвэрлэхээр болж дууссан юм. Угтаа тухайн өдөр ганц энэ хүн ч биш, өөр олон хүмүүс ирж муудсан сүүний хэрүүл хийжээ. Энэ хэрэг эцэстээ яаж дууссаныг мэдэхгүй. Хэрвээ гашилж, эвгүй үнэртэй болсон байвал тухайн компани руу утас цохиж болно. Гэхдээ та үүнээс амжилтыг хүлээгээд нэмэргүй. Манайх хариуцахгүй, авсан дэлгүүртэйгээ ярь гээд утсаа тасалж орхино. Тэгээд дэлгүүр дээр нь очихоор дээр дурьдсан маргаан үүснэ. Үүнд хожигч тал гэвэл тухайн сүүний компани.

“Бид ер нь ямар сүү аваад байгаагаа мэдэхгүй шүү дээ. Телевизээр жинхэнэ сүү гэж рекламддаг хэдий ч яг үйлдвэр дээрээ юу найруулаад, яаж хийгээд байгааг мэдэхгүй. Тэгээд ч яг үүнд хяналт тавьдаг байгууллага гэж Монголд байхгүй” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Д.Цэгмид ярьж байв. Үнэндээ үүнийг яг хэн хариуцдагыг нь мэдэхгүй. Нийслэл, улсын мэргэжлийн хяналтын газар хянадаг уу, бүү мэд. Гэхдээ ирэх сараас ШӨХТГ-аас шинэ стандарт хэрэгжүүлж байгаа ч хяналтыг хэн тавихыг хэн ч хэлж мэдэхгүй. Ямар ч иргэд энэ санаачилгад итгэж, дорвитой үр дүн хүлээж буй.

УИХ-д хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах бүлэг байгуулна

ШӨХТГ-аас УИХ-д хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бүлэг байгуулах ажээ. Одоогийн байдлаар С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Батзандан, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд бүлэгт багтах саналыг нааштайгаар хүлээж аваад байгаа юм. “Бид ажлаа нааштайгаар явуулж, УИХ-д хууль, дүрэм батлуулахад тодорхой хэмжээний дэмжлэг болох зорилгоор бүлэг байгуулах саналаа цөөн тооны гишүүдэд хүргүүлсэн. Тэд ч үүнийг дэмжиж ажиллана гэдгээ амласан байгаа. Засгийн газрын гишүүдээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дэмжинэ гэдгээ ч хэлсэн” гэж О.Магнай ярьж байна. Шинэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл өргөн барихаар ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажлуудыг ч эхнээсээ хийж байгаа аж.

Судалгааны ажлыг хийхэд өмнөх ШӨХТГ өмнөх бүрэлдэхүүнээрээ ажиллах бөгөөд хүн нэмэгдсэн, халагдсан зүйл огт байхгүй гэдгийг албаны хүмүүс баталж байсан юм. “Бид өмнөх бүрэлдэхүүнээрээ л ажиллаж байгаа. Хүн хүч дутуу байна гээд хойш суугаад байх эрх бидэнд байхгүй. Хүн хүчний хувьд тодорхой хэмжээгээр болж л байна. Тиймээс өмнө байгаа ажлуудаа гүйцэлдүүлэхэд хангалттай гэж бодож байгаа” гэж О.Магнай ярьсан юм.

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж