“УБЦТС”-г нийслэлийн өмчид шилжүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

“УБЦТС”-г нийслэлийн өмчид шилжүүлэх үү?

“Төрийн өмчит дулаан, цахилгааны байгууллагыг орон нутгийн өмчлөлд шилжүүлснээр хэдэн хэдэн чухал асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун мэдэгдлээ.

Орон нутгийн өмчид шилжүүлснээр үйлчилгээний байгууллагууд нь хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах нөхцөл бүрдэхээс гадна, иргэдийн өмнө хүлээх хариуцлага дээшилнэ гэж үзэж байгаа юм.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Шуурхай мэдээллийн төв, Захирагчийн ажлын албанд дулаан, цахилгаан хангамжийн тасалдал, доголдлын талаар санал гомдол байнга ирдэг байна. Тухайлбал, Нийслэлийн шуурхай мэдээллийн төвд ирж буй  нийт дуудлагын 12 хувийг дулаан хангамжийн, 45 хувь нь цахилгаан доголдол, сааталтай холбоотой санал гомдол эзэлжээ.  Дулаан, ус, цахилгаан дамжуулах, түгээх байгууллагуудын үйл  ажиллагаа нэг гарт төвлөрч ажиллахгүй байгаагаас иргэд, албан байгууллагуудын ус, дулаан, цахилгаан хангамж тодорхой хугацаагаар доголдох, хязгаарлагдах, гарсан гэмтэл доголдлыг бие биеэсээ нуун дарагдуулах, хугацаа алдах зэргээс  болж оршин суугчид, иргэдийг зутраах явдал тасрахгүй байна гэдгийг ч тэрээр онцлон хэлсэн юм. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу  Нийслэл хот өргөжин тэлэхийн хэрээр тэнд хүрэх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өргөтгөн сайжруулах, инженерийн хангамжийн  асуудлыг шийдэх, өсөн нэмэгдэж хэрэгцээ шаардлагыг хангах хөрөнгө санхүүгийн  нөөц бололцоог бүрдүүлэх, техник зохион байгуулалтын арга хэмжээ авах,  дулаан, цахилгаан хангамжийн түгээх байгууллагуудыг нэг гарт төвлөрүүлэн  уялдуулан зохицуулах, иргэдийн тохь тухтай амьдрахад энэ бүтэц зохион  байгуулалтын асуудлыг оновчтой шийдэх нь юу юунаас чухал юм.  Иймээс “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан  түгээх сүлжээ” ТӨХК-ийн харьяа шугам сүлжээ, барилга байгууламжууд нь зөвхөн хотын хэрэглэгчдэд дулааны эрчим хүчийг хангах, түгээх, үйл ажиллагаа явуулдаг, орон нутгийн байгууллага тул хотын харьяалалд байх ёстой гэж үзэж байгаа аж. Танилцуулгын дараа Нийслэлийн Засаг дарга, зөвхөн зам засварын ажилд дулааны шугамаас болж тооцоолоогүй хөрөнгө ихээр үрэгддэг. Тиймээс зам засвартай хобоотой гардаг дулааны шугамын асуудлыг цэгцлэхэд цаашид анхаарч нарийн төлөвлөн, нягт уялдаатай ажиллах нь зүйтэй гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат энэ талаар “Тохижилт ногоон байгууламжийг сүйтгэн дулааны шугам тавих явдал их байгаа юм. Үүнийг ч гэсэн цаашид нарийн төлөвлөн, энэ асуудалд оруулах нь зөв” гэсэн байр суурьтай байгаа аж.

Ингээзд нийслэлийн Удирдалын зөвлөл  өнгөрсөн пүрэв гаригт болсон хурлаараас НИТХ-аар “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төрийн мэдлийн хувьцааг нийслэлийн өмчид шилжүүлэн авах тухай асуудлыг хэлэлцүүлэхээр тогтсон байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж