Малала, Обама, дахиад л Сири

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Малала, Обама, дахиад л Сири

Малала охин, ерөнхийлөгч Обама, дахиад л СИРИ

Дэлхий дахин өнгөрсөн долоо хоногт Малалагийн хагалгааны хариуг хүлээж, Обамагийн эргэн ирэлтийг үзэж суулаа. Мөн Грект эсэргүүцлийн жагсаал болж, Сирийн байдал улам хүндэрч, НҮБ-ын аюулгүйн зөвлөлд таван шинэ гишүүн нэмэгдсэн гээд үйл явдал арвин байлаа.

Малала Их Британид ирлээ

Хүний эрхийн төлөө эрчимтэй тэмцэж 11 настайгаасаа нууц нэрээр блог хөтөлж, басхүү BBC агентлаг руу өөрийн захиагаа явуулдаг байсан Малала охин хэт даврагсдын бууны суманд өртсөн билээ. Тэрээр хэд хоног ухаангүй байж, нутаг нэгтнүүд нь түүний залбирч лаа хүртэл асааж байсан юм. Харин өнгөрч буй долоо хоногийн лхагва гаригт Их Британид хүрэлцэн ирсэн билээ. Түүнийг онгоцонд суух хүртэл Пакистаны цагдаагийнхан өндөржүүлсэн хамгаалалт гаргаж, онгоцонд суусны дараа зорьсон газраа очих хүртэл Их Британийн талаас болон Арабын нэгдсэн эмират улсын төлөөлөл харгалзсан юм. Түүний нислэгийг “Fly Emirates” бүрэн хариуцсан бөгөөд орон нутгийн эмнэлэгт хүргэсэн билээ. Эмч нарын мэдэгдэж байгаагаар сум түүний тархийг бага зэрэг шүргэсэн гэж мэдээлж байгаа юм. Үүнээс болоод хөл, гар нь түр хугацаанд хөдөлж чадахгүй болохыг мэдэгдсэн байна. Энэ хооронд нутаг нэгтнүүд нь түүний төлөө залбирсан хэвээр. Пакистаны цагдаагийн газрынхан охиныг буудсан этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд буудсан этгээдийг харсан хүн байвал мэдээллийг чандлан нууцалж 150 мянган долларын шагнал амлаад байгаа юм. Пакистан улсын ерөнхий сайд түүнд 5000 доллар өгөхөөр болж, үндэстний баатар хэмээн өргөмжилсөн байна. Мөн түүний хэлсэн “Би бол Малала” гэсэн үг бүхий хувцас арабын орнуудад гүйлгээтэй барааны нэг болоод байгаа аж.
 
“Би ямар ч байсан хөл дээрээ босч, арабын ертөнцөд байгаа өсвөр насны хүүхдүүд тэр дундаа охидуудын төлөө дахин тэмцэх болно. Хурдан том болж асуудлыг шийдвэрлэж, дэлхий нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандуулахыг хүсч байна” гэж Малала мэдэгджээ.

Сири улсын байдал түгшүүртэй хэвээр

Сирийн байдал түгшүүртэй хэвээр. Үүнийг өнгөрсөн долоо хоногт болсон гурван удаагийн халдлага, дэлбэрэлт нотолно. Хамгийн сүүлд баасан гаригт болсон дэлбэрэлтийн үеэр 44 хүн амь насаа алджээ. Тус дэлбэрэлтийг Сирийн засгийн газраас үйлдсэн бөгөөд сөрөг хүчнийхний хяналтад байгаа Марет аль Нумаан хотод тус дэлбэрэлт болсон аж. Хохирогчдын тоо одоогийн байдлаар яг таг гараагүй байна. Мөн Дамаск хотод бага хэмжээний дэлбэрэлт болж 15 гаруй хүн амиа алдсан талаар мэдээлэл байна. Хэдийгээр тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч энэ халдлагыг сөрөг хүчнийхэн хийсэн байх өндөр магадлалтай байгаа юм.
 
“Бидний хяналтаас аль хэдийнэ Сири гарчихлаа. Чухам ямар арга хэмжээ авахыг НҮБ нэн даруй шийдэх ёстой. Хэрвээ энэ хэвээрээ байх юм бол хохирогчдын тоо өссөөр байх болно” гэж НҮБ-ын дарга асан Кофи Аннан ярьжээ.

Хил залгаа Ливанд ч байдал хүндэрч эхэллээ. Аравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Бейрут хотод дэлбэрэлт боллоо. Үүнийг Сирийн тэргүүн Башар аль Ассадын талын хүмүүс хийсэн болохыг Ливаны засгийн газраас тогтоожээ. Ливаны батлан хамгаалах яамны удирдлагуудын нэг болох Бригадын генерал Виссам аль Хассаны мэдээлж байгаагаар дахин 3-5 удаа дэлбэрэлт болох магадлалтай гэдгийг тагнуулын байгууллагынхан олж мэдсэн бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээ албан ёсоор мэдэгдсэн юм. Ливанд ийм төрлийн дэлбэрэлт сүүлийн долоон жилд огт болж байгаагүй билээ.

Обама эргэн ирлээ

Эхний мэтгэлцээндээ илт давуугаар шахуу ялагдсан Обама хоёр дахь мэтгэлцээндээ итгэл төгс ялалт байгуулж Ардчилсан нам эргэн ирж байгааг зарлалаа. Хоёр дахь мэтгэлцээнд тэрээр гайхалтай илтгэгч гэдгээ харуулж эхний мэтгэлцээнд ашигласан Ромнигийн тактикыг бараг өөрт ашигласан гэхэд болно. Мөн эхний мэтгэлцээний дараа шуурхай хуралдаж мэтгэлцээн болоод сурталчилгааны тактикаа өөрчилсөн ардчилсан намынханы шийдвэр ч нүдээ олсон болохыг энэ удаагийн мэтгэлцээн харуулсан юм. Ерөнхийдөө цагаачлал болоод гадаад бодлогын асуудал дээр түүний гаргасан хандлага, байр суурь мэтгэлцээний хүрдийг өөр тийш нь эргүүлсэн билээ. Дэд ерөнхийлөгчийн мэтгэлцээний үеэр Пол Райн, Обамагийн гадаад бодлогыг АНУ-ын нэр хүндэд сэв суулгасан үйл явдал гэж зарлаж, Бүгд найрамдахчуудад маш том хөзөр атгуулсан ч Ромни түүнийг нь ашиглаж чадсангүй. Хэрвээ сүүлийн мэтгэлцээнээс өмнө тактикаа өөрчлөхгүй бол бүгд найрамдахчуудын итгэл найдвар талаар болох өндөр магадлалтай байна. Яг одоогийн байдлаар Обама гурван хувиар Ромнигоос илүү явж байгаа юм. Ирэх 22-ны өдөр Флоридад явагдах сүүлийн мэтгэлцээнийг дэлхий даяар чих тавин хүлээж байна.

Энэ мэтчилэн дэлхий нийтийн анхаарлыг татахуйц олон үйл явдал боллоо. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2014 онд зохион байгуулах Бразил улс ДАШТ-ын түүхэнд анх удаа зохион байгуулах эрхээ хасуулах улс болж магадгүй байна. Учир нь хоёр цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 60-аас дээш хувьдаа орсон бол зургаан цэнгэлдэхийн барилгын ажил 30 хувьд хүрээгүй байгаа аж. Зохион байгуулах хорооны зүгээс дараа жил болох тив хоорондын цомын тэмцээнээс нэг сарын өмнө барилгын ажил дуусахгүй бол зохион байгуулах эрхийг нь хасах шийдвэр гаргана гэж зарлаад байна.

Грек улсад эсэргүүцлийн жагсаал хурцдаад байгаа энэ мөчид АНУ-ын тэрбумтан Жорж Сорос нэгэн мэдэгдэл хийгээд байна. Тэрээр Грек болон нийт улсыг аврахын тулд евро бүсээс Герман улс гарах ёстой гэж үзэж байгаа бөгөөд хэрвээ үгүй гэвэл хоёр жилийн дараа бүх европ уналтад орно гэж мэдэгдээд байгаа аж. Харин НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн таван улсын нэр шинээр тодорлоо. Эдгээр таван улсад БНСУ, Руанда, Австрали, Аргентин, Люксембург улс багтаад байна. Дээрх таван улс ирэх таван жилийн хугацаанд аюулгүйн зөвлөлд багтан ажиллах ажээ.

тоймч: Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж