Карл Лагерфельд. Фото Reuters
Германы хувцасны загвар бүтээгч, Chanel загварын ордны ерөнхий дизайнер, захирал Карл Лагерфельд Францын ерөнхийлөгч Франсуа Олландыг “имбецил” /ухаан сул, бусдыг ойлгодог мөртлөө түүнийгээ илэрхийлж чаддагүй, мэдрэлийн өвчний хөнгөн хэлбэртэй/ гэж нэрлэсэн тухай The Daily Telegraph сонин бичжээ. Олландын санаачилсан баячуудын татварыг нэмэх нь Францын хувьд “сүйрэл” гэж Лагерфельд сануулжээ.
Есдүгээр сарын сүүлээр Олландын социалист Засгийн газар 2013 оны төсвийг танилцуулж, улсын зарлагыг 36,9 тэрбум еврогоор хэмнэх болсон юм. Түүнээс 20 тэрбумыг татварын нэмэгдлээс олохоор төлөвлөжээ. Татварын нэмэлтээр сая евроноос дээш орлоготой баячуудаас 75 хувийн татвар авахаар болжээ.
Мөн есдүгээр сард Францын хамгийн баян бизнесмен Moet Hennessy Louis Vuitton (LVMH) концерны тэргүүн Бернар Арно (Bernard Arnault) Бельгийн иргэн болох хүсэлтээ гаргаснаа мэдэгдсэн юм. Түүний шийдвэрийг татвар нэмсэнтэй холбон хэвлэл тайлбарласан байлаа. Гэвч Арно өөрөө тийм тайлбарыг үгүйсгэсэн юм.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАР