Нийслэл түрээслэгчдээ нүүлгэн шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Нийслэл түрээслэгчдээ нүүлгэн шилжүүлнэ

Нийслэл түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлнэ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар Нийслэлийн төр, захиргааны байруудын ашиглалтын талаар болон цаашид авах арга хэмжээний тухай өнгөрсөн долоо хоногт болсон Удирлагын зөвлөлийн хуралд товч мэдээлэл өглөө.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу  Төрийн байгууллагын  байрлаж буй байранд түүний үйлчилгээг эрхэлдэгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно гэж заасан байдаг. Үүний дагуу түрээсээр эзэмшүүлж буй байруудыг суллаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг байршуулах, Нийслэлийн Төр захиргааны байгууллагууд   зохион байгуулалтад  орж нэг дор төвлөрөх, нэгдсэн  данс бүртгэлтэй болох,  барилга байгууламжуудын ашиглалт үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах, Нийслэлийн төрийн захиргааны  байгууллагуудын  ажлын орчин нөхцлийг  сайжруулах, төрийн үйлчилгээг  иргэдэд шуурхай хүргэх   зорилгоор нийслэлийн төр захиргааны байруудын нэрийг өөрчлөх шаардлагатай болсон гэдгийг тэрбээр мэдээллийн эхэнд дурьдаад, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрлаж буй байр буюу төв ордонг, Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр,  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын  байрлаж буй “Хангарьд” ордонг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байрыг гуравдугаар байр, “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн  байрлаж буй байрыг дөрөвдүгээр байр, Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын байрлаж буй байрыг тавдугаар байр гэж тус тус нэрлэе гэсэн саналыг оруулан хэлэлцүүлэв.

Нийслэлийн Засаг дарга энэ талаар “Засаг захиргааны байранд түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн заалттай ч түрээсийн гэрээгээ зөрчөөгүй, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй албан байгууллагыг бид хохироож болохгүй, тэдний эрх ашгийг хүндэтгэн үзэх ёстой” гэв.

Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун “Бид түрээслэгчдийг хүндэтгэн үзэх ёстой ч төрийн ажлыг иргэддээ илүү хүртээмжтэй болгохын тулд, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх шаардлага байгаа.  Тиймээс нийслэлийн төр захиргааны байруудыг зориулалтаар нь ашиглах нь зөв юм. Бид анхан шатны мэдүүлгээ түрээслэгч байгууллагуудад өгсөн. Одоо хуулийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэнэ” гэлээ.

Удирдлагын зөвлөлийн гишүүд  түрээсийн гэрээний хугацаанд ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргаагүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад  нөхөн олговор олгох хэрэгтэй. Хууль, захирамжинд заасан хугацаанд түрээслэгчдийг нүүлгэе. Гэхдээ шаардлагатай гэж гэж үзвэл тэдэнд  нөхөн олговор олгох асуудлаар УИХ-д хандах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж