Бани-Валид хотын ойролцоо болсон аравдугаар сарын 20-ны зэвсэгт мөргөлдөөний үеэр Ливийн Жамахирийн лидер асан Мауммар Каддафийн бага хүү Хамис Каддафи алагджээ. Энэ тухай Ливийн Бүх нийтийн үндэсний конгрессийн лидер Мохаммед аль-Магрифийн мэдэгдлээс иш татан “Аль-Арабия” телевиз дамжуулсан байна.
Энэ талаар өөр эх сурвалжууд мэдээлэхдээ "Хамис Каддафи алагдаагүй. Харин хүнд шархдаж олзлогдон, эмнэлэгт хүргэгдсэн" гэжээ. Хамис Каддафийг устгасан гэж Ливийн босогчид өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлсэн нь худал байсан аж. Түүнийг Нигерт бүгэж байгаа гэсэн яриа ч өмнө нь гарч байсан юм.
Энэ бямба гаригт Ливийн эрх баригчид Каддафийн хэвлэлийн төлөөлөгч байсан Муса Ибрагимыг баривчилсан гэж мэдээлсэн байв. Хожим Ибрагим өөрөө энэ мэдээллийг үгүйсгэжээ. Түүнийг олзолсон гэх мэдээ сарын өмнөөс хэвлэлээр гарч байсан ч батлагдаагүй юм. Аравдугаар сарын 20-нд Ливийг 1969-2011 онд захирч байсан Муаммар Каддафи алагдсанаас хойш яг нэг жил өнгөрөөд байна. Хурандаа Сирт хотоос зугтах оролдлогынхоо үеэр босогчдод олзлогдож, амиа алдсан юм.