
Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын бүтэц орон тоог 567 хүртэл, үүнээс улсын байцаагчийн орон тооны дээд хязгаарыг 440 хүртэл байхаар баталсан байдаг байна. Одоогоор нийт ажиллагсадын орон тоо батлагдсан хязгаарт байгаа хэдий ч чиглэлийн хэлтсийн улсын байцаагч нар дутуу, харин бусад төрийн үйлчилгээ, захиргааны ажилтнууд илүү орон тоогоор ажиллаж байгаа аж. Иймд цаашид хууль эрх зүйн болон бүтэц зохион байгуулалтын хувьд бүрэн өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэсэн дүгнэлтийг ажлын хэсэг гаргажээ.
Харин Нийслэлийн удирдлагын зөвлөл, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо, ноогдуулсан хариуцлага шийдвэрийг дахин нарийн гаргаж мэдээлэх нь чухал, ажлын хэсгийн танилцуулж байгаа мэдээлэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгын тоо зөрүүтэй байгаа учраас цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулъя гэлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч М.Ням-Очирын хэлснээр хяналт шалгалт хийсэн 596 барилгын 172 нь барилга эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байгаа бол эзэмшигч нь тодорхойгүй 60 гаруй барилга байгаа ажээ.