Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

Европын
холбооны 27 гишүүн орны лидерүүдийн уулзалт энэ сарын 18-19-нд Брюссель
хотноо боллоо. Санхүүгийн зах зээл тайван тогтуун байгаа ч ээлжит
“шуурга”-наар өөрчлөгдөж болох талтай хэмээн шинжээч Бернд Ригерт үзжээ.
 
Брюсселийн
ЕХ-ны саммит өндөрлөлөө. Европын холбооны орнуудын төр, засгийн тэргүүн
нар өөрсдөдөө амс хийлт өгөхөөр шийдсэн нь лавтай. Учир нь Испани,
Итали өөрсдийн үнэт цаасыг тохиромжтой ханшдаа барьж буй. Европын Төв
банк Европын холбооны орнуудын өрийн цаасыг хязгаарлалтгүйгээр худалдан
авахад бэлэн байна. Грек евро бүсэд үлдэнэ. Энэ бүгдийн зэрэгцээ Европын
холбоо гэнэтхэн Нобелийн шагнал авсан. Ийм байхад яагаад амс хийж
болдоггүй билээ.

Банкны хяналтын байгууллага бий болно, харин хэрэгжих хугацаа нь хойшлогдов
Төр засгийн тэргүүн нар шөнийн 03 цаг хүртэл хуралдаж, ярилцаж суусан ч тодорхой үр дүн маш бага гэж болохоор.

Бернд Ригерт

Саммитад
оролцогсод банкны хяналтын системийг бүтээнэ гэжээ. Гэхдээ өртэй
орнуудын санал болгосноор ирэх  нэгдүгээр сарын 1-нээс биш, жилийн дараа
тэр нь ажиллаж эхлэх гэнэ. Зургаан мянга гаруй банкны хяналт хийх
байгууллагыг хэдхэн долоо хоногт бий болгоно гэдэг хүнд юм.
 

Герман банкны өрийг нийтийнх болгохын  эсрэг

Испани,
Итали, Францын мөрөөдөл болсон, нөгөө талаар санхүүгийн зах зээлд
хүлээлт үүсгээд байгаа хямралын намагт живсэн банкуудад хийх Европын
тогтворжуулалтын сангийн санхүүжүүлэлт хойшлогдож  буй бололтой. Учир нь
хуулийн эрсдэл их, бас Германы эсэргүүцэл ч их байна. Өртэй орнууд энэ
зохиомжийг банкуудын эргэлзээ төрүүлсэн ажиллагаагаар өрийг нийтийнх
болгоно гэсэн сэжиг Берлинд төржээ. Ийм маягаар дампууралд тулсан
банкууд өөрийн орнуудын санхүүгийн  хөрөнгө оруулалтаар амьдраад байх
боломжтой юм. Хөрөнгө оруулагч нар үүнтэй удаан эвлэрээд байх хүсэлгүй
байгаа нь ойлгомжтой.

ЕХ-ны комиссар онцгой мандат авахгүй

Европын
холбоо эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын шинэ бүтэц байгуулахаа бас
л хойшлуулав. Европын зөвлөлийн дарга ван Ромпейн дэвшүүлсэн санаачлага
их бүрхэг сонсогдлоо. Ер нь бол ноцтой өөрчлөлт алга гэж хэлж
болохоорн. Санхүүгийн асуудал нь тогтвортой байгаа хойд нутгийн орнууд,
өмнөдийн хямралтай орнуудын Европын холбооны болон евро бүсийн ирээдүйн
талаарх төсөөлөл маш ялгаатай ажээ
.
Үнэт цаасны байрлал ба
үйлчилгээг нь нийтийн болгохын эсрэг зогсохын тулд Германы канцлер
Ангела Меркель (Angela Merkel) “Эв санааны нэгдлийн сан” байгуулах санаа
дэвшүүлсэн байна. Тэр нь Европын нэгдсэн үнэт цаас гаргах гэсэн хүмүүст
зориулагдсан өгөөш байв. Харин ЕХ-ны санхүү хариуцсан комиссарт Европын
холбооны гишүүдийн төсвийг дахин боловсруулахаар буцаах эрх өгөхийг
олонх нь хүссэнгүй. Тиймээс Герман энэ саммитаас түнш олсонгүй.

Ингээд
хамаг чухал асуудлын шийдвэр арванхоёрдугаар сар хүртэл хойш тавигдлаа.
Одоо Европын гэрээг эргэж харах том ажил хүлээж байна. Олон Засгийн
газрын хувьд энэ нь түгшүүрийн дохио болж байгаа юм. Шинэчлэлийг
өөрсдийн парламентаар батлуулах ажил амар бүтнэ гэсэн баталгаа тэдэнд
байхгүй байгаа. Жишээлбэл, Германд гэхэд л Үндсэн хуулиндаа өөрчлөлт
оруулах шаардлага гарч ирнэ. Шинэ Үндсэн хууль ч хэрэгтэй болж магадгүй
юм. Тэгэхээр энэ асуудал хойшлогдож, 2013 оны бундестагийн сонгууль
хүртэл хүлээлтийн байдалд байх бололтой. Одоохондоо бол цаг хожих нь
чухал.

Грек Европын холбоонд үлдэнэ. Харин Их Британи яах бол?

Санхүүгийн
зах зээл тайван байгаа үед дээрх тактик хэрэгжинэ. Гэвч Испани, Италийн
зээлийн хүү дахиад нэмэгдэж эхэлбэл энэ тайван байдал дахиад л
давалгаанд бэлтгэх түгшүүрээр солигдох юм. Грек евро бүсдээ үлдэж,
ээлжит тусламжаа авах бололтой. Энэ асуудалд Брюссель эсрэг байсангүй,
хэн ч энэ талаар  ярьсангүй.

Харин эх газрын Европ ба Их
Британийн хоорондын хоолой улам өргөн болж байх шиг. Нийт Еврпын зах
зээлээс бусадад нь сөрөг  суурь бодлогоороо ерөнхий сайд Дэвид Кэмерон
өөрийн орныг ганцаардуулсан тусгаарлалтад орууллаа. Грек евро бүсийг
орхихоос өмнө Их Британи нь ЕХ-г  орхихыг үгүйсгэх аргагүй болж байна.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж