Өмнө нь хэзээ ч жагсч, тэмцэж байгаагүй МАН-ыхны хувьд анх удаа шахам жагсч, тэмцсэн нь энэ долоо хоногийн улстөрийн хамгийн “халуун” үйл явдал байлаа.
МАН-ын гишүүд, дэмжигчид Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Төрийн ордон, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийсэн нь олны сонирхлыг татав. УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Өвөрхангай буюу УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг мөнгө, эд материал тараасан, насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн ажилд оролцуулсан зэрэг гомдлыг АН-ын нэр дэвшигчид гаргаж, хоёр тал энэ асуудалтай холбоотойгоор тал талаасаа шүүхэд хандаад байсан юм. Өвөрхангай аймгийн сум дундын шүүх энэ асуудлыг шийдвэрлэж, улмаар СЕХ-ноос АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэрээ УИХ-д өргөн мэдүүлсэн нь МАН-ынхныг Төрийн ордны гадна нь жагсч, дотор нь суулт хийхэд хүргэсэн юм.
СЕХ-ны энэ сарын 16-нд буюу өнгөрөгч мягмар гаригийн орой АН-аас нэр дэвшигчдийг тангараг өргөх асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсны маргааш МАН-ын УИХ дахь гишүүд УИХ-ын даргын зөвлөлийн хуралд дайран орж, Өвөрхангайн сонгуулийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тангараг өргүүлэх нь буруу гэж үзэн, тангараг өргөх ажиллагааг хойшлуулах санал тавьсан юм. Гэвч СЕХ-ны шийдвэрийн дагуу ажиллана гэдгээ УИХ-ын дарга илэрхийлж, лхагва гаригт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болоод байв. Гэтэл МАН-ын гишүүд тагараг өргөх өдөр буюу өнгөрсөн пүрэв гаригт МАН-ын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдааны хаалгыг буйдангаар таглан сууж,, уриа лоозон барин, чуулганы хуралдааныг гацаахад хүргэв. МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны хаалгыг хаан МАН-ынхаас бусад гишүүд болон Төрийн ордны ажилчдыг дотогш нэвтрүүлэхгүй байхдаа туллаа. МАН-ын жагсаал, тэмцэл хоёр өдрийн турш үргэлжилж, УИХ-ын чуулганы хуралдаан хоёр өдрөөр хойшиллоо. Ингээд баасан гаригийн үдээс хойш МАН-ын гишүүд, дэмжигчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, аравдугаар сарын 26-нд шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэнээр пүрэв, баасан гаригийг дамнан үргэлжилсэн жагсаал тарсан юм.
Өнгөрөгч долоо хоногт Энхтайвны гүүрэн дээр олныг цочроосон осол болсон нь автомашин шатаж, нэг хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал байлаа. Өнгөрөгч пүрэв гаригийн оройн 22 цагийн үед Lexus маркийн автомашин Isuzu wizard маркийн автомашинтай мөргөлдөж, осол болсон даруй Isuzu wizard шатаж, хаалга нь гацсанаас тус машины жолооч болох 20-25 насны залуу амь эрсдэв. Ослын улмаас lexus-ын жолооч хүнд гэмтэн, эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь хүнд байгааг албаныхан хэлж байна. Гэрчүүдийн хэлж буйгаар Lexus машины жолооч урсгал сөрснөөс болж энэ харамсалтай осол гарсан байж болзошгүй байгаа юм. Замын хөдөлгөөний дүрэм зөрчих, анхаарал болгоомж алдах нь хэдхэн хормын хугацаанд эрдэнт хүний амь насанд хүрдгийг энэ осол хатуу санууллаа.
Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байсан “Тираннозавр Батаар”-ын ясыг Монголынх гэдгийг нь баталснаас хойш хэн хилээр гаргаж, хэн АНУ-д дуудлага худалдаанд ороход хүргэв гэдэг асуудал тийм ч тодорхой бус байлаа. Гэтэл өөрийгөө палентеологич, эртний олдворын худалдаачин хэмээн нэрлэсэн Эрик Прокопи гэгчийг Монгол, Хятадын хилээр үлэг гүрвэлийн араг яс, олдворуудыг хууль бусаар гаргасан хэргээр өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Холбооны тусгай ажилтнууд Флорида дахь гэрээс нь баривчлав. Эрик Прокопи гэгч өнгөрсөн тавдугаар сард Нью-Йорк хотод нэг сая ам.доллараар дуудлагаар худалдсан аварга үлэг гүрвэлийн араг ясыг Монголын талд шилжүүлэн өгөхөд бүх аргаар саад хийж, “Тираннозавр Батаар”-ын араг ясыг энд тэндээс цуглуулсан олдворуудаас нийлүүлсэн Франкенштейний цуглуулга гэж хүртэл мэдэгдэж байсан билээ. Тэрбээр Монголд ганц ч удаа очиж байгаагүй, “Тираннозавр Батаар”-ын араг ясыг Японоос худалдаж авсан хэмээн мэдүүлж байсан ч Монголд хэд хэдэн удаа ирж байсан нь гаалийн бичиг баримтаар нотлогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Эрик Прокопи бол үлэг гүрвэлийн олдворын зах зээл дээр нөлөө бүхий наймаачинд тооцогддог юм байна. Урьд нь ийм төрлийн гэмт хэргүүдэд орооцолдож байсан. “Тираннозавр Батаар”-аас гадна Монголоос гаргасан байж болзошгүй гэсэн өөр нэг үлэг гүрвэлийн ясны асуудал ч байгаа. АНУ-ын шүүгч Прийт Барара гэдэг хүн “Бид Эрик Прокопийг баривчилсан. Түүнийг “Батаар” үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар наймаалахыг завдсан хэрэгт холбогдуулж саатууллаа. Үүнээс гадна Эрик Прокопи үлэг гүрвэлийн хэд хэдэн араг яс, түүх дурсгал, археологийн бусад эд зүйлсийг хууль бусаар наймаалсан хэрэгт холбогдоод байгаа” гэж хэлсэн байна. Одоо АНУ-д үлэг гүрвэлийн ясны хууль бус наймааны асуудлаар мөрдөн шалгах ажил явж байгаа. Үүнтэй зэрэгцээд Монголд ч энэ хэрэгт монгол хүмүүсийн оролцоо ямар байсан гэдгийг мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажил явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ч цаашдаа зөвхөн үлэг гүрвэлийн яс төдийгүй Монголын соёлын өвийг гадагш гаргахгүй байх, хайрлаж хамгаалах тал дээр идэвхтэй ажиллахаа илэрхийлжээ.
Гурван жилийн турш нийслэлчүүдийн хүлээлт болоод байсан “Нарны гүүр” ашиглалтад орлоо. Япон улсын тусламжтайгаар боссон уг гүүрийг ирэх сард ашиглалтад өгөх байсан ч гүйцэтгэгч компани ажлаа сайн хийсэн учраас өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгсөн нь нийслэлчүүдийн хувьд баярт мэдээ байлаа.
Нийтдээ 895 метрийн урттай энэ гүүрийн өргөн нь 19.5 м, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн өргөн явган хүний замтай юм. Японы талаас энэ гүүрэнд 100 жилийн баталгаа гаргасан бөгөөд гүүр 100 тонн хүртэлх даацтай аж. Уг гүүрийг барихад Японы тал 3.7 тэрбум иений хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд манай тар барилга баригдсаны дараа жил, жилээр хувааж төлөхөөр гэрээнд тусгажээ. Ажлын гүйцэтгэгчээр Японы барилгын “JFE” компани, барилгын ажлын зөвлөхөөр Японы “CTI” компани ажиллажээ. Харин Монголын талаас “Улаанбаатар хотод төмөр зам дээгүүр гүүрэн гарц барих төсөл”-ийн баг бүхэлд нь хяналт тавин, Монголын талаас 100 барилгачин ажиллажээ. Нээлтээ хийсэн шинэ гүүр олон хүнд сайшаагдаж байгаа бөгөөд замын түгжрэлийг бууруулахад мэдэгдэхүйц нөлөөлнө гэж үнэлэх хүн олон байна.