
Тариачин охин Жизелийн үнэнч, ариун хайрыг харуулах энэхүү балетыг Романтизмын үеийн шилдэг балет гэдэг. А.Аданы “Жизель” балетаас Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковски санаа авч, “Хунт нуур” балетын хөгжмөө бичиж байсан гэдэг. Тэр “Хунт нуур” балетыг бичихийн тулд А.Аданы “Жизель” балетын хөгжмийг нарийн судалж байсан түүхтэй. “Жизель” балетын хөгжим, бүжгийн хөдөлгөөн бүр нь нарийн утга агуулдаг. Тариачин охин Жизелийн гэнэн хонгор занг хөнгөн хэмнэл, түргэн хөгжилтэй бүжиг түүний занг илэрхийлдэг бол нэгдүгээр үзэгдлийн төгсгөлд үзэгчдийг харуусалд автуулдаг энэ үед хүчтэй, түгшүүртэй хэмнэл, Жизелийн аажмаар зөөлөн бүжиглэх хөдөлгөөн гээд энэ бүхнийг алдарт балетмейстер Перро дэглэжээ. Түүний уран сэтгэмж, нийгмийн байдлыг харуулсан бүжиг дэглэлт үзэгчдийн сэтгэлийг татдаг. Балетын хоёрдугаар үзэгдэл. Энэ үзэгдэлд тэс өөр Жизель тайзнаа амилдаг. Энэ бол тариачин охин Жизелийн сүнс. Тайзнаа цагаан даашинзтай үзэсгэлэнтэй гэрлэж амжаагүй охидын сүнс бүжнэ. Бүгд л өс хонзон өвөрлөсөн байхад Жизель хэдийгээр сүнс болсон ч хайртай залуугаа аврахын тулд тэр бусад сүнснээс өршөөл гуйна. Түүний энэ нигүүлсэнгүй сэтгэлийг бүжгийн нарийн хөдөлгөөн бүрээс харж болно. Миний мэдэх хамгийн гайхалтай Жизель Г.Цолмон энэ нарийн илэрхийлэмж бүхий бүжгийг үзэгчдийн сэтгэлд хоногштол, яг л хэл яриагаар хэлж байгаа мэт тайзнаа өгүүлнэ. Хэд дахин үзээд ханашгүй “Жизель” балет. Балетын урлагийн ноён оргилуудын нэг Романтизмын үеийн шилдэг балеттай танилцаж, шунан дурлаж, театртай нөхөрлүүлсэн гайхалтай бүтээл энэ удаад ч гэсэн үзэгчдийг дурлуулж, театрт ирэх замыг нь зааж өгсөн биз. Ингэж л анх Г.Цолмонтой, Жизельтэй танилцаж байсан юм. Браво Жизель.