
Нийслэлийн Удирдах зөвлөлийн өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон худалдааны төвүүдийг буюу “Нарантуул”, “Хар хорин”, “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг томоохон захуудыг хотоос гадагш шилжүүлэн байршуулах, хотыг төвийн / А,Б бүсэд/ худалдааны төв болон зах ажиллуулах зөвшөөрөл нэмж олгохгүй байх, шинээр ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэх худалдааны төвүүд нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгодог журам бий болгох зэрэг асуудлыг хөндсөн билээ.
Улаанбаатар хотод одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа 11 худалдааны төв буюу зах байдаг аж. Үүний 10 нь задгай хэлбэрээр, нэг нь битүү болон задгай хосолсон хэлбэрээр ажилладаг байна. Хотын ерөнхий менежер Ч.Батын “Захууд хүн амд худалдаа үйлчилгээ үзүүлж, нийгмийн тодорхой хэсгийг ажлын байраар хангаж байгаа боловч хотын төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа нь авто замын хөдөлгөөнд саад учруулж, түгжрэлийг бий болгож байна, мөн их ашиг орлогын хойноос хөөцөлдөж Нийслэл хотынхоо хөгжил цэцэрлэгжилт, хот тохижилтыг сайжруулах, ногоон байгууламж бий болгох, орчны бохирдол хог хаягдлаас бүрэн ангижрах ажилд бодит хувь нэмэр оруулахгүй нийгмийн хариуцлага сул байдаг” тухай онцолж байв.
Харин энэ талаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл байр сууриа ийн илэрхийлсэн байна. Тэрбээр,
“Одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа захуудын, түрээслэгчдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигддөг гэж би үзэж байна. Зах бол төрийн өмчийн газрыг түрээсээр эзэмшиж байгаа, иргэддээ үйлчлэх зориулалттай аж ахуйн нэгж. Гэвч одоогоор түрээслэгчдийн эрүүл мэндийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Тиймээс шинээр байгуулагдаж байгаа ажлын хэсэг цаашид захын барилга болон үйл ажиллагааны тодорхой стандартыг бий болгож, стандарт мөрдөхийг шаардах, хэрэв стандартыг биелүүлээгүй бол газар эзэмших гэрээг нь цуцлах арга хэмжээ авах талаар анхаарлаа хандуулан ажиллах ёстой” гэв.
Ямартай ч тун удахгүй Ажлын хэсэг байгуулагдан, захуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох гэрээний биелэлтийг шалган, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулж эхлэх юм байна.
Харин та захуудыг хотоос гадагш шилжүүлэн нүүлгэх саналыг юу гэж үзэж байна. Саналаа хуваалцаарай.