V цахилгаан станцад шинэ байршил хайна

Хуучирсан мэдээ: 2012.10.21-нд нийтлэгдсэн

V цахилгаан станцад шинэ байршил хайна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн гол сэдэв олон жил яригдаж буй V цахилгаан станцын тухай асуудал байв.

ДЦС-5-ыг III станцын баруун талд барихаар шийдвэр гарч, тендер зарлан, шалгаруулалт явагдаж байсан ч төлөвлөсөн газрыг нь 14 аж ахуйн нэгж зөвшөөрлөөр ашигладаг, газар чөлөөлөхөд 55 тэрбум төгрөг шаардлагатай болжээ. Уг цахилгаан станцад түлэх 1,8 сая тн нүүрсийг тээвэрлэх, ачих өртөөдийн боловсруулах чадвар, замын нэвтрүүлэх чадал хүрэлцэхгүйгээс гадна хотын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн шалтгаан ч V цахилгаан станцын бас нэг асуудал аж.

Түүнчлэн үнс  зайлуулж хадгалах газар байхгүй. Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай. III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарсан талаар Засгийн газрын хуралдаанаар хөндлөө. Ингээд эцэс сүүлдээ V цахилгаан станц барих ажлыг дахин шинээр ярилцаж, Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж эхэлсэн байна.

Хотын зүүн талын байршил нь төмөр замыг салаалан тавих боломжтойн дээр хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Газар чөлөөлөх асуудал байхгүй зэрэг давуу талтай гэж үзэж байгаа ажээ. Дээрх байршлуудыг болон бусад боломжит хувилбарыг судлан танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд Засгийн газрын хуралдаанаас даалгав. 

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж