Үйлдвэрлэл эрхлэгчид төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэл эрхлэгчид төсөл өргөн барилаа

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга, дэд сайд Б.Цогтгэрэл, Ц.Туваан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Үйлдвэрлэлийн бодлого зохицуулах газрын дарга нар, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон 800 гаруй хүн урилгаар оролцсон юм. Өнөөдрийн чуулга уулзалтаар Монгол Улсад үйлдвэржилтийн шинэ эрин үе эхэлж байгааг зарлаж, Монгол Улс түүхий эдээ хямд үнээр экспортолж, эдийн засгийн хувьд түүхий эдийн үнээс хараат байхаа болих цаг ирснийг албан ёсоор зарлалаа. Арьс шир, ноос ноолуур, зэс, төмөр, нүүрс гэх мэт түүхий эдээ өөрсдөө нэмүү өртөн шингэсэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг үйлдвэржсэн орон болох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг амьдралд хэрэгжүүлэгчид ийнхүү ажилдаа орж байна. Чуулганы үеэр Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар тэргүүн эгнээнд хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг ҮХАА-н сайд Х.Баттулгад гардуулав.

Түүнчлэн Төр, хувийн хэвшлийн хамтрын ажиллагааны санамж бичигт Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, УБТЗ нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, ИНЕГ-ын дарга С.Батмөнх нар гарын үсэг зуржээ. Ингэснээр зорчигчдод үйлчилдэг тус хоёр байгууллага үйлчилгээндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох юм. Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай санамж бичигт БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Х.Баттулга нар гарын үсэг зурав.  Үйлдвэржилтийн шинэ эрин үе арга хэмжээнд оролцогчдод хандах ҮХАА-н сайд Х.Баттулга “Үйлдвэрлэгчид маань дандаа зовлон тоочиж, болдоггүй зүйл олон байгааг олж хараад үглэж хий дэмий хэдэн хурал чуулган хийж суудаг байсан бол өнөөдөр тулгамдсан асуудлаасаа гарах гарц, ололт амжилт, бүтээн байгуулалтыг хэлэлцэн энэхүү танхимд  хуран цугласан байгаад баяртай байна” гэлээ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж