Ч.Энхтайваны романсын үдэш

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Ч.Энхтайваны романсын үдэш

Улсын филармонийн концертын танхимд УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Чимэдийн Энхтайван өчигдөр “Recital” романсын үдшээ толилууллаа. Түүнийг Монголын дуурийн урлагт орчин цагийн Юндэн хэмээн нэрлэдэг. Тэрбээр ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Санктпетербургийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, СССР-ын Ардын жүжигчин Н.Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт сонгодог үеийн шинэ цагийн дуу хоолой болсон авьяаслаг уран бүтээлч.

Тэрбээр өчигдөр төгөлдөр хуурч Ц.Мягмарцэрэнгийн хамт хаан хуурын эгшиг дор Монголын суут хөгжмийн зохиолчид болох Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын уран бүтээлийн дээжис болсон романсуудыг эгшиглүүлсэн юм. Үзэгчдийн халуун алга ташилт, “браво” хэмээх уухайн дунд түүний романсын үдэш эгшиглэсэн. Тэрбээр романс бүрийнхээ утга санааг холойн чадлаа гайхуулан нүүрний хувиралтайгаар аялгуу бүрийг нь өөрөөрөө дамжуулан илэрхийлэн гаргаж байсан нь үзэгчдийг ийн догдлуулсан билээ. Түүний эгшиглүүлсэн гайхамшигт романсуудын шүлгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв, Р.Чойном, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн нар туурвисан аж.

Ромынсын үдэш хоёр хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт Н.Жанцанноров, Д.Цэдэвийн “Харлаг тэх”, “Гэрэл сүүдрийн дэнс”, “Залбирал”, “Чиний минь нулимс” зэрэг долоон романс багтсан бол хоёрдугаар хэсэгт Б.Шарав, Р.Чойном, Б.Лхагвасүрэнгийн “Холын амраг”, “Тал минь”, “Алдаа”, “Эндүүрэл” зэрэг романсаар үргэлжлэн Чойном, Шаравын “Шувтарсан цагаан бумба” дуугаар өндөрлөсөн юм.

“Recital” романсын үдэш тоглолтыг хаан Төрийн хошой соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров үг хэлсэн. Тэрбээр “Хөгжмийн урлаг их сайхан хөгжиж байна. Хэдийд хөгжмийн урлагийн хөгжлийг хэмжиж болдог вэ гэвэл гоцлол дуучид, хөгжимчид нь илүү өсч, бие дааж, тодорч ирснээр тодорхойлж болдог. Нөгөө талаар тийм гоц хүмүүсээ сонсч чаддаг сонсогчид бий болж буйгаар тодорхойлдог. Тийм учраас хэдэн жилийн өмнө бид нар энэ романсыг бичээд хэдийд хэн, хаана дуулах бол гэж бодож байсан бодол бүрмөсөн арилсан байна. Дуулдаг, хүчтэй дуучид бий болсон байна. Түүнийг хөгжимддөг төгөлдөр хуурчид бий болжээ. Тийм учраас бидний бүдэгхэн ч гэсэн ийм ирээдүй дуулаачийн урлагт бий, байх ёстой гэж мөрөөдөж бичиж байсан бүтээлүүдийг өнөөдөр хүргэж байгаа нь бидний мөрөөдөл биелж байгаа гэж ойлгож байна. Бид их юм мөрөөдөж байсан, биелсээр байна. Энэ бол манай залуучуудын гарамгай их авьяас, хөдөлмөрийн үр дүнд бий болж байгаа юм. Романсуудыг сонсоход миний романс бол 23 жилийн өмнө бичсэн, Шарав зохиолчийн романсууд бол арван хэдэн жилийн өмнө бичсэн бүтээлүүд байна. Энхтайван бүтээлүүдээ сонгож авахдаа он цагийн урсгалыг урагшаа явж буйгаар харуулсан. Тиймээс түүхэн зарчмаар нь сонголтоо хийн  романсуудыг дуулж байгаа нь хөгжлийг харуулах үүднээс зөв болжээ. Дуучны эхний гурван романс дээр балмагдсан уу, тэвдсэн үү жаахан тийм байдалтой байсан ч романс бүр цаашаа явах тусам  дуучин улам тэр романсынхаа хөгжимд орж, хүчтэй сайн илэрхийлж, сүүлийн романс хүртэл хүчтэй дээшээ явж ирлээ. Энэ бол дуучны асар их нөөц хүч чадал байгааг харууллаа. Романсаа тоглох хэрэгтэй, дуулах хэрэгтэй. Яагаад гэвэл романс гэдэг бол дуулаач, хөгжмийн урлаг гэсэн хоёр том урлагийн дунд чагт болон зогсдог хамгийн хүчтэй төрөл байгаа юм. Тиймээс Шарав бид нар одоо романс бага бичиж байна. Манай залуу хөгжмийн зохиолчид, яруу найрагчид романс руугаа дахиж орох хэрэгтэй. Оросын хөгжмийн түүхийг хараад байхад Глинка, Даргомыжскийн романсууд 40, 50, 60 жилийн дараа ардын дуу шиг болж үлдээд шинэ романсууд бий болдог. Энэ романсуудыг цааш нь үргэлжлүүлж, шинэчилж, хөгжүүлэх үүрэг, яруу найрагчид, шинэ үеийн хөгжмийн зохиолчдын үүрэг мөн. Мөн дуучид ч гэсэн үүнийг анхаарч шинэ романсуудыг хийлгэж байх хэрэгтэй. Тэгэх юм бол манай хөгжмийн урлаг огт алзахгүй. Б.Шарав бид хоёр өнөөдөр Ч.Энхтайван, Ц.Мягмарцэрэн хоёрт маш их баярлаж байна. Ийм сайхан мэргэжлийн өндөр төвшинд сонсогчдодоо бүтээл үзүүлнэ гэдэг бол гайхамшигтай зүйл шүү дээ. Тийм учраас дахин баяр хүргэе” хэмээн сэтгэгэдлээсээ хуваалцсан юм.

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравтай “Recital” романсын тоголтын дараа уулзлаа.

-Романсын концерт боллоо. Дуучин Ч.Энхтайван таны долоон романсыг сонгон энэ үдэш тайзнаа дууллаа. Түүний сонголт ямар санагдав?

-Энхтайван ихэнх нь Чойномын романсуудыг сонгосон байна. Арга ч үгүй юм. Яагаад гэвэл дуучин өөрөө дуулахдаа ийм төрлийн романсыг гаргаж дуулж чадах юм байна аа гэдгийг сонсогчид ч бодох шиг боллоо, би ч тэгж бодлоо.

-Яагаад романсынхаа шүлгийг Чойномын шүлгээс сонгосон бэ?

-Миний романсын ихэнх нь Р.Чойном гуайн үг шүү дээ. Чойномын үг гэхээр дандаа асуудал хөндсөн, нэлээд тийм зөрчил тэмцэл ихтэй, хүний дотоод асуудлыг түлхүү гаргасан байдаг. Юмыг их хурцаар илэрхийлдэг. Миний хувьд хөгжим бас хөгжмийг хурцаар илэрхийлэхийг бодно. Романсын төрөл гэдэг богино хэмжээнд энэ хүний амьдрал, сэтгэл сэтгэлгээг тэр чигт нь багтаах ийм боломжтой бүтээл. Тийм учраас энэ романсаар Чойномын шүлгэнд байгаа агуулгыг дуунд гаргахаас илүүтэй илэрхийлэх боломжтой гэж бодон түүний шүлгэнд романсуудаа хийсэн.

-Романсын хөгжмийн тухайд?

-Ерөөсөө хөгжмийн зохиолч яруу найргийг маш сайн мэдрэх ёстой шүү дээ. Өгүүлбэр, үе, мөр, үг бүрээр нь мэдэрч хийх ёстой байгаа юм. Миний хувьд тэгж хийчихсэн гэж байгаа юм биш. Ер нь бол

“Танил маань шинэ малгай өмсөөд
Танихгүй хүн шиг явж байна
Хуучин муу малгайгаа сольсноос биш
Хуучин муу толгойгоо сольсон биш дээ”
гэдэг дөрөвхөн мөртөд маш том ертөнц багтсан. Үүнийг гаргахын тулд аль мөрөн дээр нь ямар хөгжим явах уу, дуучин тэр үед яаж дуулах уу, төгөлдөр хуураар яаж илэрхийлэх үү гэдгийг хөгжмийн зохиолч сайн мэдрэх л хэрэгтэй.

-“Холын амраг гэдэг” романсын хувьд нэлээд өөр сонсогдож байлаа?

-Энэ бол Б.Лхагвасүрэнгийн шүлэг. Анзаарагдаж байгаа байх. Тэрбээр уянгын яруу найрагтаа их сайн. Дууны төрөлд хандсан миний анхны романсуудын нэг байгаа юм. Би 1970-аад онд оюутан байхдаа хийж байсан. Энэ романсын хувьд хүний хайр сэтгэлийг гаргах гэж хийсэн.

-Ч.Энхтайван романсын тоглолтоо Чойномын “Шувтарсан цагаан бумба” романсаар өндөрлүүлсэн?

-Энэ романс бол басс хоолойд зориулсан. Өнөөдөр хөгийг дээшлүүлж дуулж байна. Тиймээс тэр романст байх ёстой ганц, хоёр шинж тэмдгүүд нь хаягдаж байгаа тал бий. Хоолойн темп өөр шүү дээ. Гэхдээ нөгөө талаас энэ баритан хоолой дуулахаар бас их онцлог зүйлүүд гарч байна. Энэ романс бол их шүүмжлэлтэй, цаанаа хошин шогийн агуулгатай, тэгсэн мөртлөө нийгмийг шүүмжилсан. Яг өнөөдөр энэ романсыг дуулахад өнөөдрийн болж байгаа үйл явдал санаанд орж байна. Тийм учраас их зохиолчийн маань санаа л энд яваад байгаа гэж би боддог шүү. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж