Ким Чен Уны үеэл Боснийн ТВ-д ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Ким Чен Уны үеэл Боснийн ТВ-д ярилцлага өгчээ

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны 17 настай үеэл Ким Хан Сол Босни улсын “Finnish” телевизэд сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр тус улсад боловсрол эзэмшиж буй бөгөөд түүнтэй НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Элизабет Рен ярилцсан байна.

Ким Хан Сол нь англиар төрөлх хэл шигээ сайн ярьдаг гэнэ. Тэрээр телевизийн ярилцлагаа улсынхаа ард иргэдийн хүнд хэцүү амьдралыг сайжраасай гэж хүсдэг тухай яриагаар эхлүүлжээ. Ким Хан Сол “Би нэг л өдөр нутагтаа буцаж очоод хүмүүсийг эрх чөлөөтэй амьдрах нөхцөл боломжоор хангахыг мөрөөддөг” хэмээсэн байна. Мөн тэрээр хоёр Солонгосыг дахин нэгтгэх хүсэлтэй гэнэ.

Ким Хан Сол “Би хүнтэй танилцаад түүнийг яаравчлан дүгнэдэггүй. Эхлээд тэдний сайн, муу ямар ч бодол санааг анхааралтай сонсоод дараа нь дүгнэлтээ хийдэг” хэмээжээ. Мөн тэрээр хэзээ ч өвөө Ким Чен Ир болон авга ах Ким Чен Унтай уулзаж байгаагүй гэнэ. Ким Хан Сол 1995 онд Пхеньянд төрсөн боловч хүүхэд насаа Макао болон Хятадад өнгөрүүлсэн бөгөөд агуу удирдагч өвөө нь насан эцэслэхээсээ өмнө ач хүүгээ хайж ирнэ гэж найддаг байжээ.

Ким Хан Сол өнөөгийн удирдагч авга ахынхаа талаар “Авга ах маань  хэрхэн удирдагч болсныг би сайн мэдэхгүй. Магадгүй түүнийг зөвхөн өвөө маань л мэдэх байх” гэжээ. Түүний аав Ким Чен Нам 2001 онд Япон руу хуурамч паспорт ашиглан зугтах гэж байгаад баригдсанаасаа хойш эцгийнхээ итгэлийг  алдсан бөгөөд өдгөө Макао, эсвэл Хятадад амьдардаг гэсэн мэдээлэл байгаа аж. Хожим нь Чен Нам зугтах гэж байсан тухайгаа “Дисней Лэнд” үзэхийг хүссэн хэмээн тайлбарлажээ.

Харин Ким Хан Сол аавынхаа тухай “Миний аав яг ч улс төрд сонирхолгүй хүн байгаагүй. Хожим би түүнээс яагаад улс төрд хүчээ үзэхээс  татгалзсаныг асуухад  “Өөрийн хүсэл сонирхлын төлөө. Би өөрийгөө дэлхийн хаа нэгтээ их  сургууль байгуулаад ажиллуулж байгаагаар төсөөлдөг” хэмээн хариулсан” гэжээ. Ярилцлагынхаа эцэст Ким Хан Сол “Би дэлхийд энх тайвныг тогтооход хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Миний салшгүй нэг хэсэг учраас би эх орондоо очихыг маш их хүсдэг” гэж ярьжээ.

Чухам ямар учир шалтгаанаар Ким Хан Сол телевизийн ярилцлагад орох болсон нь тодорхойгүй ч өнгөрсөн оны аравдугаар сард түүний Facebook дэх зураг, сэтгэгдлүүд Өмнөд Солонгосын телевизээр гарснаас хойш Хан Сол олон улсын анхаарлыг татах болжээ. Харин үүний дараа түүний Facebook хуудас хаагдаж, Боснийн Мостар хотын “United World College”-д суралцана гэхээс өөр мэдээлэл гараагүй байна.

Ким Хан Сол нь Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Намын хүү юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж