Ш.Магван: Самаранчтай анд дотно явлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.20-нд нийтлэгдсэн

Ш.Магван: Самаранчтай анд дотно явлаа

Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магвантай ярилцлаа.

-Таныг танихгүй хүн ховор биз ээ. Ингэхэд та аль нутаг усны хүн бэ?

Би 1927 онд хуучнаар Алдархаан уулын хошуунд төрсөн хүн дээ. Одоогийн Завхан аймгийн Алдархаан сум. Хангай, говь хосолсон сайхан нутаг бий. Хойноосоо урагш 300 км үргэлжилдэг юм. Өргөөшөө тийм урт биш ээ. Яруугийн хүрээ гэж олон ламтай том хүрээ байсан. Би эцэг эхийгээ мэддэггүй юм. Ээж минь намайг төрүүлээд нас барсан юм билээ. Тэгээд эмээ,өвөө дээрээ өссөн. Өвөө намайг Яруугийн хүрээнд Дамба гэдэг гавжид шавь оруулж суулгав аа. Би хүрээнд зургаан сар ном үзээд хавар нь гараад ирсэн. 1937 оны ид бужигнааны үед миний ээжийн дөрвөн ах намайг лам болгоно, болгохгүй гэж маргаад бага ах маань дийлж, Улиастайн бага сургуульд оруулсан. Лам дээлтэй жаахан хүүхэд сургуульд орж байлаа. Би Багшийн сургууль, дараа нь МУИС төгсч монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшсэн. Аймгийнхаа Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн сургуульд багшаас нь захирал хүртэл есөн жил ажиллаад 1960 онд Улаанбаатарт орж ирсэн. Тэгээд намын ажилд шилжсэн дээ. МАХН-ын төв хороонд Өмнөговь, Дундговь аймаг хариуцсан зохион байгуулагч хийж, сарын 20 хоног хөдөө ажиллаж байлаа. 1961 оноос Төв хорооны Соёл, үзэл сурталын хэлтэст зохион байгуулагчаар ажиллах болсон. Энд байхдаа сонгуульт ажил гүйцэтгэсэн.

Залуу халуун ч байж. Гэрт орох завгүй явсан даа. Хоёр жилийн өмнө нутгаараа явсан. Хөгжиж гавиагүй байна билээ. Донойн хөндийд онгоцны буудал барьж байна. Борхын гол гэж их жимстэй нутаг байлаа. Завханд улаан сармис гэж аагтай эд байсан. Одоо байхгүй болжээ. Нэг авууштай юм нь газраа хөндүүлээгүй шахуу юм билээ. Манай нутагт баялаг ч бий.

-Таныг “Соёлын довтолгооны мэргэжилтэн” гэж ярьдаг байсан гэдэг. Ямар учиртай юм бэ?

-Би Төв хорооны үзэл сурталын хэлтэст ажиллаж байхдаа нөгөө түүхэнд яригддаг соёлын довтолгооны ажлыг жинхэнэ гүйцэтгэж явсан хүн. Тиймээс хэлэгдэх болсон хэрэг. Орон даяар улаан тарианы ажил дөнгөж шувтраад улсаас ард иргэдийнхээ ахуйн соёлыг дээшлүүлэх зорилт тавигдаж, 1960 оноос эхлүүлсэн. Үүнийг “Соёлын довтолгоон” гэж нэрлэх болсон юм. Энэ тухай ярих хэрэг байна уу даа. Түүхэн талаасаа сонин байх болов уу л гэсний үүднээс ярьж байна шүү. Анх Төв хорооны тогтоолоор энэ ажлыг хоёр жилээр зарлаад дараа нь гурваас дөрвөн жил үргэлжлүүлсэн юм. Эхэн үедээ хэлбэрийн төдий юм их байсан. Хөдөө хоёр хөгшин оо, сойз хэрэглэж мэддэггүй. Түүнийгээ шалгалт ирэхэд үзүүлчихээд далд хийчихдэг байх жишээтэй. Тухайн үед хөнжил нөмөрдөг хүн бараг байгаагүй юм. Гар нүүрийн алчуур ч байхгүй. Нүүр гараа угаачихаад дээлийнхээ хормойгоор арччихдаг байсан юм шүү дээ. Бүх нийтийг урлаг, спортод хамруулах гэж их чармайна. Иргэдийнхээ бие бялдарыг хөгжүүлэхийн төлөө гимнастик хийлгэнэ. Саяхан болтол энэ ажил хот хөдөөгүй хийгддэг байсан. Албан байгууллага, сургууль, цэцэрлэгт өглөө, өдөр бүх нийтээрээ гимнастик хийдэг байлаа. Клуб, улаан буланд соёл олон нийтийн ажил байнга зохиогдоно. Тэр үед мэдээлэл тун ховор байсан. Монголчуудыг соёлжуулсан гавьяатай нэг юм нь “Эх орон-52” гэж радио байлаа. Тэр нь бас ховор. Түүгээр эх орондоо болж байгаа үйл явдлыг сонсоно доо. Хойч үеийнхэн өмнөх түүхээ мэдэж байх хэрэгтэй. Энэ улс эх орныг чинь өдий зэрэгт авч ирэхэд хялбар байгаагүй гэдгийг мэдээсэй гэсэн үүднээс нь сонирхуулж байна. Соёлын довтолгоон монголчуудад их юм өгсөн дөө.

-Завхан нутгийн залуу Улаанбаатарт ирж, Төв хорооны Үзэл сурталын хэлтэст ажиллахыг бодоход та их ажил хэрэгч хүн байж дээ?

-Тийм байсан юм уу даа. Сургуулийн захирал хүн намын гишүүн байх ёстой гээд намд элсүүлж байсан юмдаг. Нэг юм сонирхуулахад би 1949 онд 22 настайдаа Улсын IX их хуралд төлөөлөгчөөр оролцлоо. Хурал дээр үг хэлмээр санагдаад болдоггүй. Нэрээ өгчихлөө. Мань мэтийн хүнийг үг хэлүүлэхгүй урьдаар үзэж шалгадаг юм л гэж байна. Хурлын завсарлагаанаар манай аймгийн намын хорооны дарга Дандар гэдэг хүн хүрч ирээд “Чи үг хэлэх гэсэн юм уу. Алив үгээ үзүүл” гэлээ. Уншиж үзчихээд яваад өглөө. Хурал эхэллээ. Тэгтэл миний нэрийг дуудаж үг хэлнэ гэдэг байгаа. Нөгөө том индэр дээр нь гарлаа. Г.Бумцэнд, Х.Чойбалсан. Ю.Цэдэнбал,С.Удвал, С.Янжмаа гуай нар хараад л сүрдэж байлаа. “АИХ гэхийг АИХ-ын чуулган гэж нэрлэх нь зүйтэй. Хөдөөгийн нэг депутат 2500 биш 3000 хүний дундаас сонгох хэрэгтэй” гэж хэлсэн. Хурлын төгсгөлд нөгөө дарга нар үг хэлж, ихэнх нь миний саналыг дэмжсэн. Түүнээс хойш миний санал болгосон “чуулган” гэдэг үг одоо хүртэл хэрэглэгдэж байгаа юм даа. Сонин байгаа биз.

-Та тамирчин байв уу. Спорттой хэрхэн холбогдсон юм бэ?

-Намын төв хороонд соёлын хэлтсийн орлогч эрхлэгч байхад миний гол ажил спорт, биеийн тамир байлаа. Энэ ажлыг 1961 оноос хариуцаж ажилласан. Яамдын дэд сайд нар энэ ажлыг хариуцдаг байсан. Улсаас ихээхэн анхаарч байсан даа. Тэгээд 1969 оноос МБТСТЗ-ийн дарга бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгч болсон. МБТСТЗ өргөн эрх мэдэлтэй байлаа. Гавьяат тамирчин, спортын мастер цол тэмдгийг олгодог байсан. 1972 оноос АИХ-ын зарлигаар олгодог болсон юм. Ингэж залуу наснаасаа биеийн тамир, спортын ажил зохион байгуулж, спорттой амьдралаа холбосон түүхтэй хүн дээ.

-Ш.Магван гэдэг хүн манай сэхээтнүүдийн нэгэн үеийн хэлмэгдүүлэлтэд өртөж явсан гэдэг. Чухам юунаас болсон юм бэ?

-1978 оны зургадугаар сард юмсан. Төв хорооноос БТС-ийн удирдлагын намч бус хариуцлагагүй үйл ажиллагааны тухай гэсэн тогтоол гарсан. Тэр үед “Хоёр Мөнх” ид барилдаж байсан. Тогтоолд үндэсний үзлийг таслан зогсоож чадаагүй, Ж.Мөнхбатад “Халх даяар дуурсагдах” чимэг өгсөн, Зөвлөлт Монголын найрамдалд сэв суулгасан байсан. Тэр их сонин. Нэг амралтын өдөр гэртээ зурагтаар бөхийн барилдаан үзээд сууж байхад Ж.Мөнхбатад “Халх даяар дурсагдах” чимэг өгөөд дуудуулж байсан. Тэр тэмцээнийг манай нягтлан бодогч Цэдэв зохион байгуулсан байсан. Би түүнд “Ингэж болохгүй. Дүрэм журамтай. Одоо залруул” гэж хэлсэн. Маргааш нь “Үнэн” сонинд залруулаад бичжээ. Тэр үед муу юмыг өлгөөд авах хүн олон байсан даа. Нэг шалтгаан нь манайд Самбо бөхийн олон улсын тэмцээн болсон юм. Шүүгч Ч.Машбат олон улсын шүүгчдийн холбооны гишүүн байсан. Тэрбээр ЗХУ-ын шүүгчид будилаантай шүүлээ. “Буцсан нь дээр” гээд хэлчихсэн юм билээ. Үүнээс болоод хоёр орны найрамдалд харш зүйл хийсэн гэгдсэн. Өөр нэг явдал нь чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Магсар Зөвлөлтийн тамирчинтай барилдаж байгаа тамирчиндаа “Юунаас нь айсан юм бэ. Хусаад бай” гээд хэлчихжээ. Үүнийг МБТСТЗ-ийн удирдлага намч ёсоор зохион байгуулаагүй гээд шалгалт ирүүлсэн. Х.Баянмөнх аварга Ю.Цэдэнбал даргад 13 хуудас өргөдөл ирүүлсэн байлаа. Тэр өргөдөл дээр Ю.Цэдэнбал дарга улаан харандаагаар “Лувсанравдан даргад үүнийг шалгаж, УТТ-д тогтоол оруул” гэж цохжээ. Аварга өргөдөлдөө “Намайг бага ястан гэдэг. Мөнхбат дарамталдаг” гэх мэт олон гомдол дурдсан байв. Шалгалт хэргийг гүнзгийрүүлэх маяг ажиглагдаад байсан. Биднийг буруутгах гэж 13 хүнээр гарын үсэг зуруулах гэж барьж явсан байдаг. Т.Артаг начин “Би зурахгүй” гээд зу¬раагүй байдаг. Тэгээд 1978 оны зургадугаар сарын 1-нд хүүхдийн баяр тэмдэглээд явж байтал 14:00 цагт УТТ дээр хуралд дуудагдсан. Хурал шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилсэн. Хурлын өмнө “Хоёр жилийн дараа Москвагийн олимп болно. Магваныг ажилд нь үлдээе” гэж ярьж байсан юм билээ. Гэвч намайг намаас хөөхийг сануулж шийтгэл оногдуулж, Улсын прокурорт шилжүүлсэн.

-Төв хорооноос шийтгэл хүлээсэн хүн дарамтад орж байв уу?

-Тийм юм гайгүй байсан. Ажилд орох л гэж жаахан цаг алдсан. Намайг ХХҮЯ-ны мэдэлд өгсөн. П.Дамдин сайд байсан. Төмрийн заводын даргаар тавих гэсэн чинь “Ш.Магванг 800 төгрөгийн цалинтай ажилд тавих гэлээ” гэж матаас ороод больсон. Дараа нь Шаазангийн үйлдвэрийн даргаар тавих гэсэн чинь ажилчид нь хуучин даргаа явуулахгүй гэж хэл ам хийсэн. Гэтэл П.Дамдин сайд хуучин даргыг нь яамандаа дэвшүүлэн ажилд авч намайг дагуулж очин танилцуулж би Шаазангийн үйлдвэрийн дарга болж байлаа. Энэ үйлдвэрт 21 жил ажилласан шүү. Сайхан хамт олонтой байсан даа. Их ч юм бүтээсэн. Энд ажиллаж байх хугацаанд Улсын прокуророос ганц ч дуудаагүй. Хожим хойно нэг өдөр гэнэт шүүх дээр дуудсан. Яваад очтол “Та хэдэн төгрөгийн цалин авдаг вэ” гэж байна. 800 төгрөгийн цалин авдгаа хэллээ. “Маргааш шүүх хуралтай” гэлээ. Тэгээд маргааш нь шүүх хурал болж, намайг сарын цалингаар торгож би цагаадсан. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байхдаа спортоо огт орхиогүй. Манайд амжилт үзүүлсэн тамирчдадаа өгөх юм байдаггүй байсан. Тэгэхэд шаазан цом олон янзаар хийж өгч байлаа. Би улс эх орон, хамт ажиллаж явсан нөхдөдөө их баярладаг юм. Би улсаас авах юм аа авсан гэж боддог. Есөн сайхан хүүхэд төрүүлснийхээ буянд ах нь жаргаж явна аа. Одоо 20 зээ, 21 ачтай, 50 шахам бүл өнөр өтгөн амьдарч байна даа.

-Та ОУОХ-ны гишүүн. Энэ нэр хүндтэй байгууллагад хэрхэн сонгогдов?

-1977 онд ОУОХ-ны гишүүнээр, 2007 онд хүндэт гишүүнээр сонгогдсон. Би ОУОХ-г Монгол Улсад төлөөлж суугаа хүн. Аливаа юманд их учир бий. Би Монголынхоо биеийн тамир, спортын хороог толгойлж байхдаа олон газар явж, олон хүнтэй танилцжээ. Спортод элэгтэй сэтгэлтэй явсны гэрч юм уу даа. 1969 оноос хойш Азийн хэмжээнд гүйцэтгэсэн үүргийг минь үнэлж сонгосон. ОУОХ-ны 100 гаруй гишүүн, 20 гаруй хүндэт гишүүн байдаг. Хүндэт гишүүн хуралд оролцох, саналаа хэлэх үүрэгтэй. Харин таслах эрхгүй. Жил бүрийн чуулганд очиж оролцоно. Олимпийн их хурал гэж том хурал есөн жилд нэг удаа болно. 1936-1973 онд завсарласан юм.

-Энэ хугацаанд олон олимпд оролцсон байж таараа?

-“Саппоро-72”-оос эхлээд өвөл, зуны 22 олимпийн наадамд оролцжээ. Мөн Азийн наадам, Зүүн Азийн наадамд бас оролцсон. Олимп байгаа хотод очоод бүх тэмцээн уралдааныг үзнэ гэж байхгүй. Нээлт, хаалтад нь оролцоно. Бидэнд нэг тэмцээнийг ерөнхийд нь ажиглах маягаар хариуцуулна. Энэ жил гэхэд өөрсдийнхөө медаль авч байгаа тамирчид дээр очсон. Эх орондоо ирэхэд манайхан бүгдийг нь үзчихсэн, явсан биднээсээ илүү өргөн мэдлэгтэй байгаа нь бахархууштай байсан. Би дэлхийн 80 гаруй оронд очсон.

-ОУОХ-ны ерөнхийлөгч гишүүдтэйгээ хэр дотно харилцаатай вэ?

-Танил байлгүй яах вэ. Гишүүд бидэнд “Тэтгэвэрт гарлаа. Хийж чадахгүй нь” гэж хэлэх эрх байхгүй. Өмнөх ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчтай найз байсан гэж хэлж болно. Бид хоёр их дотно байсан даа. Тэр их дөлгөөн, дипломатч, бизнесмэн хүн байсан. Өмнө нь Майкл Килланин гэдэг хүн ерөнхийлөгчөөр найман жил ажиллаад 1980 онд Самаранчид өгсөн. Түүнийг ажил авахад ОУОХ маш хүнд байсан. Улстөржсөн, эдийн засгаар гачигдсан. Улс орнууд олимпийн наадамд оролцохгүй хуваагдаж байлаа. Москва, Сөүлийн олимпийг тасалдуулах гэсэн оролдлого хийж байлаа. Тэр бүгдийг Самаранч зохицуулсан. 1988 оны Сөүлийн олимп маш төвөгтэй байлаа. БНАСАУ-ыг болон эмэгтэй тамирчдыг оролцуулах талаар их ажил хийсэн юм шүү. Социалист орнуудад өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзсэн хүнд үе. Тэгэхэд Самаранч Сөүлд есөн удаа очиж зохицуулсан юм шүү дээ. Тэр мундаг дипломатч байсан. Испаниас Москвад суух Элчин сайд байсан. Тэр үедээ Москвагаас Монголыг төлөөлж байлаа. Манай улсад хоёр ч удаа ирсэн. Би тэр хүнийг хүлээж авч хүндэтгэл үзүүлж явсан даа. Самаранч 24 жил ерөнхийлөгчөөр ажиллахдаа ОУОХ сайн бэхжүүлж чадсан. Одоогийн ерөнхийлөгч Жак Роггетэй би танил аа.

-Танд ойрын үед оролцох хурал зөвлөлгөөн байгаа юу?

-Ирэх онд БНХАУ-ын Тяньжинд Зүүн Азийн наадам болно. Үүнд есөн орон орох юм. Ирэх оны есдүгээр сард Аргентиний нийслэл Буэнос-Айрест ОУОХ-ны чуулган болно. Мөн өсвөр үеийнхний өвлийн олимп болно. Түүнд оролцоно доо. Оролцох яах вэ. Эх орноо сурталчлах, Монголын тамирчид гэж ийм хүчирхэг байдаг гэдгийг л гадныханд харуулахыг зорино шүү дээ.

Н.ЛХАГВА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж