Косовогийн парламент 2008 онд Сербиэс салан тусгаарлаж буйгаа зарласан билээ. Харин Серби нь Косовог НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1244 дүгээр тогтоолын дагуу байгуулсан түр захиргаагаар удирдуулж буй, өөрийн орны өмнөд хэсгийн нэг муж гэж үздэг. Иймээс Сербийн засаг захиргаа, мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин олон улсын тавцанд энэ асуудалд эсрэг, тэсрэг байр суурьтай байдаг. Гэвч сүүлийн үед хоёр талын үл ойлголцлоос болж, Сербийн хил дээр халдлага, мөргөлдөөн гарах нь ихэссэн байна. Тиймээс Сербийн Ерөнхий сайд Ивица Дачич, Косовогийн Ерөнхий сайд Хашим Тачи нар өчигдөр Брюссельд анх удаа уулзсан байна. Тэдний уулзалтыг Европын холбооноос зуучилсан бөгөөд уулзалтыг Европын холбооны гадаад харилцааны дарга Кэтрин Эштон даргалжээ. Одоогоор уулзалтын үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч Кэтрин Эштоны мэдэгдсэнээр хоёр талын Ерөнхий сайдууд цаашдаа олон удаа уулзаж, маргаантай асуудал болон хүн ардын тайван амьдралыг хангах талаар яриа, хэлэлцээ хийх гэнэ.
Б.АНХТУЯА